UBLife Logo
Технологи
iPhone гар утасны үнэ өсөх магадлалтай

iPhone гар утасны үнэ өсөх магадлалтай

Ub.life
Ub.life

Лхагва гарагт АНУ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд тавих тарифыг 125 хувь болгож өсгөнө гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр ногдуулсан байсан тарифын хэмжээгээ 145 хувь болгож нэмэгдүүллээ. 2025 оны эхэнд фетанилийн нийлүүлэлттэй холбоотойгоор ногдуулж байсан тарифыг 20 хувиар нэмсэн гэдгийг Цагаан ордноос мэдээллээ. 

iPhone яагаад үнэтэй болох гээд байна вэ?

Тарифын огцом өсөлттэй холбоотой Хятадын үйлдвэрүүд эхнээсээ хаалгаа барихаас аргагүй хүнд нөхцөл байдалд хүрээд буй талаар бид өчигдөр мэдээллээд байсан билээ. Харин дэлхий даяарх хүмүүсийн салшгүй хэрэглээ болох Apple брэндийн гар утас, зөөврийн компъютер, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнүүд АНУ-д илүү үнэтэй болох магадлалтай болж буй талаар BBC мэдэгдлээ. iPhone болон Apple-д үзүүлэх тарифын нөлөө олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд АНУ-д цаашлаад дэлхий даяар iPhone гар утасны үнэ хэдэн зуун доллараар өсөж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Хэрэв өндөр тарифын бодлого долларын ханшид нөлөөлвөл дэлхий даяар Apple-ын бүтээгдэхүүнүүдийг импортлоход илүү үнэтэй болох юм. 

CCS Insight компанийн зах зээлийн шижээч Бен Вуд “Хэрэв тариф өндөр хэвээр байвал Apple компани iPhone гар утасны шинэ загварын үнийг дэлхий даяар өсгөж магадгүй. Зөвхөн нэг улсад үнэтэй эсвэл хямд байлгахаар үнээ тогтоох магадлал маш бага. Энэ үнийн өсөлт тийм ч бага биш байх бөгөөд цаашдаа iPhone шинээр худалдаж авна гэдэг бага болон дундаж орлоготой хүмүүсийн хувьд үл хөдлөх хөрөнгийн зээлтэй адил зүйл байж ч магадгүй” гэжээ. 

iPhone хаана үйлдвэрлэгддэг вэ?

Counterpoint Research-ийн мэдээлснээр АНУ бол iPhone гар утасны хамгийн том зах зээл бөгөөд Apple компани өнгөрсөн онд ухаалаг утасныхаа нийт борлуулалтын талаас илүү хувийг зөвхөн АНУ-аас бүрдүүлсэн байна. АНУ-д худалдаалагддаг iPhone гар  утасны 80 орчим хувийг Хятадад, үлдсэн 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг гэжээ. Самсунг зэрэг ухаалаг гар утасны аварга компаниудын хамт Apple ч бас сүүлийн жилүүдэд Хятадад хэт найдахаас зайлсхийхийж нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээж байна. Ингэснээр Энэтхэг, Вьетнам улсууд үйлдвэрлэлийн төвүүдийн тэргүүн эгнээнд гарч ирэв. Тарифын бодлого хэрэгжиж эхэлснээр Apple сүүлийн өдрүүдэд Энэтхэг дэх үйлдвэрлэлээ хурдасгаж, тоо ширхэгийг нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ. 

Пүрэв гарагт Ройтерс агентлагийн мэдээлснээр Apple Энэтхэгээс АНУ руу 600 гаруй тонн iPhone тээвэрлэх ачааны нислэг үйлдсэн байна. Дональд Трамп Энэтхэгт ногдуулах татварыг 90 хоногийн хугацаанд зогсоож байгаа энэ үед тус улс iPhone-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ээлтэй байж магадгүй юм.

Apple тарифын бодлогод яагаад өртөнө гэж? 

Дональд Трамп болон түүний зөвлөхүүд тарифын бодлогын зорилго нь АНУ дахь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч технологийн аварга компаниудын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эд анги угсралтын ажил нь дэлхий даяар буй үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн сүлжээнд тулгуурладаг. Голчлон Ази дахь хямд өртөг бүхий, хурдацтай ажилчид болон үйлдвэрлэлийн хүчин чадалд суурилдаг. Гэхдээ Wedbush Securities-ийн шинжээч Дан Айвес нийлүүлэлтийн сүлжээгээ Ази дахь хямд үйлдвэрлэлийн төвүүдээс АНУ руу шилжүүлэхэд маш их цаг хугацаа, мөнгө шаардагдана гэж мэдэгдсэн юм. 

Харин Forrester-ийн ерөнхий шинжээч Дипанжан Чаттержи “Ашиг орлого хамгийн өндөр гэж хэлж болох компанийн хувьд Apple нь тарифаас үүдэлтэй зардлын өсөлтийг санхүүгийн ямар нэг алдагдал хүлээхгүйгээр богино хугацаанд даван туулах боломжтой” гэжээ. Зарим шинжээчид Apple хүндхэн цаг үеийг туулах нь гэж халаглаж байгаа бол нөгөө хэсэг нь үнэнч хэрэглэгчид, брэндийн нэр хүндээ бамбай болгож зөв ашиглавал тарифын өсөлтийг хүндрлгүй давж чадна гэж таамаглаж байна. 

Трамп Хятадад ногдуулах татвараа 125% хүртэл нэмэгдүүлсний дараа Хятадад үйлдвэрлэсэн 256 ГБ багтаамжтай iPhone 16 Pro Max-ийн үнэ 1199 доллараас 1999 доллар болж өсөх байсан гэж хөрөнгө оруулалтын банкны UBS фирм тооцоолжээ. Харин Дэн Айвс нарын зарим шинжээчид "АНУ-д үйлдвэрлэсэн" iPhone-ийн үнэ 3500 доллар хүртэл өснө гэж таамаглаж буйг Ройтерс агентлаг мэдээллээ. 

Эх сурвалж: BBC News

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.