HBO компаниас Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрсийг зарлалаа. Гэхдээ энэ удаад томчуудад тоглох жүжигчдийн нэрс тодорсон юм. Цуврал 2027 онд нээлтээ хийнэ.
Альбус Дамблдор — Жон Литгоу

"Хогвартс” ид шидийн сургуулийн захирлын дүрд америк жүжигчин Жон Литгоу тоглох боллоо. Энэхүү дүрийг 2023 онд нас барсан Майкл Гэмбон бүтээж байсан билээ. Литгоу Эмми шагналыг зургаа, Алтан бөмбөрцөг шагналыг хоёр, Тони шагналыг хоёр удаа хүртэж, Оскар, Грэмми шагналд нэр дэвшиж байсан АНУ-д алдартай жүжигчин. Нийт 100 гаруй кинонд тоглосон дотор “Rise of the Planet of the Apes”, “Interstellar”, “Conclave” зэрэг кино байна.
Северус Снейп — Паапа Эссиеду

Профессор Северус Снейпийн дүрд Их Британийн Паапа Эссьеду уригджээ. Кинонд энэ дүрийг бүтээсэн жүжигчин Алан Рикман 2016 онд нас нөгчсөн юм. Эссьеда театрын тайзны жүжигчин гэдгээрээ алдартай ч олон телевизийн цувралд тоглож байсан. “Black Mirror”, “I May Destroy You”, “Lazarus Project” гэх мэт.
Профессор Макгонагал — Жанет Мактир

Их Британийн жүжигчин Жанет Мактир сонгогдсон. Макгонагаллд тоглож байсан Мэгги Смит 2024 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Жанет Мактир хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан. Алтан бөмбөрцөг, Тони шагналын эзэн. 30 гаруй кино, цувралд тоглосон дотор “Albert Nobbs”, “Kaos”, “Wuthering Heights”-ийг дурдаж болно.
Профессор Квиринус Квиррелл — Люк Таллон

Профессор Квиринус Квиреллын дүр Их Британийн жүжигчин Люк Таллонд оногдлоо. Өмнө нь энэ дүрийг Иэн Харт бүтээж байсныг уншигчид санаж байгаа. Таллон бол театрын жүжигчин. Гадаадад нэрд төдийлөн гараагүй ч Бродвейн жүжигт оролцож байжээ.
Хагрид — Ник Фрост

Рубеус Хагридийг Их Британийн жүжигчин Ник Фрост бүтээнэ. Энэ дүрд тоглосон Робби Колтрейн 2022 онд нас барсан. Фрост “Spaced” цуврал, “Shaun of the Dead”, “Hot Fuzz”, “The World's End” кинонд тоглосон.
Аргус Филч — Пол Уайтхаус

Их Британийн жүжигчин Пол Уайтхаус сонгогдсон. Кинонд энэ дүрд Дэвид Брэдли тоглож байлаа. Уайтхаус 2004 онд “Harry Potter and the Prisoner of Azkaban”-д сэр Кадоганы дүрийг бүтээж байлаа. Нийт 30 гаруй кинонд тоглосон жүжигчин. “The Personal History of David Copperfield”, “King of Thieves”, “A Ghost Story” гэх мэт.