Словакийн нийслэлд болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны Европын АШТ дээр ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвилигийн гаргасан увайгүй үйлдэл өөрийнх нь суудлыг ганхуулж магадгүй болоод байна. Гадаадын иргэншил авсан орос бөхчүүдийг урвагч хэмээн тэр цоллосон бөгөөд харин мэргэжилтэн, шинжээч нар тухайн бөхчүүд яагаад эх орноосоо явахаас өөр аргагүй болсон шалтгааныг судалж үз гэж хэлж байгаа. Ялангуяа Мамиашвилитэй сөргөлдөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа алдсан Жамболат Тедеев холбоогоо маш их шүүмжилж байна.
Ингээд Оросын чөлөөт бөхийн нэгэн Телеграм сувагт гарсан нийтлэлийг хүргэж байна.
Бөхчүүдийг хэрхэн дээрэмддэг вэ?
Өнөөдөр бөхийн төрлийг хоёр том тоглогч ивээн тэтгэдэг. Нэг нь бооцооны том контор, нөгөөдөх нь алмаз олборлогч АЛРОСА компани. Эхнийх нь жилд 800 сая рубль, хоёр дахь ивээн тэтгэгч нь жилд 180 сая рубль бөхөд гаргадаг. Энэ тоог Жамболат Тедеев гаргасан юм. Энэ мөнгө бөхийн спортын хөгжил, тамирчдын цалин, шинэ заал, танхим барихад зарцуулагдах ёстой. Тэгвэл яг үнэндээ энэ их мөнгө хаашаа ордог вэ? Тодорхойгүй. Жамболат Тедеев ахлах дасгалжуулагчаар 20 жил ажиллахдаа энэ их мөнгөнөөс бөхчүүд нэг копейк ч авч байгаагүй гэж хэллээ.
"Жишээ нь, АЛРОСА байна. Жил болгон тэмцээн зохион байгуулж, жил бүр Бөхийн холбоонд ойролцоогоор 2 сая ам.доллар өгдөг. Юуны тулд өгдөг вэ? Олимп, дэлхий, Европын аваргуудыг дэмжихийн тулд. Тэгвэл тэд нэг ч удаа энэ шагналын мөнгөнөөс авч байгаагүй. Энэ хөрөнгө хаашаа алга болдог вэ? Хэн ч мэдэхгүй...”
Өнөөдөр Бурханы авралаар ОХУ-ын Спортын яаманд улирал болгон мөнгө төлдөг бооцооны компани байгаа. Яамнаас энэ мөнгийг спорт холбоодод хуваарилж өгдөг. Заримд нь их, заримд нь бага. Надад байгаа мэдээллээр 3 сар болгон бөхийн холбоо 200 сая орчим авдаг...”
Олимпын хошой аварга Роман Власовтай уулзаад би “Чи хэзээ нэгэн цагт шагналын мөнгө авч байсан уу” гэж асуусан. Тэр хэзээ ч авч байгаагүй гэж хариулсан. Садулаев я мөн адил, Сидаков ч гэсэн...

Би Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр холбооны дэд ерөнхийлөгч Омар Муртазалиев энэ талаар асуудал тавьж байхыг харсан. Тэр холбооны ерөнхийлөгч Мамиашвилитэй хэрэлдэж, маргалддаг байсан. Сайтиев ч гэсэн Мамиашвилид “Мөнгөний тооцоогоо хий” гэж хэлдэг байлаа. 20 жил болохдоо би хэн нэг нь мөнгөний тооцоо хийж байхыг хараагүй...
Бодоод үз дээ. Шигшээ багт хуваарилагдсан бараг тэрбум рубль бөхчүүдэд очдоггүй. Тэр мөнгө бусдын халаасанд ордог. Монополчлол, авлига – энэ бүхэн бөхийг хөнөөж байна.
Эх сурвалж - WrestleTime