Бидний өдөр тутмын амьдрал, ажил хэрэгт цаг хэмнэх, илүү хялбарчлах, сонирхол татсан аппликейшн болон технологийн хэрэгслүүд онцгой үүрэгтэй болжээ. Тэгвэл энэ удаагийн “Миний хэрэглэдэг шилдэг 3 Апп” цувралдаа дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж буй залуус ажил, хичээл, амьдралдаа технологийн ямар шийдлүүд ашиглаж буйг сонирхлоо.


Blinq
Нэрийн хуудасны апп. Энд тэнд гадаад, дотоодын хуралд явж байхад сонирхолтой хүмүүстэй танилцаад нэрийн хуудсаа солилцох гэтэл цүнхэндээ, гэртээ, ажил дээрээ орхисон тохиолдол их гардаг. Энэ апп нэрийн хуудсыг дижиталжуулдаг юм. Танилцсан хүн маань QR код уншуулаад л нэрийн хуудсан дээр байдаг бүх мэдээллийг авах боломжтой.

Babbel
Гадаад хэлний апп. Би герман хэл сурч байгаа юм. Хиймэл оюун ухаантай хослуулсан учраас үг хэллэг хэр цэвэр хэлж байгааг шалгахаас гадна, яриа, сонсгол, унших, бичих чадваруудыг бүгдийг цогцоор нь заадаг. Надад хамгийн их таалагддаг зүйл нь өдөрт хэр их хугацаа зарцуулж чадахаа тохиргоондоо оруулчихад яг тэр цагт нь тохирсон хэлбэрээр дасгалуудаа заадаг явдал.

MinimaList
Энэ бол хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг апп. Хэрэглэхэд их амар. Дэлгэцээ доош шудраад хийх зүйлээ оруулна. Дээр нь товшоод л 25 минутын анхаарлаа төвлөрүүлэх цаг автоматаар тавигдана. 25 минутын дараа 5 минут тархиа амраах сэрүүлгийг өөрөө бас тавьчихдаг. Энэ төвлөрөх аргыг помодоро гэдгээр хүмүүс мэднэ шүү дээ. Помодород зориулсан тусгай апп-ууд байдаг. MinimaList апп-ын хувьд өөр апп татах шаардлагагүй болж байгаа юм. Мөн жагсаалтан дээрх нэг зүйлийг хийж дуусаад дэлгэцээ зүүн тийш шудрахад тухайн зүйлийг дараад жагсаалтын хамгийн доод хэсэг рүү шилжүүлдэг.
Bonus: Notion
Энэ бол календар. Би олон Google хаягтай. Хааяа ажлын хаягаар Зүүмээр ярих урилга ирнэ, хааяа хувийн хаягаар ирнэ. Notion календартай хаягуудаа холбичиход бүх юм нэг дор цэгцтэй харагддаг. Түүнээс гадна өөрийнхөө Зүүм хаягийг холбочихвол календар дээрээсээ шууд Зүүмийн урилга бусад руу явуулж болдог юм. Олон тийшээ холбирч, хаана хэнээс ямар урилга ирлээ гэж төөрөлдөхгүй, ажлыг их хөнгөвчилдөг гэх үү дээ.


Reminders
Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс мэднэ дээ, өөртөө сануулга тавьдаг апп. Хийх зүйлсээ цаг нартай нь оруулчихдаг. Цаг наргүй ч мартмааргүй байгаа зүйлсээ категориор нь хуваагаад хийдэг. To-do, Calendar гэсэн хоёр зориулалтаар ашигладаг гэсэн үг юм уу даа. Гэхдээ тухайн өдөр хийх юмнуудаа бол дэвтэр, индекс кард дээр бичих сонирхолтой байдаг. Энгийн хэрнээ үр дүнтэй апп. Хийх зүйлсээ, тэмдэглэх зүйлсээ Notes, Reminders, Calendar гэсэн гурвалаар зохицуулдаг хүмүүс цөөнгүй байдаг юм шиг санагддаг. Миний хувьд энэ гурваас Reminders-ийг түлхүү ашигладаг.

