Цагаан сараар ганцхан “Амар байна уу” гэж мэнд мэдэхийг оронд амраг садан, ахан дүүсдээ билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлбэл гайхалтай биш гэж үү. Доорх ерөөлийн үгсээс бүгдийг нь биш юм гэхэд хамгийн таалагдсан нэгэн сайхан ерөөлийг сайтар гэгч нь тогтоогоод авдаг юм шүү. Ингээд цээжлэхэд хялбар Цагаан сарын билэгт сайхан ерөөлүүдийг хүргэж байна.
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч,
Үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж,
Юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй