UBLife Logo
Ном

Дэлхийн яруу найргийн өдөр: Чинагш юм бүхэн урсан одно

Дэлхийн яруу найргийн өдөр: Чинагш юм бүхэн урсан одно

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. ЮНЕСКО-оос жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр” болгон тэмдэглэхийг 1999 онд дэлхий нийтэд уриалан, тунхагласан түүхтэй.

Энэ өдөрт зориулан Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын сод төлөөлөгч Жамьянгийн Болд-Эрдэнэ агсны нэгэн гайхамшигтай шүлгийг толилуулж байна. Тэрээр 1965 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо мэндэлсэн. Налайхын арван жилийн сургууль, Дүрслэх урлагийн дунд сургууль, Ленинград хотын Театр урлагийн их сургуулийг дүүргэсэн найрагч байлаа. 33-хан насандаа биднийг орхин одсон түүний “Гоо марал” яруу найргийн түүвэр одоо ч олон найрагчийн ширээний ном хэвээр байна.

Ж. Болд-Эрдэнэ

 Чинагш юм бүхэн улирч одно

 Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно

 Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно

 Чинагш юм бүхэн улирч одно

  Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой

 Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ

 Намрын царманд зогсох марал бугын нүдэнд

 Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

 Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

 Ижий минь талын хаяа руу алсарч одно

 Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно

 Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

  Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран

 Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо

 Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж

 Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

  Чинагш юм бүхэн улирч одно

 Цасан ширхгүүд одны гялгараас чимхэж одно

 Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно

 Чинагш юм бүхэн улирч одно

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.