Францын шигшээ багийг удирдаж 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Дидье Дешам удалгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө зарлалаа.
Тэрбээр ирэх жил АНУ, Канад, Мексик улсуудыг дамнан зохион байгуулагдах ДАШТ-ий дараагаас Францын шигшээ багийг дасгалжуулахаа болино гэв.
Өдгөө 56 настай түүний хувьд 2012 оноос хойш Францын шигшээд дасгалжуулагчаар ажиллаж буй.
Дешам аль хэдийн Францын багийг хамгийн олон жил удирдсан дасгалжуулагчаар тодроод байна.
Тэрбээр Францын TF1 телевизэд өгсөн ярилцлагадаа "Би 2026 он гэхэд одоогийн ажлаа хүлээлгэж өгнө гэж тодорхой шийдээд байна. Францын шигшээ багийн боломжит хамгийн өндөр түвшний формыг тогтвортой хадгалах гэсэн хүсэл тэмүүлэлдээ багагүй хугацааг зориуллаа. Хүн цаг нь ирэхэд дассан зүйлээсээ татгалзаж чаддаг байх учиртай. Надад ч бас цаг заваа бүрэн зориулах үүрэг хүлээсэн хувийн амьдрал бий шүү дээ. Хамгийн чухал нь Францын шигшээ баг надаас хойш ч гэсэн олон жилийн туршид дэлхийн хөлбөмбөгт ноёрхох ёстой. Би тийм систем, нөөц бололцоог багтаа үлдээхийг хичээнэ” гэжээ.
Тоглогч ахуй үедээ хагас хамгаалагчийн байрлалд өрсөлдөж байсан Дешам 1998 оны ДАШТ-д тоглогчийн хувиар түрүүлж байсан бол хожмоо Марио Загалло, Франц Беккенбауэр нарын амжилттай эн зэрэгцэн тоглогч, дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон гурав дахь хүнээр тодорсон юм.