Энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газраас тавдугаар сарын 9-нд Улаан талбайд цэргийн сүрт жагсаал зохион байгуулах болно. Энэхүү ойн баярт хэдэн орны Төрийн тэргүүн ирэх бол гэдэг олны анхаарлын төвд байна. Украины дайны улмаас Москвад ирэх төрийн тэргүүдийн тоо цөөрсөн нь ойлгомжтой. ОХУ-ын БХЯ-ны сайд Андрей Белоусов энэ талаар сэтгүүлчдэд мэддээлэл өглөө. 2025 оны тавдугаар сарын 9-нд болох цэргийн жагсаалд оролцох урилгыг нөхөрсөг харилцаатай 19 оронд илгээсэн гэнэ. Одоогийн байдлаар арван орон оролцохоо илэрхийлсэн бол үлдсэн есөн орноос хариу аваагүй байгаа ажээ.
БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин
Ши Жиньпин урилгыг хоёрдугаар сарын 10-нд хүлээн авсан бөгөөд хариуд нь Ерөнхийлөгч В.Путиныг намар болох Японы милитаристуудыг ялсны 80 жилийн ойд урьжээ. Баярт оролцох нь хамгийн тодорхой Төрийн тэргүүн гэж хэлж болно.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва

Бразилын Ерөнхийлөгч Москвад очно гэдгээ баталгаажуулсан. Бразил улс энэ жил БРИКС-т даргалж байгааг В.Путин дэмжсэн бөгөөд Силва хариу талархал дэвшүүлж, харилцан хүндлэл үзүүлж байгаа хэрэг.
Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо
Ялалтын баярт оролцох хүсэлтэй гэдгээ Роберт Фицо бараг хамгийн түрүүнд өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдсэн. Тэрээр цэргийн жагсаал үзэж сонирхох нь нэр төрийн хэрэг гэж хэлсэн.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич

Мөн л өнгөрсөн оны аравдугаар сард оролцоно гэдгээ зарласан. Жагсаалын үеэр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж ярилцах бодолтой гэдгээ илэрхийлээд байгаа. Мөн Сербийн Зэвсэгт хүчний ангиуд жагсаалд оролцох юм.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
Касым-Жомарт Токаев болон тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтныг В.Путин 2024 оны 11 дүгээр сард өөрийн биеэр урьсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Казахстан фашист Германы эсрэг дайнд том хувь нэмэр оруулсан билээ. Казахстаны төлөөлөгч байнга жагсаалд оролцдог уламжлалтай.
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас

Түүнийг хүндэт зочдын суудалд сууна гэдгийг Элчин сайд нь баталсан. Хэдийгээр улс төрийн зөрөлдөөнтэй ч Израилын Элчин сайд ч мөн баярт оролцохоо илэрхийлсэн байна.
Мьянмарын Ерөнхий сайд Мин Аун Хлайн
Мьянмартай ОХУ сүүлийн үед нягт харилцаатай болоод байгаа. Тус улсын цэргүүд Улаан талбайн жагсаалд оролцоно.
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко
Албан ёсоор батлаагүй ч тэрээр байнгын зочин билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

Трамп албан ёсоор урилга хүлээн авснаа баталсан ч оролцохгүй нь бараг тодорхой.
Хариу өгөөгүй байгаа Төрийн тэргүүд
Армениын Ерөнхийлөгч Никол Пашинян
Киргизиын Ерөнхийлөгч Садыр Жапаров
Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон
Индонезиын Ерөнхийлөгч Прабово Субианто
Вьетнамын Ерөнхийлөгч То Лам
Монголын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит
Улаан талбайд болох жагсаалд Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан, БНАСАУ-ын цэргийн ангиуд жагсах нь тодорхой болсон. Монголын анги нэгтгэлүүд Буриадын Улаан-Үд хотод болох жагсаалд оролцоно.