UBLife Logo
Newsfeed

Humans of UB | Өв соёлоо өнөөдөрт амьдруулж, ирээдүйд өвлүүлэгчид

Б.Энхжин
Б.Энхжин
Humans of UB | Өв соёлоо өнөөдөрт амьдруулж, ирээдүйд өвлүүлэгчид

Өв соёл бол нэгэн үндэстний үнэт эрдэнэ, үе дамжин өвлөгдөх түүх, урлаг, зан заншлын цогц билээ. Харин энэ өвийг өнөөдөрт амилуулж, маргаашийн хойч үед уламжлуулах үүргийг хүлээж буй хүмүүс бол залуу өв тээгчид юм. Тэд бол уламжлалт урлаг, гар урлал, язгуур хөгжим, үндэсний язгуур ёс заншлыг сэргээн хөгжүүлж, орчин үеийн залуусын дунд шинэ өнгө төрхөөр түгээн дэлгэрүүлэгчид.

Энэ нийтлэлээр бид эх орныхоо үнэт өвийг тээж яваа залуу үеийн төлөөллүүдийг онцлон танилцуулж, тэдний өвөрмөц авьяас чадвар, үнэнч сэтгэл, бүтээлч оролцоог олон нийтэд хүргэхийг зорилоо. Тэдний үйл ажиллагаа, зорилго тэмүүлэл нь зөвхөн уламжлалаа хадгалж үлдэх төдийгүй, түүнийг шинэ үеийн хандлагад нийцүүлэн дэлхийд таниулахад чиглэж байна.

Залуу өв тээгчдийн түүх бол зүгээр нэг амжилтын тухай биш, харин үндэсний бахархал, тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл билээ.


Аймгийн гарамгай мэргэн, спортын мастер харваач 

ДАШДОНДОВЫН ОЮУНЖАРГАЛ 

ДХИС-ийн лаборант, цагдаагийн дэд ахлагч 

Үндэсний сурын харваагаар хичээллээд 15 жил болж байна. Хамгийн анх байрныхаа гадаа ахтайгаа тоглож байгаад нэг эмээг харсан. Тэр эмээ гартаа нум сум барьчихсан, араасаа олон хүүхэд дагуулчихсан явж байлаа. Их сонирхолтой санагдаад шууд л “харваж үзэж болох уу” гээд асуучихсан. Тэгж л наймхан настайдаа тавьж үзсэн анхны сум минь өнөөдөр намайг энэ спортоор хичээллэх гол шалтгаан болсон доо. Анхны багш минь өнөөх байрны гадаа харсан эмээ. Тэр хүн бол хүндэт мэргэн, спортын мастер Цээлэй  багш минь. 

Сумаа тавихтай зэрэгцэн зүрхний цохилт дээд цэгтээ хүрч, байгаа онох үед сая нэг амьсгаа авдаг. Торгон мэдрэмж шаардсан, зурвас хэр нь хамгийн оргил мөч шүү дээ. Энэ мөчид л монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэл хамгийн их мэдрэгддэг. 

Сурын харваа бол монгол хүний цог хийморь, эр чадал, тэсвэр хатуужил, ур ухаан, оюуны царааг шалгасан наадам төдийгүй, хүмүүжил, төлөвшлийн чухал хэрэглүүр. Бас зан үйл, ёс суртахууны асар нарийн утга учир бүхий өв санг хадгалж, тээж, түүгээрээ харваачдын хөгжил, төлөвшил, хүмүүжилд нөлөөлдөг гэж боддог. Тиймээс л “Монгол” гэж бусдаас ялгарах, түүгээрээ бахархах үе цөөнгүй. Ялангуяа эмэгтэй хүн сур харвааны соёлыг хадгалаад, үндэсний спортынхоо нэг хэсэг болж буй нь ховор боломж гэж боддог.   

Үндэсний спорт гэхээр ихэвчлэн эрэгтэй, эсвэл ахимаг насны хүнээр төсөөлдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн сурын спортыг их сонирхох болсон. Миний найзууд хүртэл бараг надаас илүү судалгаа хийчихсэн, асууж, сонирхоод явах тохиолдол бий. Бага балчраас эхлээд ахмад буурлууд хүртэл хэзээ, хаана ч хичээллэх боломжтой болохоор тэр байх. Гэхдээ бөхийн барилдаан, хурдан морины уралдаантай харьцуулахад манайх харьцангуй бага үзэгчтэй. Үзэгчид дунд залуус ховорхон байдаг. Тамирчид залуужвал үзэгчид дагаад өөрчлөгдөнө гэж итгэдэг болохоор үзэгчдийн тоонд санаа зовдоггүй ээ. 

Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нум сумны оруулсан хувь нэмэр маш их. Түүх соёлын салшгүй хэсэг болсон сурын харвааны соёл гээгдэж мартагдалгүй, улам залуужаасай гэж би их хүсдэг.  


