Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд дөнгөж саяхан дууслаа.
Энэхүү тэмцээнд Монголын 19 жүдоч хүч сорьж байгаа юм.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, Арменийн Андреян Ашик, Кубийн Чарон Жонатан нарыг ялснаар “В” хэсгийг тэргүүлэв.
Тэрбээр хагас шигшээд Францын бөх Лука Мхейдзед унаснаар хүрэл медалийн төлөө Нидерландын Жаринг Эмиэлтэй барилдахаар боллоо.

Харин К.Ёолкийн тухайд Эль Сальвадорын бөх Морено Жайрог давж, шигшээ 16-д Нидерландын Жаринг Эмиэлд уналаа.
66 кг-д оролцохоор зэхэж байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү нэрээ татсан бол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальтай Ө.Бямбасүрэний хувьд Узбекистаны Нутфуллоев Абдурахимд ялагдсан.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангиллаас долоон медальтай Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, Өмнөд Солонгосын Хух Мио, Испанийн бөх, 2022 оны Тбилисийн Их дуулгад үзүүрлэсэн Мартинез Лаура нарыг давснаар хагас шигшээд үлдэв.
Улмаар ДАШТ-ий мөнгө, олимпын хүрэл медальт Ширине Боуклиг ялж, Их дуулга ангилалд гурав дахиа финалдлаа. Тэрбээр алтан медалийн төлөө Шведийн залуу авьяастан Тара, Испанийн Перез Солер нарын аль давсантай нь барилдана.

Өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь тэгшитгэх барилдаанд Израилийн жүдоч, Европын АШТ-ий хүрэлтэй Тамар Малкад уналаа.
52 кг-ын жинд барилдсан өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэлтэй, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү бөхөөр тодорсон М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, Киприйн Асвеста Софияг ялсан авч, Израилийн Гефен Примод ялагдав.
Түүнчлэн дагах барилдаандаа Унгарын жүдоч, Их дуулга ангиллын гурван түрүүтэй Река Паппт унасан юм.
УАШТ-д дөрвөнтөө үзүүрлэсэн Ц.Гал-Од эхний тойрогт гоц мөргөж, Азербайжаны 19 настай Айдан Валиевад унаснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
57 кг-д Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо Кенийн Ноне Грэйсийг 43 секундэд буулгаж авсан бол олимпын наадмын мөнгө, хүрэл медальтай Сара Леон Сизикийг хавсрах мэхээр унагаж энэхүү тэмцээнд дуулиан дэгдээсэн.
Харин шигшээ наймд өнөө жилийн Парисын Их дуулга тэмцээний аварга Марта Фавазид ялагдаж, дагах барилдаанд Бразилийн Жессика Лимаг давлаа.
М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөө Хорватын бөх, өнгөрсөн жил эл тэмцээнд түрүүлсэн Мариса Перисичтэй барилдана.

Өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай Т.Ариунзаяагийн тухайд Испанийн 20 настай Родригез Адрианад уналаа.