Sessions
Төвлөрч ажиллахад туслах помодоро цагтай апп. Интернэт орчин их сатааруулдаг болохоор сошиал аппуудыг хаах гэж ашигладаг. Хүссэн апп, вэбүүдийг чинь хаах, бас помодоро цаг болох хос функцтэй нь их зүгээр. Мөн календарь дээр төвлөрсөн цагуудыг бүртгэж гаргадаг нь бас ашиглаж болох функц. Миний хувьд Setapp гээд Apple-ийн олон аппыг санал болгодог аппаар дамжуулан үүнийг ашигладаг.

Notion
Бүх л төрлийн тэмдэглэл хийх, маш олон зориулалтаар ашиглаж болох апп. Их ч алдартай апп болж. Нэлээн дээхэн хэсэг хэрэглэх гээд ер болоогүй. Сүүлийн үед энгийн хүснэгт (database) хийхэд их эвтэйхэн зүгээр санагдаад мэр сэр ашиглаад байгаа. Notion-г хүмүүс ёстой төрөл бүрээр л ашигладаг юм билээ. Надад бол database хэсэг нь таалагдсан. Текст мэдээллүүдээ би сүүлийн үед энгийн Word файл дээр эргээд хийдэг болсон. Нэг хэсэг Evernote, нэг хэсэг Notes ашигласан. Одоо бол Google Docs + just Word files.


Voice Memos
iPhone хэрэглэгчдийн сайн мэдэх апп бол Voice Memos. Миний хувьд подкастынхаа зочны ярилцлагуудыг бичих зорилгоор 2020 оноос хойш одоог хүртэл идэвхтэй ашиглаж байна. Үнэтэй, мэргэжлийн микрофон худалдаж аваагүй ч Youtube дээр 38,500 гаруй дагагчтай болоход Voice Memos их чухал үүрэг гүйцэтгэсэн.
Подкастыг студид мэргэжлийн төхөөрөмж ашиглан бичвэл мэдээж сайн. Гэхдээ подкаст дөнгөж эхлүүлж байгаа, эхний ээлжинд өндөр зардал гаргамааргүй байгаа бол энэ аппыг ашиглаж болно. Подкаст болгон дүрстэй байх албагүй шүү дээ. Мөн агуулга илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Онлайнаар холбогдоод бичсэн ярилцлагаа яаж ингэж чанартай бичээд байна вэ гэж манай сонсогчид их асуудаг. Хариулт нь ердөө энэ апп. Өөрөөр хэлбэл зочин, хөтлөгч хоёр хоорондоо Google Meet-ээр ч юм уу ярилцаад, энэ зуураа тус тусдаа өөрсдийн яриагаа Voice Memos дээр бичнэ. Дараа нь 2 тусдаа аудиог асуулт, хариултаар нь тааруулаад Audition дээр эвлүүлдэг.

Canva
Медиа салбарынхны хувьд Canva хамгийн хэрэг болдог аппуудын нэг. Би гар утасны аппыг нь ашиглахаас илүү компьютер дээр түлхүү ашигладаг. Youtube-ийн thumbnail бүтээхээс авахуулаад видео эвлүүлж ч болно.
Pro эрхтэй бол дүрсний сангаас нь хэрэгтэй дүрсүүдээ хайж олоод, таалагдсан аяа сонгож дэвсээд ашиглах, ганц товшилтоор зургийн background арилгах, presentation бэлдэх гэх мэтчилэн тоочоод баршгүй олон функцтэй. Бүтээлч байдлаа нэмэгдүүлье гэвэл заавал ашиглаарай. Мөн компаниуд, байгууллагууд сошиал медиа сувгуудаа хөгжүүлэхэд их анхаардаг болсон. Энэ ажилд Canva маш хэрэгтэй.

Миний хувьд сошиал аппуудаас хамгийн дуртай нь LinkedIn. Голдуу ажил хэрэгч хүмүүс, мэргэжилтнүүд ашигладаг учраас элдэв хов жив, хэрэггүй мэдээлэл маш бага. Миний хувьд подкастдаа зочноор оруулж болох мэргэжилтнүүдийн талаар судалгаа хийхдээ LinkedIn-ийг их ашигладаг. Ажил, карьертай холбоотой хэрэгтэй мэдээлэл хуваалцах байдлаар идэвхтэй байвал мэргэжлийнхний хүрээнд таны “visibility” нэмэгдэнэ.