UBLife Logo
Кино
 Emmy Awards-аас шагналаар булагдсан “The White Lotus” цувралын 3-р бүлгийн талаар сонирхолтой 5 баримт

Emmy Awards-аас шагналаар булагдсан “The White Lotus” цувралын 3-р бүлгийн талаар сонирхолтой 5 баримт

Ub.life
Ub.life

Үзэгчдийн дунд 2022 оны 12 сард хоёр дахь бүлэг нь гарч дууссан цагаас эхлээд хүлээлт үүсгээд байсан ‘‘The White Lotus’’ цувралын гуравдугаар бүлэг саяхан нээлтээ хийсэн билээ. BLACKPINK хамтлагийн Лисагаас эхлээд сонирхол татам жүжигчдийн бүрэлдэхүүн, Тайландад өрнөх нууцлаг үйл явдал зэрэг нь кино, цуврал сонирхогчдын дунд халуун сэдэв болоод байна. Ингээд цувралын гуравдугаар бүлгийн талаар сонирхолтой таван баримтыг уншигчиддаа хүргэе.

Дарк комеди жанрын цувралд дуртай юу?

Цувралын өмнөх хоёр бүлэг ч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан шалтгаан нь дарк-комеди буюу сэтгэл түгшээм үйл явдлууд, нууцлаг үхэл, дүрүүдийн зөрчилдөөн, тэдний хоорондын хачирхалтай харилцааг егөөдсөн, хошин өнгө аясаар өгүүлдэгтэй холбоотой. Нийгмийн дээд давхаргынхны ёс суртахууны асуудлыг ч бас цувралд хөндсөн байдаг. The White Lotus ресортод ирсэн зочдын дунд өрнөх хачирхалтай байдлыг хошигнон өгүүлэх ч цаана нь тэдний ёс суртахуун, эрх мэдлийн төлөөх жихүүцэм тэмцлийг шүүмжилжээ. Цувралыг онцгой болгож буй гол цөм нь энгийн баячуудын амралтын тухай бус, харин нийгмийн анги давхаргын ялгаа, эрх мэдэл, хүний дотоод мөн чанарыг шинэлэг байдлаар харуулсан байдал юм. Мөн дурдахгүй байхын аргагүй зүйл нь байгалийн тансаг зураглал, нүдээ олсон хөгжмийн сонголт, нүд булаам тансаг хийцлэл нь билээ. 

BLACKPINK хамтлагийн гишүүн Лисагийн бүтээсэн анхны дүр

 Лиса нь "The White Lotus" цувралд анх удаа жүжигчний дүрд тоглож байгаа бөгөөд түүний бүтээсэн Мук /Mook/-ийн дүр нь амралтын газрын эрүүл мэндийн зөвлөхийн дүр юм. Лиса ‘’Variety’ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Төрөлх Тайланд хэлээрээ, тайланд хүний дүрийг холливудын цувралд бүтээх нь миний хувьд том боломж болсон. Улсынхаа соёлыг энэ цувралд бүтээж буй дүрээрээ дамжуулж таниулсандаа маш баяртай байгаа. Миний тоглосон Мукийн дүр надтай маш төстэй байсан ч бодит амьдрал дээр би Мук шиг эсрэг хүйсний хүнтэйгээ сээтэгнэж, сайн харилцаж чаддаггүй.” гэж дурджээ. Лисагийн жүжиглэлт үзэгчдийн анхаарлыг маш их татаж буйн дээр цувралын үзэгчдийн тоог нэмэхэд ч чухал нөлөө үзүүлж байгаа ажээ.

Сонирхуулахад, ‘’The White Lotus’’ цувралын шинэ ангиуд долоо хоног бүрийн баасан гарагт Univison, Look TV-д нэмэгдэж байгаа билээ. Мөн өмнөх хоёр бүлгийг Univision-ын HBO багцаас монгол дуу оруулгатай хүлээн авах боломжтой. 

Гурван бүлэг, гурван өөр улс

Эхний бүлэг нь Хавайн Мауи арал дахь "The White Lotus" амралтын газар өрнөсөн бол,

хоёрдугаар бүлэг нь Итали дахь Сицилийн Таормина хотод болсон. Гуравдугаар бүлэг Тайландын хэд хэдэн алдартай аялал жуулчлалын бүсүүдэд, тухайлбал Бангкок, Пукет, Ко Самуи зэрэг газруудад өрнөж байгаа билээ. “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэг өмнөх хоёр бүлэгтэйгээ олон талаар уялдах юм. Тус цувралын бүтээлч, зохиолч Майк Уайт өмнө нь гуравдугаар бүлэг өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарна гэдгийг онцолсон байна.

Цувралын үйл явдал өрнөж буй улсуудад жуулчдын урсгал нэмэгддэг

“The White Lotus” цуврал гармагц зураг авалт хийгдсэн газрууд жуулчдын анхаарлын төвд ордог нь уламжлал болжээ. Тухайлбал, Итали дахь "San Domenico Palace" буудлын захиалга цувралын дараа огцом өсөж, Таорминагийн аялал жуулчлал эрчимжсэн. Харин Хавайн Мауй аралд байрлах "Four Seasons Resort Maui" буудал ч мөн адил аялал жуулчлалын шинэ давалгааг хүлээн авсан.

Тайланд улс "The White Lotus" цувралын гуравдугаар бүлгийн нөлөөгөөр аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийг хүлээж байна. Өмнөх бүлгүүдийн зураг авалт хийгдсэн газруудад жуулчдын сонирхол нэмэгдсэн туршлагаас үндэслэн, Тайландын аялал жуулчлалын салбар ч ижил үр дүнг хүлээж байна. Цувралын шинэ анги гарсны дараа Тайландын тухай нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн тоо 60 хувиар өссөн нь жуулчдын сонирхол нэмэгдэж буйг харуулж байгаа юм.

Найруулагчийн төсөөлөөгүй амжилт

Цувралын найруулагч Майк Уайт анх киногоо тийм ч их амжилттай явна гэх итгэлгүй байсан гэдэг. Гэтэл эхний хоёр бүлэг нь IMDB дээр 8/10 од авч, түүгээр зогсохгүй ‘’Emmy Awards’’-аас нийт 15 шагнал, ‘’The Golden Globe Awards’’-ын 2 номинацийн шилдгээр шалгарч зохиогч, найруулагчдийн, үзэгчдийн хүлээлтийг давсан билээ.

Хэрвээ уншигч та нууцлаг, триллер хэр нь хошин, сонирхол татам үйл явдлуудаараа таныг дэлгэцээс “уяж” чадах цуврал эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол ‘The White Lotus’’ таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.