Нийслэлийн хэмжээнд боломжийн зардлаар хичээллэх боломжтой аятайхан заал, танхим хэр элбэг байдаг юм бол гэдгийг уншигч та хэзээ нэгэнтээ сонирхож байсан уу. Бид энэ удаагийн сурвалжилгаараа Улаанбаатар хотын хамгийн дулаахан бассейн бүхий Баянгол дүүргийн спорт цогцолборыг онцолж байна.
Тус бассейны багш Н.Баярсайхан хэлэхдээ “Монголчууд дулааны улиралд бассейнаар идэвхтэй үйлчлүүлдэг. Манай бассейнд л гэхэд сардаа 400-500 хүн тогтмол ирнэ гээч. Гэхдээ хүйтний ам наашлахтай зэрэгцээд алга болчихно. Тэгээд урин цаг эхлэхэд ахин бассейнд ирдэг байдал нийтлэг ажиглагддаг юм. Уг нь өвлийн улиралд усан бассейнаар хичээллэвэл дархлаа сайжирч, ханиад хүрэхгүй тустай. Хамгийн чухал нь усан бассейнд сэлснээр утааны хордлогыг анагаана шүү дээ” гэв.
Хамгийн цэвэрхэн устай гэгддэг Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны усан бассейн нь 25 м-ийн урт бүхий дөрвөн замтай. Одоогоор Улаанбаатар хотод байгаа үзэгчийн суудалтай цорын ганц стандарт бассейн гэдгээрээ онцлог юм.
Баянгол дүүргийн 15-р хороо, Хасбаатарын гудамжин дахь Баянгол дүүргийн биеийн тамир спортын хороонд байрлалтай тус бассейны үнийн тариф болон өнөөгийн нөхцөл байдал, түүнчлэн Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороонд харьяалалтай сагсан бөмбөг, волейболын заал, бөхийн дэвжээ, бие бялдрын түвшин тогтоох сорилын төв зэрэг байгууламж нь хэнд зориулагдсан, ямар зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус спорт хорооны дарга, улсын харцага Г.Батбаяраас тодрууллаа.
Баянгол дүүргийн 259 хүүхдийг усан спортын анхан шатны сургалтад үнэ төлбөргүй хамруулаад байна

-Баянгол дүүргийн спорт цогцолбор юугаараа онцлогтой бүтээн байгуулалт вэ?
-Баянгол дүүргийн спорт цогцолбор 2021 онд ашиглалтад орсноор бидний үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй, ард иргэд рүү чиглэсэн нийтийн биеийн тамирын үйлчилгээ ч хүрэлцээтэй болсон. Спорт заалнуудад түшиглэн өдрийн цагаар Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн 14 шигшээ багийн бэлтгэл сургуулилалтыг тогтмол явуулдаг. Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар усан спортын боловсрол олгох хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлснээр Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын харьяаны 21 ЕБС-ийн 10-12-р ангийн хүүхдүүдийг сэлж сургах ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх 21 сургуулийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй бассейнд хичээллүүлэхээс гадна шинжилгээнд хамрагдахад ч гэсэн үнэ төлбөргүй байдаг.
Одоогоор Баянгол дүүргийн 259 хүүхдийг усан спортын анхан шатны сургалтад хамруулаад байна. Мөн дүүргийн 19 хорооны зорилтот бүлгийн 300 орчим хүүхэд энэхүү сургалтад хамрагдсан.
Түүнчлэн Баянгол дүүргийн хэмжээнд бүсчилсэн байдлаар Төмөр замын орчимд нэг, гэр хорооллын хойхно Шинэ өндөрлөг орчимд бас нэг спорт цогцолборыг барихаар төлөвлөж, дүүргийн Засаг даргын хөтөлбөрт оруулаад буйг онцолъё.
Манай бассейны ус ч гэсэн хамгийн цэвэрхэн нь