Эмээл урлаач

НЯМСҮРЭНГИЙН СҮХБАТ 

“Өв” урлангийн үүсгэн байгуулагч 

Манай аав ээж 20 гаруй жил монгол гутал урлаж байгаа. Харин өвөө маань мужаан хүн байлаа. Өсөж төрсөн орчноосоо болоод ч тэр үү, удам дагасан ур ч юм уу, багаасаа л зураг зурах дуртай, гарын дүйтэй хүүхэд байсан. Эзэмшсэн мэргэжил минь архитектор ч эмээл хийгээд долоон жил болж байна.  

Долоон жилийн өмнө, 20 насандаа гэр бүлийнхнийхээ шахалтаар эмээл хийж эхэлсэн л дээ. Яг оролдоод үзсэн чинь үнэхээр чадах юм шиг, болохоор юм шиг санагдаж билээ. Хэдхэн хоногт хийсэн анхны гөлөм маань маш урамтай, тэр дороо зарагдчихсан. Тэгээд л урамшаад энэ салбар луу зориглоод орчихсон. Тэр үед ч, одоо ч миний насны эмээл урлаач бараг байхгүй л байна. Мэдээж залуу хүн хүсэж эзэмшсэн мэргэжлээ хаяна гэдэг амаргүй шийдвэр байлаа. Гэхдээ эргээд бодоход шийдвэртээ хэзээ ч харамсаагүй шүү.  

Эмээл урлах нь нэг төрлийн бясалгал, тайвшрал болдог. Нөгөөтэйгүүр залуу хүн боловч үр хойчдоо эртнээс улбаатай өв соёлоо өвлүүлж байгаа гэдгээрээ бахархдаг.  Үндэсний уламжлалаа олон түмэнд түгээн дэлгэрүүлэх нь бие даан урлан үүсгэж ажиллахын гол утга учир.  

Урлан маань 2017 онд өвөөгийн гэрээс эхэлсэн юм. Тэр үед л гэр бүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, ёс заншлаа өвлөх хүн нь би гэдгээ ухамсарласан. Манай урлангийн уриа бол “Үе дамжих үнэт өвийг бүтээлцэнэ”. Энэ л миний хийж байгаа ажлын гол илэрхийлэл. Эмээл урладаг гэхээр манай захиалагчдыг ихэвчлэн орон нутгийн хүмүүс гэж боддог. Гэхдээ ихэвчлэн Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс ажлын байрандаа тавих гэж  захиалдаг. Ер нь орчин үед эмээл  урлагийн нэг төрөл болчихоод байна л даа. Уран зургийг хараад таашаал, амар тайван мэдрэмж авдагтай яг ижил. Дараа нь эдэлгээнд оруулаад, моринд тохох бол өөр нэгэн төрлийн сэтгэлийн таашаал авч, хийморио сэргээж байгаа явдал шүү дээ. Миний зорьж буй зүйл бол уламжлалт ур хийцийг өнөө цагийн өнгө төрхтэй хослуулан энэ цагийн эмээлийн ур хийцийг тодотгож, гаргаж ирэх. Гэхдээ  уламжлалт байдлыг орхигдуулалгүй, өвлүүлэх нь хамгийн чухал. Өвлөн уламжлагч болох  нэг бодлын омогшмоор, нөгөө бодлын хүндхэн даалгавар юм шиг санагддаг. Гэхдээ юу ч болсон энэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулах болно. 


Даалин урлаач

ДОНДОГБАЗАРЫН АНУЖИН  

СУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн дөрөвдүгээр курсийн оюутан 

Анх арван жилийн технологийн хичээл дээрээ зүү ороох оёдол, даалин хийхийг сурч байлаа. Тухайн үед сайн ойлгохгүй байсан болохоор даалин битүүлэх, загасан нуруу хатгах зэргийг бичлэг үзээд нарийн сурсан. Гэхдээ үндэсний, уламжлалт гэдэг талаас нь огт бодож үзээгүй. Зүгээр л сонирхолтой санагдаад хийж эхэлсэн. Гэтэл даалин гэдэг маш арвин түүхтэй юм билээ. Анх Кристофер Колумб Америк тивд очоод нутгийн уугуул иргэд хамрын тамхи хэрэглэдэг болохыг мэдээд европ тивд нэвтрүүлсэн юм билээ. Хамрын тамхийг агуулах бат бөх сав хэрэгтэй тул хөөрөг бий болж л дээ. Улмаар европоос ази, африк тивүүдэд тархсан. Харин хөөргийг агуулах уут хэрэг болсноор даалин үүссэн байдаг. Нүүдэлчдийн хувьд хөөрөг, хутга, жижиг сажиг зүйлээ авч явах авсаархан хэр нь чамин уут хэрэгтэй биз дээ.  

