UBLife Logo
Дэлхий

Израилын Ерөнхий сайд дахин дайтна гэж сүрдүүллээ

Израилын Ерөнхий сайд дахин дайтна гэж сүрдүүллээ

Израил, Палестины ХАМАС бүлэглэлийн энхийн хэлэлцээний дагуу хоёр тал гал зогсоож, барьцааны хүмүүс, хоригдол солилцож эхлээд байсан билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвасаас бүх палестин хүнийг бүр мөсөн нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэний дараа байдал хурцдаж эхэллээ. ХАМАС бүлэглэл Израилыг энхийн гэрээг зөрчсөн хэмээн мэдэгдэж, барьцааны хүн солилцох ажлыг хойшлуулах болно гэж зарлаад байна. Хариуд нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хэрэв Бямба гарагийн үд дунд барьцааны хүмүүсийг суллахгүй бол дахин дайралт хийнэ” гэж сүрдүүллээ. Тэрээр тусгай албадтай хамтран шуурхай хуралдаан зарласныхаа дараа “Энэ удаад бид ХАМАС-ыг бүр мөсөн сөнөөх хүртлээ тулалдана. Би цэрэг, армийг Газын зурвасын дотор болон гадна хүчээ хуримтлуулахыг тушаасан. Бямба гарагийг хүлээж байна” гэж хэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн адил Бямба гарагт тохиролцсон ёсоор барьцааны хүмүүсийг суллахгүй бол “жинхэнэ там” гэж юу байдгийг үзүүлэх болно гэсэн билээ.

Энхийн гэрээний эхний шатаар ХАМАС суллахаар амласан 33 израил иргэнээс 16-г нь сулласан. Энэ 33 хүнээс найм нь хэдийн нас барсан нь тогтоогдсон тул ХАМАС өөр есөн хүн чөлөөлөх ёстой болсон. Ирэх Бямба гарагт ХАМАС дахин гурван хүн суллах ёстой байлаа.

Одоогийн байдлаар талууд нэг нэгнээ энхийн гэрээг зөрчсөн гэж буруутгаж байна. Энэ гэрээ нь ямар гэрээ болохыг үзэцгээе. Гэрээ нийт 3 үе шаттай.

Дайны галыг 42 хоног зогсооно. Энэ хооронд ХАМАС 33 израил барьцааны хүнийг суллана. Үүнд хүүхэд, эмэгтэй, ахмад настан, эрүүл мэндийн байдал муу байгаа хүмүүс хамрагдана. Хариуд нь Израил шоронгоос 1900 палестин хоригдлыг суллана.

Израилын цэрэг Газын зурвасын энгийн иргэд оршин суудаг хэсгээс гарна. Гэхдээ хил орчим цэргийн ангиуд байсаар байна. Палестинчууд амьдардаг хот, дүүрэгтээ харина. Газын зурваст өдөрт 100 машин хүмүүнлэгийн тусламж орж болно.

Эхний үе шат амжилттай болбол хоёрдугаар шат эхлэх учиртай. Үүнд, галыг бүрэн зогсооно. Израилын үлдсэн барьцааны хүмүүсийг палестин хоригдлоор солилцоно. Израилын цэрэг Газын зурвасаас бүрэн гарна.

Гуравдугаар шатанд Израилын талд амиа алдсан барьцааны хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгнө. Олон улсын байгууллагууд Газын зурвасны сэргээн босголтыг эхлүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.