UBLife Logo
Дэлхий

Дональд Трампад Гренланд, Панамын суваг ямар хэрэгтэй вэ?

Дональд Трампад Гренланд, Панамын суваг ямар хэрэгтэй вэ?

Долоон хоногийн дараа тангараг өргөн, үүрэгт ажилдаа орох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд хэд хэдэн орны газар нутгийг эзлэн түрэмгийлэх санаархал гаргаж, мэдэгдэл гаргаад байна. Гэхдээ бүр түнш орнуудаасаа шүү. Трамп Канадад АНУ-ын муж болох санал тавьж, Даниас Гренландыг зарахыг шаардаж, Панамын сувгийг Америкийн мэдэлд авна гэж тунхаглалаа.

Канад: Бид хүчирхэг улс

Дональд Трамп олон нийтийн сүлжээнд “Ихэнх канадчууд АНУ-ын 51 дэх муж болохыг хүсдэг. Бид Канадтай хийж байгаа худалдааны алдагдлыг дахин тэвчиж чадахгүй. Жастин Трюдо үүнийг мэдээд огцорсон юм” гэж бичсэн билээ. Түүний бодлоор АНУ, Канад улсууд нэгдвэл татвар буурч, худалдааны тариф байхгүй болон, ОХУ, Хятадаас бүрэн хамгаалагдсан агуу нэгэн улс төрөх гэнэ. Үгүй бол Трамп ажилд орсон эхний өдрөө Канадын бараанд 25 хувийн татвар оногдуулах тушаалд гарын үсэг зурахаар заналхийлжээ. Канадын ГХЯ-ны сайд Мелани Жоли хариуд нь “Канад улс яагаад хүчирхэг байдаг талаар Трамп өчүүхэн ч ойлголт алга. Манай эдийн засаг хүчтэй. Манай ард түмэн хүчтэй. Бид ямар ч аюулаас айхгүй” гэж мэдэгдсэн.

Одоогоор албан тушаалаа өгөөгүй байгаа Ерөнхий сайд Трюдо “Канад хэзээ ч АНУ-ын нэг хэсэг болохгүй” гэж мэдэгдсэний дараа Илон Маск, Трамп хоёр түүнийг “Охин минь, чи Канадын амбан захирагч байхаа болисон. Одоо чиний бодол хэний ч сонирхлыг татахгүй” гэж доромжилсон юм. Тусгаар улсын Ерөнхий сайдыг мужийн амбан захирагч гэж нэрлэж байна гээд бод.

Дани: Гренландыг хэзээ ч зарахгүй

Дэлхийн хамгийн том арал болох Гренланд нь Дани улсын эзэмшилд байдаг. Зул сарын өмнө Трамп “Гренландыг эзлэж, хяналтдаа байлгах нь АНУ-ын чухал хэрэгцээ, шаардлага” гэж хэлсэн. Хариуд нь Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде “Гренланд манай нутаг. Бид хэзээ ч зарагдахгүй, хэзээ ч нутгаа зарахгүй. Эрх чөлөөний төлөөх олон жилийн тэмцэл үнэгүйдэх ёсгүй” гэж мэдэгджээ. Гренландыг эзэмшигч Дани улс энэ сөргөлдөөний дараа Гренландын батлан хамгаалалтад илүү хөрөнгө зарахаа мэдэгдсэн. Данийн Эзэн хаан Фредерик Х ард түмэнд хандсан Шинэ жилийн мэндчилгээндээ “Дани, Гренланд хоёр үргэлж хамт байх хувь заяатай” гэж хэлсэн юм.

Трампын хүү Дональд энэ сарын 7-нд хувийн онгоцоор Гренландын нийслэл Нуукт очсон. Хувийн ажлаар гэж сэтгүүлчдэд мэдээлсэн ч яг тэр өдөр нь Ерөнхийлөгч аав Трамп “Гренланд бидэнд эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс шаардлагатай. Гренландыг авах гэж цэрэг дайны ажиллагаа явуулахгүй гэж би амалж чадахгүй. Ямар нэг юм хийж ч магад” гэсэн нь сүрдүүлэг байлаа. Энэ заналхийллийг Европын улс төрчид эсэргүүцэн, Европын холбооны нутаг дэвсгэрт довтлохыг хэнд ч хүлээн зөвшөөрөхгүй гэж зарласан. Трамп 2019 онд Гренландыг худалдан авахыг санаархсан ч тэр үеийн Гренландын Ерөнхий сайд Ким Кильсен “Бид зарагдахгүй” гэж мэдэгдсэн бол данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Трампын саналыг тэнэг зүйл гэж нэрлэсэн. Хариуд нь Трамп Копенгагенд хийх айлчлалаа цуцалж байлаа. Яагаад Гренланд Америкт тийм их хэрэгтэй юм бэ?

Юуны өмнө Гренланд нь Хойд Америкаас Европ орох хамгийн дөхөм замд байдаг нь стратегийн чухал ач холбогдолтой. Хоёрдугаарт, нефть, уранаас гадна неодим, празеодим, диспрози, терби гэсэн газрын ховор элемент маш их. Уур амьсгалын дулаарлын ачаар цас хайлж, олборлоход хүндрэлгүй болсон ажээ. Энэ бүс нутагт эртхэн хяналтаа тогтоосноор ОХУ, БНХАУ-ын нөлөөг багасгах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Панам: Энэ сувгийн метр бүхэн Панам улсын өмч

Атлантын далайг (Карибын тэнгисээр дамжин) Номхон далайтай (Панамын булангаар дамжин) холбодог, эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой усан суваг. 1999 он хүртэл АНУ-ын мэдэлд байсан ч одоо Панам улс эзэмшиж байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 21-нд Трамп Панамыг суваг ашигласны төлбөр гэж “маш” өндөр татвар авч байгааг буруутгаад үгэнд орохгүй бол сувгаа буцаагаад авна шүү гэж сүрдүүлсэн билээ.

АНУ-ын аюулгүй байдал, эдийн засагт чухал энэ сувгийг Хятадын нөлөөнд алдахаас эмээж байгаа нь мэдэгдэж байв. Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино “Энэ сувгийн метр бүхэн Панам улсад харьяалагддаг. Хятадад ямар ч хамаагүй. Панамын суваг бол Панамын өмч” гэж хариу барьснаар сөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.