Даалинг чамин болгоход хамгийн чухал нь зүү ороох оёдол. Их тэвчээр, чамбай ажиллагаа шаардсан, нарийн чимхлүүр ажил болохоор эхэндээ их хэцүү санагдаж байлаа. Тийм болохоор ч залуус тэр бүр сонирхдоггүй байх. Харин миний хувьд хамгийн чухал нь хэн нэгэнд зориулан уламжлалт соёлоо өөрийн гараар урлан бүтээж байгаа нь үнэ цэнтэй, нандин санагддаг. Мөн зүү ороох нь нэг үйлийг олон дахин давтдаг болохоор ч тэр юм уу,  стресс их тайлагдана. Юмыг бодож эргэцүүлэх нь нэг төрлийн бясалгал юм уу даа. Ер нь аливаа зүйлийн хэцүүг түрүүлж хараад, хийж үзэхээс зүрхшээгээд байвал тэр зүйлийн утга учир, тэндээс авч болох таашаал, сэтгэлийн цэнгэлийг бид хэзээ ч мэдэрч чадахгүй байсан юм шиг санагддаг. Дэндүү хайран биш гэж үү? Үүний хамгийн том жишээ бол түүх соёл, зан заншил. Залуус бид дэлхийтэй уралдаж, өдөр хоногоо алгасах шахам шуурсаар тэр шуурган дунд үнэт өв соёлоо гээчихвий гэсэн эмзэглэл их зовоодог. Хүмүүс даалинг байдаг л нэг зүйл гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ тийм л энгийн зүйлд өв соёл оршиж байдаг биз ээ.  


Туульч

СҮХСҮРЭНГИЙН ДАНСРАН  

СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн ангийн дөрөвдүгээр курсийн оюутан 

Увс аймгийн Өмнөговь суманд төрж өссөн. Манай нутаг тууль хайлах, хөөмий, икэл хуур, бие биелгээ, уртын дуу зэрэг язгуур өв соёлоор баялаг газар. Багаасаа л урлагтай ойр өссөн тул үндэсний язгуур урлагийн ангид элсэж орсон. Одоо зургуулаа төгсөх гэж байна. 

Манай мэргэжил хөөмий, морин хуур, цуур, тууль хосолсон хөтөлбөртэй ч би ганцаараа  тууль хайлдаг. Ер нь манай үеийнхнээс надаас өөр туульч бараг байхгүй. Дээшээ бол цөөн хэдэн хүн бий. Дөрөв таван цаг тууль хайлна гэдэг амаргүй. Анх 12 насандаа бэр эгчийнхээ тууль хайлж байхыг сонсоод туульд дурлаж, өвлөж авахаар шийдсэн. Залуус тууль байтугай язгуур урлагийн бүх төрлийг сонирхохоо байсан өнөө үед өв соёлоо өвлөж, тээгч болж буйгаараа үнэхээр бахархдаг. Цэндийн Дамдинсүрэн гуай туулийг “Нэг хүний театр” гэж хэлсэн байдаг. Учир нь, туульд гарч байгаа бүх мэдрэмжийг туульч ганцаараа илэрхийлж, үзэгчдэд хүргэдэг болохоор тэр байх.  

Олон цаг сууж тууль хайлна гэдэг стресс бухимдлаар дүүрэн нийгэмд сэтгэлийн амар амгалан, бясалгал юм даа. Сонсож буй хүмүүс, тэр дундаа хүүхдүүдийг сууж сургах, намуун дөлгөөн, тэвчээртэй хүн болгох уламжлалт хүмүүжлийн арга юм. Яг цуураа тоглоод, тууль эхлэх үед мэдрэмж, оюун санаа маань бүхэлдээ өөр орчинд очиж, бодит ертөнцөөс тасарч, туулийнхаа үйл явдалд уусдаг. Туулийн үйл явдал Монголын түүхийг шингээсэн байдаг.  

Харамсалтай нь энэ сайхан өвийг хэтэрхий урт гэдэг ч юм уу, залуус сонирхох нь бага. Манай элсэгчдийн тоо жил ирэх тусам буурч, цөөн элсэгчдийн ихэнхийг нь Өвөр Монгол оюутнууд эзэлж байна. Миний бодлоор хэтэрхий завгүй, юмс хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед туулийг өвлүүлэхийн тулд цаг үетэйгээ бага ч болов уусгах хэрэгтэй болов уу. Олон цагийн туулийг товчилж, 15 минут хальдаг ч юм уу? Тэгэхээр хүмүүст хүрэх нь ч арай өөр. Гэхдээ хэчнээн цаг үеэ дагалаа гээд толгой холбосон уран тансаг хэл, язгуур чанарыг нь алдуулалгүй өвлөн хойч үедээ хүргэмээр байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.