2025 он бол "Милан-Кортина-2026" Өвлийн олимпийн XXV наадам,"АНУ-Канад-Мексик 2026" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээний өмнөх жил гэдгээрээ онцлог. Тэгэхээр шинээр айлчилсан 2025 оны хамгийн том спортын тэмцээн нь зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 13-нд болох ФИФА-гийн Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Дэлхийн тив, бүс бүрээс шалгарсан хөлбөмбөгийн 32 шилдэг баг АНУ-ын 11 хотод бүтэн сарын турш өрсөлдөх юм.
Мэдээж дараа нь спортын "Хатан хаан" гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ. Хоёр жилд нэг болдог, оролцох орон, тамирчид, үзэгчдийн тоогоор аргагүй спортын гол үйл явдалд тооцогддог. 20 дахь удаагаа зохиогдох Хөнгөн атлетикийн ДАШТ Японы Токио хотноо есдүгээр сарын 13-21-нд болно. Мэдээж Швейцарьт долдугаар сарын 2-27-нд болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн олны анхаарлын төвд байх нь ойлгомжтой.
Манай Монголын спорт сонирхогчдын анхаарлыг хоёрдугаар сарын 7-14 -нд БНХАУ-ын Харбин хотноо болох Азийн өвлийн спортын IX наадам, есдүгээр сарын 10-25-нд Бахрайны Манама хотноо болох Азийн залуучуудын зуны наадам, мөн зургадугаар сарын 13-20-нд Унгарын Будапешт хотноо болох Жүдогийн ДАШТ, есдүгээр сарын 13-21-нд Хорватын Загребт болох чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ, есдүгээр сарын 4-14-нд Английн Ливерпүүл хотноо болох World Boxing холбооны ДАШТ, 11 дүгээр сарын 6-16-нд Египетийн Каир хотноо болох буудлага спортын ДАШТ, аравдугаар сарын 1-12-нд Норвегийн Фордед зохиогдох Хүндийг өргөлтийн ДАШТ, есдүгээр сарын 5-12-нд БНСУ-ын Куанжүд болох Байт харвааны ДАШТ, есдүгээр сарын 21-28-нд Руанда улсын Кигалид зохиогдох Дугуйн ( замын) ДАШТ, мөн есдүгээр сарын 10-23-нд Унгарын Будапешт хотноо болох 45 дахь удаагийн Шатрын олимпиад, долдугаар сарын 16-27-нд Германд болох Дэлхийн оюутны зуны "Универсиад" наадмууд татах биз ээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин