UBLife Logo
Спорт

Өнөөдрөөс эхлэх Бакугийн Их дуулга тэмцээнд Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?

Өнөөдрөөс эхлэх Бакугийн Их дуулга тэмцээнд Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?

Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдээр явагдах Бакугийн Их дуулга тэмцээнд 36 улсын 258 жүдоч зодоглоно.

Олимпын аварга, ДАШТ-ий гурван түрүүтэй Нацуми Цунода, олимп болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд буй Шведийн залуу авьяастан Тара, дэлхийн аварга Ван Лиесхоут, олимп, ДАШТ-ий медальтай Рюжу Нагаяма нарын тэргүүтэй дэлхийн шилдэг бөхчүүд уг тэмцээнд барилдахаар зэхэж байна.

Энэхүү тэмцээнд Монголын таван бөх хүч сорих юм.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд зодоглох залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, Их дуулга ангиллын гурван түрүү, мөн гурван хүрэлтэй эзэн орны бөх Агаев Балабайтай барилдахаар оноолт таарлаа. Агаев эл тэмцээнд 2022 онд түрүүлсэн төдийгүй харин өнгөрсөн онд хүрэл медаль атгасан билээ.

М.Тэргэлсарын тухайд, эзэн орны 20 настай Мурадли Мурадтай барилдана. Тэдний аль давсныг дараагийн шатнаа ДАШТ-ий V байрын шагналт, Их дуулга ангиллын хошой алт, хүрэл медальтай Жорре Верстраетен хүлээж байна.

66 кг-д барилдах залуучуудын Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Нямрэнчин (21 настай), Германы бөх, Их дуулга ангиллын тэмцээнд 17 дахиа зодоглож буй хашир туршлагатай Сетц Мартинтай оноолт таарав. Тэдний давсныг ДАШТ-ий үзүүр бөх, Их дуулга ангиллын хошой алт, нэг мөнгөтэй энэ жингийн бөхчүүдийг толгойлж буй Такеши Такеока хүлээж байна.

Харин А.Азбаатар (20 настай), Монтенегрогийн хашир бөх, 14 дэх Их дуулгадаа хүч сорихоор зэхэж буй Жусуф Нурковичтой барилдана. Тэдний ялсныг өнгөрсөн оны дэлхийн аварга Рёома Танака дараагийн шатнаа хүлээхээр болов.


Эмэгтэйчүүдийн:

52 кг-д хүч сорих залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн 22 настай Лейва Санчезтай өрсөлдөнө. Санчезийн тухайд 23 хүртэлх насныхны Европын АШТ-д түрүүлсэн төдийгүй Их дуулга ангиллаас гурван хүрэл медаль атгаад буй тамирчин юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.