Өчигдөр /2025.03.19/ Туркт Истанбул хотын амбан захирагч Экрем Имамоглуг хээл хахууль, авлига, алан хядагч бүлэглэл зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн хэргээр баривчиллаа. Тэрээр 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоаны хамгийн том өрсөлдөгчид тооцогдож байсан юм. Экремийг өглөөний 07:30 цагт гэрээс нь баривчилж, нэгжлэг явуулжээ.

Авлигын хэргээр Экремтэй цуг сэтгүүлч, бизнес эрхлэгч гэсэн 100 гаруй хүн баригдсан бөгөөд тэднийг тендерийн дүнд нөлөөлсөн, авлига өгсөн хэрэгт буруутгаж байна. Мөн “Курдистаны ажилчдын нам” гэдэг алан хядагч бүлэглэлтэй холбоотой гэж үзжээ.

Экрем Имамоглу олон нийтийн сүлжээнд “Ард түмний хүсэл бодлыг хууль бус, айлган сүрдүүлэх үйлдлээр хааж чадахгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй. Истанбул хотын 16 сая иргэн төдийгүй 86 сая Туркийн иргэнд итгэж байна” гэж бичсэн байлаа.
Экрем Имамоглу сөрөг хүчний хамгийн том удирдагч бөгөөд өнөөдөр буюу 20-нд Ардын Бүгд Найрамдах Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших ёстой байлаа. Түүнийг баривчилсны дараа Истанбул болон бусад том хотуудад олон нийтийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Ардын Бүгд Найрамдах Намын удирдагч Озгюр Озель “Энэ явдал бол төрийн эргэлт. Энэ бол зөвхөн Экрем Имамоглугийн сонгуульд өрсөлдөх эрх чөлөөг булаасан хэрэг биш Туркийн ард түмний түүнийг сонгох эрхийг нь булаан авсан хэрэг” гэж мэдэгдлээ. Ирэх Ням гаригт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал болно.

Экрем Имамоглугийн дээд боловсролын дипломыг хүчингүй болгох тушаалыг эсэргүүцсэн Истанбулын их сургуулийг цагдаа нар бүсэлжээ. Туркт дээд боловсролгүй гэж баталж чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болдог. Их сургууль зөвшөөрөөгүй тул улс төрчийг баривчлахаас өөр аргагүй болсон байна.