Энэтхэг улс Монголоос авах нүүрсний хэмжээг нэмэхийн тулд шинэ зам бэлтгэж байна. “Eurasia Energies” компани ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан, Монголоос 11-12 мянган тонн коксожсон нүүрсийг Энэтхэгт хүргэх туршилтаа эхлүүлээд байгаа юм. Энэ маршрут хэр үр дүнтэй болохыг туршилт харуулна. Оросын шинжээчид шинэ замыг ОХУ-ын Энэтхэгт нийлүүлдэг нүүрсний экспортод нөлөөлнө гэж үзэхгүй байгаа ч хэрэв хэмжээ нэмэгдвэл Кузбассын нүүрсний орд газруудад өрсөлдөгч гарч ирж магадгүй гэж дүгнэжээ.
“Eurasia Energies” компаниас мэдээлснээр Монголоос нүүрсээ галт тэргээр Владивосток, Находка боомтод хүргэж, тэндээсээ далайн тээврээр зөөнө.
Оросын “Эксперт РА” агентлагийн шинжээч Олег Емельченков “Алс Дорнодын дэд бүтцийн ачаалал, хязгаарлалтыг тооцвол энэ маршрут ашиггүй гэж үзэж байна. Транс Сибирийн төмөр замаар ойрын жилүүдэд их хэмжээгээр монгол нүүрс оруулах магадлал маш бага. Гэхдээ туршилт амжилттай болоод байнга хэрэгжээд эхэлбэл Энэтхэгт нийлүүлэх манай нүүрсний салбарт монгол өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Үнэ буурах эрсдэлтэй” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эх сурвалж: “Коммерсант”
