Италийн алдарт “Giorgio Armani“ брэндийг урласан загвар зохион бүтээгч Жоржио Армани өчигдөр буюу есдүгээр сарын 4-нд таалал төгслөө. Бизнес ертөнцийн магнатууд, Холливудын алдартнууд гээд дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн улаан хивсний онцлох сонголт нь “Giorgio Armani“ байсаар ирсэн. Тэрбээр энэ сард Миланы загварын долоо хоногийн үеэр брэндийнхээ 50 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байсан ч 91 насандаа хорвоог орхив.
Түүний амьдралдаа мөрдлөг болгож байсан онцлох эшлэлүүдийг хуваалцаж байна.
1. Би эмх замбараагүй, зоргоороо байдлаас эмээдэг… Зохион байгуулалттай байх нь намайг илүү чөлөөтэй, бүтээлч болгодог, би бүхнийг өөрөө хянах боломжтой учраас.
2. Кино урлаг гэдэг яг л ид шид мэт гайхалтай зүйл. Киногүйгээр миний амьдрал ямар байх байсан бол гэж би хааяа төсөөлдөг юм. Лавтайяа би өнөөдрийнх шиг загвар зохион бүтээгч болж чадахгүй байсан байх.
3. Би хийж буй бүхэндээ агуу их хүсэл эрмэлзэл төдийгүй жижиг хэсэг бүрд маньяак мэт нарийн анхаарал хандуулдаг. Миний хувьд аливааг маш тодорхой, төгс төгөлдөр байлгахыг эрмэлзэж, миний нэр холбогдсон юм бүхэн үүний тусгал байх ёстой гэж итгэдэг.

4. Орчин цагийн загварын ертөнц бүх зүйлийг энтертайнмент, сурталчилгаа, алдагдалгүй бүтээгдэхүүн гэсэн нүдээр хардаг болсон нь харамсалтай. Бид хүмүүст жинхэнэ, үзэсгэлэнтэй, хэрэгцээтэй зүйл санал болгох ёстойгоо мартах учиргүй.
5. Намайг урагш хөдөлгөдөг зүйл бол алдар нэр огтхон ч биш. Мөнгө ч бас биш, учир нь хэн ч эрхэмсэг, чамин байдлыг мөнгөөр худалдаж авч чадахгүй. Харин урлан бүтээхүй л намайг соронзон мэт татаж хөдөлгөдөг.
6. Хувцас загвар миний хийх зүйл юм байна гэдгийг ухаарснаасаа хойш би амьдралдаа олон золиос гаргасан. Гэхдээ дахин амьдрах боломж гарвал би туулсан замаараа, яг тэр хэвээрээ алхах болно.

7. Би хүмүүст зориулж загвар урладаг. Хэрэглэгчдийнхээ тухай л үргэлж боддог. Хувцас, чимэглэл юу ч байсан хүн хэрэглэхгүй л бол ямар ч утга учиргүй шүү дээ.
8. Энэ бүх хугацаанд би өөрийгөө л алдахгүйг хичээж ирсэн. Хурдацтай өөрчлөгдөж буй энэ ертөнцөд нөлөөнд автах, зүг чиггүй төөрч будилах, өөрийн толгойгоо гээх нь ямар амархан гээч.
9. Сахилга бат гэдэг миний хувьд хийж буй бүх зүйлийн минь 80 хувь. Харин 20 хувь нь бүтээлч байдал.
10. Амьдралд маш энгийн гурван дүрэм бий. Өөрийгөө сайтар тань, тэгээд өөрийгөө битгий хуур. Хоёрдугаарт, хэзээ, юу өмсөхөө мэддэг бол. Гуравт, хэзээ ч битгий хувцсаар гоё. Тэдгээрийг өмсөж буй нь Та.
