UBLife Logo
Спорт

Улаанбаатар хотноо болох 3х3-ийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой ЗУРГААН зүйл

Улаанбаатар хотноо болох 3х3-ийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой ЗУРГААН зүйл

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6-р сарын 23-29-ний өдрүүдээр болох сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ-д 27 улсын 40 баг хүч сорихоор зэхэж байна.

Энэ наадам угтаа “Парис-2024” олимпоос хойших хамгийн том тэмцээн билээ. Тэгвэл үзэгч, сонирхогч хэн бүхэн энэ наадмаас ямар тоглолтыг алдалгүй үзэх, юуг зайлшгүй анхаарах ёстой вэ гэдгийг танилцуулья.


#1. Залуу дэмжигчдийн халуун эрч

Юун түрүүнд Монгол гэдэг 3х3-ийн төрөлд хүчирхэг шигшээ багтай төдийгүй залуу, халуун дэмжигчидтэй улс билээ. Үүний нотолгоо нь Монголчуудын дотор 18-34 насныхан энэ спортыг түлхүү шимтэж үздэг гэсэн судалгааны дүн юм.

Монголчууд багийн төрлөөр анхлан олимпод оролцохдоо энэ л спортоор тэрхүү түүхэн ахиц дэвшилдээ хүрсэн. Иймээс л ДАШТ-ийг хүлээн авах ес дэх хотоор Улаанбаатар сонгогдсон болов уу.

Та бүхнийг зөвхөн өөрсдийн шигшээ багаа эрчлэн дэмжихээс гадна дэлхийн шилдэг багуудын сонирхолтой тоглолтуудыг алдалгүй үзэхийг зөвлөе.


#2. Түүхэн том амжилтын өмнө

Бид эх орондоо насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээн авснаар 3х3 төрлийн бүх түвшний тэмцээнийг нутагтаа зохион байгуулсан анхны улс Монгол болно. Шуудхан хэлэхэд, Монгол бол 3х3 төрлийн спорт хамгийн хурдацтай хөгжиж буй хүчирхэг гүрэн гэдгийг дэлхийн дахинаа тунхаглана гэсэн үг.

Улмаар залуу хойч үеийнхэн маань урам зориг авч, ирээдүйн шилдэг тамирчид болохын төлөө хичээх болно. Аливаа үйл ажиллагаа олон жилийн хойно ч үр өгөөжөө өгч болохыг бид олон алдартай тамирчдын түүхээс харж л байна шүү дээ, өдгөө.

Үндэсний шигшээ багууд маань ч урьдын амжилтаа эх орныхоо талбайд ахиулахын төлөө тоглох нь гарцаагүй биз ээ.


#3. Эмэгтэйчүүдийн алдаж боломгүй тоглолтууд

Дэлхийн шилдэг багуудын эн тэнцүүхэн өрсөлдөөнийг гэрчлэх түүхэн мөчийг бид удтал хүлээх шаардлагагүй билээ.

Тэмцээний эхний тоглолт л гэхэд дэлхийн чансааг тэргүүлж буй Хятад болон Азийн цомын таван удаагийн аварга Австралийн хооронд өрнөнө.

Мөн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий “В” хэсэгт эл тэмцээнд гурвантаа түрүүлсэн АНУ, мөн Нидерланд, Чех, Япон, Бразил багууд хуваарилагдсан тул үүнийг "Үхлийн хэсэг" хэмээн нэрийдэж буй.

Харин “С” хэсэгт 2022 оны ДАШТ-ий шигшээд тааран тоглосон Франц, Канадын багууд ахин хоорондоо өрсөлдөх юм.

Тэгвэл “D” хэсэгт “Парис-2024” олимпын алтан медалийн төлөө өрсөлдсөн Герман, Испанийн багууд ахин хоорондоо тоглоно. Энэ хэсэгт Монголын багаас гадна Украин, Чилийн шигшээ мөн бий.

Эцэст нь зөвлөхөд, хасагдах шатны ямар ч тоглолтыг алдаж боломгүй, үнэн хүчийг сорьсон, сэтгэл хөдөлгөхөөр өрнөдөг билээ.


#4. Эрэгтэйчүүдийн алдаж боломгүй тоглолтууд

Дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн шигшээ 6-р сарын 24-ны өдөр Азийн цомын аварга Австралийн багтай хүч сорино. Сербичүүд энэ тэмцээнд долоо дахиа түрүүлэхээр ногт ганзаглаж ирэх нь гарцаагүй юм.

“В” хэсгийг 2019 оны дэлхийн аварга АНУ, “Токио-2020” олимпын аварга Латви гэсэн хүчирхэг багууд толгойлж байна. Энэ хэсэгт Монгол, Япон, Монтенегро гэсэн битүү морьд бий.

“C” хэсэгт нутгийнхаа олимпод үзүүрлээд буй Францын багаас гадна Хятад, Австри, Пуэрто Рико, Канадын багууд багтжээ.

"D" хэсэгт олимпын аварга Нидерланд, олимпын хүрэлтэй Литв тэргүүтэн буй.


#5. Ялалтын замнал

Та бүхэн дээр дурдсан амжилтын замналаас ямархан хүчирхэг гүрнүүд Монгол Улсад чуулж буйг мэдсэн биз ээ. Эрэгтэйчүүдийн төрөлд Серби зургаа түрүүлж, тэдний энэ ялгуусан амжилтад 2014 онд Катар, 2019 онд АНУ-ын баг л зай оруулсан.

Харин түрүүлж чадаагүй ч хоёронтоо финалдсан нь Нидерланд, нэг финалдсан нь Франц, Латви, Литв юм.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ гурвантаа түрүүлж, Франц, Орос, Хятад, Чех, Италийн багууд тус бүр нэг удаа түрүүлээд буй.

Түрүүлж чадаагүй ч хоёронтоо финалдсан нь Унгар, нэг финалдсан нь Украин, Канад юм.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д тав дахь удаагаа өрсөлдөнө. Тэд 2018 онд шигшээ наймд шалгарсан нь энэ тэмцээний хамгийн өндөр амжилт билээ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д дөрөв дэхиэ оролцохоор зэхэж байна. 2022 оны ДАШТ-ийг 12-р байраар өндөрлүүлсэн нь одоогоор манай багийн хамгийн өндөр амжилтад тооцогддог.


#6. Завсарлагаанаар ч уйдаахгүй Urban Festival

Та бүхэн 3х3-ийн дэлхийн шилдэг баг, тамирчдын үнэн хүчийг сорьсон сонирхолтой тоглолтуудыг гэрчлэхээс гадна олон улс үндэстний хоол амталж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй шинэ, адал сонин спортын төрлүүдийн тэмцээнийг давхар үзэж, нээлттэй хичээлд хамрагдах боломжтой.

Сүхбаатарын талбайд явагдах энэхүү тэмцээнийг дотор нь орж үзэх бололцоотой төдийгүй гаднаас нь дэлгэцээр дуу, дүрсний өндөр чанартайгаар сонордож, дэмждэг баг, тамирчдынхаа тоглолтыг эрчлэн уухайлаарай.

“Urban Festival”-д хүрэлцэн ирснээр та crossfit, skateboard, breakdance, extreme e-bike, salsa dance зэрэг олон сонирхолтой спортын төрлүүдтэй танилцаж, энэ хэдэн өдрийг дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.