Индонезийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Нидерландын шигшээ баг болон “Барселона” клубийн хуучин довтлогч Патрик Клюйверт томилогдов.
Өдгөө 48 настай тэрбээр Өмнөд Солонгос дасгалжуулагч Шин Тэ Ёны халааг залгамжилснаар Азийн хөлбөмбөгт шинэ эринг эхлүүлэх итгэл найдварын тулах цэг болж байна.
Индонезчүүд домогт эрийн удирдлагад ирэх жилийн ДАШТ-д оролцох том зорилгыг өвөрлөж байгаа юм.
“Аякс” клубийн хамтаар Аваргуудын лигт түрүүлж, мөн Премьер лигийн “Ньюкасл” багийн төлөө хүчин зүтгэж байсан Клюйверт Индонезийн шигшээтэй сунгах бололцоо бүхий хоёр жилийн гэрээг үзэглэжээ.
Зүүн өмнөд Азийн бүс нутагт харьяалагддаг Индонезийн хөлбөмбөгийн шигшээ баг нь 1938 онд ганцхан удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
Клюйверт Индонезийг удирдах эхний тоглолтоо гуравдугаар сард Австралийн эсрэг хийхээр зэхэж байна.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатнаа зургаан багтай хэсгээс эхний хоёр баг шууд оролцох эрхээ авах бол дараагийн хоёр нь ахин өөр багуудтай сонгон шалгаруулалтын тоглолтыг хийх учиртай.
ФИФА-гийн чансааны 127-р байрт эрэмблэгдэж буй Индонезийн шигшээ баг урьдчилсан шат өндөрлөхөд дөрвөн тоглолт дутуу байгаа энэ үед хэсгийнхээ гуравдугаарт бичигдэж байна.
Тэдний хувь заяаг шийдэх чухал дөрвөн тоглолт үлдээд буй.