UBLife Logo
Сэтгэл судлал
Ажлаас халшрах хам шинжийг хэрхэн даван туулах вэ?

Ажлаас халшрах хам шинжийг хэрхэн даван туулах вэ?

Ub.life
Ub.life

Тогтмол ажил эрхэлдэг хүмүүсийн дунд сүүлийн үед урт цагаар ажиллаж, хэт их ачаалал хүлээж авснаас болж ажлаас халшрах хам шинж буюу burnout-д өртөх тохиолдол элбэг болж байна. Энэ нь хүнд зөвхөн бие махбодын ядаргаа биш, сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэж, үүнээс улбаалан ажлын бүтээмж буурах, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавар учруулдаг. Ялангуяа хэт өндөр шаардлагатай ажлын байр, нарийн анхаарал, ур чадвар шаардсан мэргэжлээр ажиллагсад дунд энэ үзэгдэл нэмэгдсээр байгаа аж. 

Ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?

ДЭМБ-ийн мэдээлснээр ажлаас халшрах хам шинж нь эрүүл мэндийн эмгэгт тооцогддоггүй ч стресс, түгшүүрийн мэдрэмжийг байнга дагуулдаг тул удаан үргэлжилбэл тодорхой өвчнөөс ч илүү сөрөг үр дагавартай байдаг байна. Мөн 2019 онд ДЭМБ ажлаас халшрах хам шинжийг албан ёсоор мэргэжлийн орчинд үүсдэг стрессийн үр дагавар хэмээн тодорхойлсон юм. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Луана Маркес “Ажлаас халшрах хам шинж үүсэх шалтгаан нь хүн бүрд өөр байж болох ч ихэвчлэн өөрийн дааж чадахаасаа хэтийдсэн ачааллыг хүлээж авах, хийж буй ажлынхаа үр дүнд тавьсан хүлээлт бодит байдалтай нийцэхгүй байх, мөн хамт олны уур амьсгал ихээхэн нөлөөлдөг” гэжээ. 2024 онд АНУ-д бүтэн цагаар ажилладаг 2000 гаруй оффис ажилтны дунд явуулсан санал асуулгаар тэдний талаас илүү буюу 61 хувьд нь burnout-д илэрдэг шинж тэмдгүүд үүссэн байжээ. 

Хэрхэн сэргийлж, даван туулах вэ?

Ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх, даван туулах боломж бий. Канадын Акадиа их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Майкл П.Лайтер “Юуны өмнө ажлын ачааллаа зөв хуваарилж, амралт, ажил хоорондын тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Хүн бүр өөрийнхөө бие, сэтгэл санааны байдлыг анзаарч, ядаргаа, стрессийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, хангалттай амрах нь сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад тусална. Мөн ажил дээрээ тодорхой хил хязгаар тогтоож, ажлын цагаар ажилдаа төвлөрөх боловч хувийн амьдралаа орхигдуулахгүй байх нь халшралтаас сэргийлэх үр дүнтэй арга зам болно” гэж зөвлөсөн юм. Мөн байгууллагын зүгээс ч ажилтнаа burnout-д өртөхөөс сэргийлж, анхаарах хэрэгтэй гэдгийг онцлосон байна. Ажилчдынхаа хийх ёстой ажил үүргийг тэнцвэртэй хуваарилж, уян хатан цагийн систем нэвтрүүлэх, хамт олны уур амьсгалыг халуун дулаан байлгахад анхаарах нь үр дүнтэй шийдэл болж чадна хэмээжээ. Ажилчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлж, багийн харилцааг сайжруулах нь зөвхөн хувь хүнд төдийгүй байгууллагын бүтээмжид эерэг нөлөө үзүүлдэг.

Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн бүхэнд хийж буй ажлаасаа сэтгэл ханамж авах, үр бүтээмж өндөртэй ажиллах хүсэл байдаг. Ажлаас халширна гэдэг бол хүмүүсийн хөдөлмөрийн үнэ цэнийг бууруулах биш, харин өөрийгөө илүү сайн таньж, өөртөө анхаарал хандуулахыг сануулсан дохио ч байж болох юм. Урсан өнгөрөх өдөр хоногуудад их ажлын хажуугаар сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд хааяа хоромхон зуур амсхийж, гүнзгий амьсгалаад, "Би зөвхөн ажиллахын төлөө төрсөн хүн биш” гэж өөртөө сануулах нь чухал юм шүү. 

Бэлтгэсэн Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.