ОХУ-ын нийслэл Москвад энэ сарын 15-17-нд олон улсын "Евразийн нефть, хийн форум” болж байна. Тус форумд оролцож байгаа ОХУ дахь Хятадын Элчин сайд Чжан Ханьхуэй “Сибирийн хүч – 2” байгалийн хийн хоолойн талаар ярилаа. Энэхүү төсөл нь ОХУ-аас БНХАУ-д жилд 50 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлэх асар том төсөл бөгөөд одоогийн байдлаар тав дахь жилдээ яригдаж байгаа юм. Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол, эсвэл Казахстаны нутгаар дайруулан тавихаар судалж, шинжилсээр байгаа юм.
Харин Хятадын Элчин сайд энэ төсөлд итгэлгүй байгаагаа илэрхийллээ. Чжан Ханьхуэй “Казахстанаар дамжуулах нь хамгийн шилдэг маршрут биш. Гэхдээ “Сибирийн хүч-2” Монголоор дамжина гэдэгт ч би итгэлгүй байна. Казахстанд ганц хоолой байдаг нь Туркменистанаас Хятадад хий дамжуулдаг хоолой. Манай улсын баруун хязгаарт бид өөрсдөө байгалийн хий олборлодог. Ганьсу, Шаньсид ч орд газар байгаа. Тэгэхээр Казахстаны нутгаар “Сибирийн хүч-2” хоолойг барих нь боломжгүй гэдгийг би орос түншүүддээ хэлсэн. Хол байна. Оросоос байгалийн хий авах хэд хэдэн хувилбар байгаа. Монголоор дамжуулах төсөл ганц биш, өөр байгаа” гэж мэдэгджээ.й