Урин дулааныг хөтлөн бидэнд айлчилсан шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе! Энэ долоо хоногийн сэтгэл гэгэлзэм нарлаг өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн талаар мэдээллийг хүргэе. Ноосон өмд, зузаан хүрмээ дэгжин даашинз, хослол зангиагаар солиод, сэтгэл сэргээм арга хэмжээнд явж хаврын урийг мэдрээрэй.
“Сүүлчийн бороо-Нугасны ан” мета драмын жүжиг

Найз нөхдийн харилцаа, хайр дурлал, амьдралын үнэ цэнийг өгүүлнэ. Уг жүжгийн гол баатар Виктор Зилов амьдралд нь тулгарах сорилтууд, хариуцлага, анд нөхөр, хайр дурлалын асуудлуудаас болж өөрийгөө утга учиргүй амьдарч буй нэгнээр мэдрэнэ. Виктор удаан хугацаанд хүсэж мөрөөдсөн нугасны андаа явахаар тэмүүлэх ч энэ аялал нь үзэгчдэд амьдралынхаа мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хөтлөх ажээ.
Хэзээ: 4 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд
Хаана: РЦНК
Тасалбарын үнэ: 30,000-80,000₮
Үргэлжлэх хугацаа: 150 минут
Насны ангилал: 14+
“Гилбэрийн хатан” драмын жүжиг

Уг жүжиг нь орос хэлээр тоглогдоно гэдгээрээ онцлогтой. Залуу инженер Германн түүний анд нөхрийн эмээ гүнжтэн Анна Федотовнад хожил авчирдаг гурван хөзрийн нууц байдгийг олж мэднэ. Тэр нууцын учрыг хэрхэн тайлахыг жүжгээс үзээрэй.
Хэзээ: 4 дүгээр сарын 17-нд
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Тасалбарын үнэ: 20,000-50,000₮
Үргэлжлэх хугацаа: 110 минут
Насны ангилал: 12+
"SAMSARA-Тэртээх хоёр зүрх” драмын жүжиг

Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулна. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна. Энэ удаагийн үзвэрүүдийн бельтаж суудлын тасалбар 50 хувь хямдралтай зарагдаж байгаа юм байна.
Хэзээ: 4 дүгээр сарын 14, 16, 19-нд
Хаана: Соёлын Төв Өргөө
Тасалбарын үнэ: 17,500-60,000₮
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Насны ангилал: 15+
Дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдрийн "Talk Show" тоглолт

Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа жил бүр төрсөн өдрийн тоглолтоо уламжлал болгон зохион байгуулаад 15 жилийг үджээ. Харин энэ удаад поп дива маань үе үеийн сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ халуун дотно яриа өрнүүлэхийн сацуу өөрийн урьд өмнө олонд ил болж байгаагүй ховор нандин зураг бичлэгүүдийг хуваалцах ажээ. Сонирхуулахад, Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо өөрийн дотнын анд, хөгжмийн зохиолч Б.Ангирмаагийн санаалчилгаар зохион байгуулж эхэлж байжээ.
Хэзээ: 4 дүгээр сарын 19-нд
Хаана: Skywing Center
Тасалбарын үнэ: 178,000₮
Эхлэх цаг: 17:00
Морин хуур найрал хөгжмийн Чөлүгэн квартет, ятгын квинтет “Novel Melody’’ тоглолт

Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн "Novel Melody" тоглолтод Н.Жанцанноров /ТХШ, ХБ, АЖ/, Д.Түвшинсайхан /УГЗ/, Т.Пүрэвсүх, Ryuichi Sakamoto, Ц.Нацагдорж нарын уран бүтээлчдийн хөгжмийн бүтээлүүдийг туурвина.
Хэзээ: 4 дүгээр сарын 16-нд
Хаана: Улсын Филармони
Тасалбарын үнэ: 60,000₮
Үргэлжлэх хугацаа: 100 минут
Насны ангилал: 12+
SciCon 2025-Quantum Era

SciCon буюу Science Conference 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн ерөнхий сэдэв нь “Квантын эрин” байх ажээ. Сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, туршилт, workshop, mythbuster, science fair, шинжлэх ухааныг дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн, клубуудын танилцуулга гээд уйдах завгүй сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн арга хэмжээнд очихдоо сониуч зангаа мартуузай!
Хэзээ: 4 дүгээр сарын 20-нд
Хаана: Соёлын төв өргөө
Тасалбарын үнэ: 50,000₮
Насны ангилал: 5+
Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан

Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж буйн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ. Бөх үзээд л автомашинтай болох боломж байна шүү.
Хэзээ: 4 дүгээр сарын 19-нд
Хаана: Монгол бөхийн өргөө
Тасалбарын үнэ:30,000₮
Бэлтгэсэн: Б.Цагаандалай