UBLife Logo
Дэлхий

Фото: Дональд Трамп тангараг өргөхдөө юу амлав?

Фото: Дональд Трамп тангараг өргөхдөө юу амлав?

Засгийн эрхэнд буцан ирсэн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол дээр хэлэх үг дэлхий нийтийн анхааралд байлаа. Юуны өмнө тэрээр ард түмэндээ “АНУ-ын алтан үе”-ийг дахин авчирна гэж амаллаа. Түүний хэлсэн үг амлалт, эргэлзээ дүүрэн байсан ч ямар ч гэсэн шинэ Ерөнхийлөгчийн боломж, тулгарах бэрхшээлүүдийг онцолж харуулж өглөө.

Трамп хамгийн гол анхаарлаа цагаачлал, эдийн засагт хандуулсан. Энэ бол өнгөрсөн жил америкчуудын сэтгэлийг хамгийн их зовоосон зүйл байсан юм. Мөн хуучин Засгийн газрын хүйсийн олон талт хөтөлбөрийг зогсоож, “АНУ-ын албан ёсны бодлого эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг сонсоод түүнийг дэмжигчид удтал алга ташин дэмжсэн нь Трампын ирэх жилүүдэд хэнтэй сөргөлдөхийг яруу тод харуулж өглөө.

Шинэ сайхан үе АНУ-д юу авчрахыг ярихаасаа өмнө Трамп одоогийн Америкийн улс төрийн хямрал, сүйрлийн талаар хүүрнэж, Жо Байден тэргүүтэй ардчилагчид баргар царайлан сонсож суув. 2020 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэнийх нь төлөө Хууль зүйн яамыг ашиглан, өөрийг нь хэлмэгдүүлж, мөрдөн мөшгөснийг дурслаа. Өнгөрсөн засгийн улс төрчид авлигад автаж, Америкийн ард түмнийг мөлжиж байсан гэж ярив. Зарим үг нь популист, хийрхэл мэт санагдаж байсан ч энэ удаад Трампын ар талд дэлхийн хамгийн нөлөөтэй, баян хүмүүс зэрэгцээд сууж байсныг онцлох ёстой.

Ажлын эхний өдрөө л зуу гаруй тушаал, зарлиг гаргана гэж олны анхаарлыг татсан Трамп заримыг нь тодорхой танилцууллаа.

Эрчим хүч, цагаачлалын салбарт онц байдал тогтоож, АНУ-ын армийг өмнөд хэсэгт байрлуулж, хууль бус дүрвэгчдийг хязгаарлана. Байгалийн баялаг, ашигт малтмал олборлох уурхайг олноор нь нээнэ. Мексикийн хоолойг Америкийн хоолой гэж нэрлэнэ гээд Панамын сувгийг хяналтдаа эргүүлэн авах болно гэлээ.

Учир нь хятадууд Панамын сувгийг эзэмшдэг боллоо гэсэн нь Панамын Засгийн газрыг дарамтлах нэг шалтаг нь болж өгөх шинжтэй. АНУ-ын эд баялаг, газар нутгийг өргөсгөнө гэж мэдэгдсэн нь холбоотнуудых нь дургүйцлийг хүргэх нь дамжиггүй. Учир нь Трамп Канадыг 51 дэх мужаа болгоно, Гренландыг мэдэлдээ авна гэх зэрэг олон мэдэгдэл хийж байсан билээ.

Мэдэгдэл мэдэгдлээрээ, хэлсэн үг хэлсэн үгээрээ үлдэх ч нэгэнт Ерөнхийлөгч болсон хойно Трамп сонгуулийн өмнөх амлалтаа хэрхэн биелүүлэх бол гэдэг сонирхолтой. Америкчуудад амалсан түүний “Алтан зуун” гэдэг нь бусад улсад ямар өнгөтэй байх бол гэдэг нөгөө талаас түгшүүртэй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.