Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, энэ төрлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх зорилгоор хэд хэдэн чухал арга хэмжээг авч эхэллээ.

Тухайлбал, 1xBet-тэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 25 домайныг албан ёсоор хаасан талаар мэдээлжээ. Үүнээс гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна:
Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран 1xBet болон бусад цахим мөрийтэй тоглоомын үйлчилгээнд ашиглагддаг утасны дугаарын баталгаажуулалтыг (verify) зогсоох,
Арилжааны банкуудтай хамтарч эдгээр платформуудаар дамжуулан хийгддэг санхүүгийн гүйлгээг таслан зогсоож, дансыг царцаах,
Урлаг, спорт, олны танил хүмүүс, influencer, YouTuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоом сурталчлах үйл ажиллагааг зогсоох,
Meta компанитай хамтран ажиллаж цахим мөрийтэй тоглоомын хаяг, групп, агентуудыг хаалгах,
Холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийх ажлыг идэвхжүүлэх.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Цахим мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан томоохон схемүүдтэй тэмцэх шаардлагатай. Иймд олон нийтийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал” хэмээн мэдэгдлээ.
Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тул энэ төрлийн хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэх нь зүй ёсны алхам гэж үзэж байна.