-Усан бассейны тухайд өдгөө ямар зохицуулалттайгаар ажиллаж байна вэ?
-Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны усан бассейн нь 250-300 үзэгчийн суудалтай. Улаанбаатар хотод байгаа улс бүсийн чанартай тэмцээнийг зохион байгуулах боломжтой стандартын бассейн гэвэл ганцхан манайх. Хэрвээ зургаан замтай байсан бол 25 м-ийн дэлхийн стандарт бүхий бассейны шаардлагыг хангах байсан.
ОХУ-д дөрвөн монгол хүн усан спортоор боловсрол эзэмшсэний нэг Н.Баярсайхан багштай бид хамтран ажиллаж байгаа. Мэргэжлийн багш, дасгалжуулагч нар өөрсдөө усан бассейны үйл ажиллагааг хариуцсан нь зөв гэж хардаг.
Н.Баярсайхан багш усан спортоор мэргэшсэн учраас усандаа их анхаарал хандуулдаг. Тэгээд ч Баянгол дүүргийн усан бассейн орчин үеийн цэвэрлэгээний төхөөрөмжтэй гэдгээрээ онцлог. Ингэхээр манай бассейны ус ч гэсэн цэвэрхэн гэсэн үг. Гүний хувьд 170-180 см байдаг.

-Баянгол дүүргийн спорт цогцолбор дахь усан бассейнд хичээллэхэд төлбөр хэд орчим байдаг вэ?
-Усан бассейны хувьд сарын төлбөр нь хүүхэд 100 мянга, том хүн 150 мянга. Мэдээж дээр дурдсанчлан мэргэжлийн багштай.
-Баянгол дүүргийн спорт цогцолборын үйл ажиллагаа цаашид хэрхэн тэлэх төлөвлөгөөтэй байна?
-Бид 2025 онд фитнестэй болно гэсэн зорилттой байгаа.
2024 оноос Монгол улсын хэмжээнд бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулж эхэлсэн. Улмаар анхных нь Баянгол дүүргийн спорт цогцолборт нээгдсэн юм. Энэ төвөөр үйлчлүүлсэн иргэдийн бие бялдарт сорил тогтоож, тохирох спортын төрлөөр нь хичээллүүлэх учиртай. Ингэхээр Баянгол дүүргийн спорт цогцолборт зайлшгүй фитнес нээх хэрэгцээ үүсэж байна.

-Бие бялдрын түвшин тогтоох сорилд иргэдийг ямар байдлаар хамруулж байгаа вэ?
-Одоогоор бид өсвөрийн шигшээ багийн тамирчдыг энэ сорилд хамруулж байна. Удахгүй Баянгол дүүргийн харьяалал бүхий Төрийн албан хаагчдыг сорилд хамруулахаар зэхэж байгаа.

-Ойрмогхондоо нийтийн биеийн тамирыг дэмжих чиглэлээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?
-Өдгөө Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Гүйж сурцгаая” арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэдийг мягмар, пүрэв гарагуудад өглөөний 05:00 цагаас Баянгол дүүргийн спорт хорооны зааланд хамтдаа гүйх аянд уриалж байгаа. Баянгол дүүрэг 265 мянга орчим хүн амтай. Бид жилдээ дүүргийн нийт амынхаа 11 хувийг биеийн тамирын үйл ажиллагаанд хамруулж, улмаар дөрвөн жилийн хугацаанд нийт хүн амынхаа 50 хувьд нь хүрч ажиллах зорилттой юм.

Гэхдээ 2022 онд хэрэгжүүлсэн “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд манай дүүргийн 100 гаруй мянган иргэн хамрагдсан. Тухайн үйл ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдэд Биеийн тамир, спорт хорооны заалыг өглөөний 06:00-08:00 цагт үнэ төлбөргүй ашиглуулж, шугаман бүжиг, гимнастик зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжийг нь олгосон.
Ер нь Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд л гэхэд 78 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсны 61 нь спортын тэмцээн уралдаан, бусад 17 нь сургалт юм.

Нийслэлийн биеийн тамир, спортын газраас зохион байгуулдаг “Иргэдийн наадам”-д 31-ээс дээш насныхан оролцдог. Баянгол дүүргийн хэмжээнд ирэх дөрвөн жилд 18-31 насныхны дунд залуучуудын наадмыг шинээр зохион явуулахаар зэхэж байна. Баянгол дүүргийн 34 хорооны залуучуудын дунд зохион байгуулах энэхүү үйл ажиллагаанд аль болох олон хүнийг идэвхтэй хамруулахын тулд спортын таван төрөлд иргэдийг давхцуулахгүй байдлаар оролцуулна.

Төгсгөлд нь хэлэхэд, Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооныхны хувьд 2024 онд гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж, саяхан Нийслэлийн тэргүүний байгууллагаар шалгарсан.
