UBLife Logo
Технологи

Абу Даби дэлхийн анхны цахим спортын арлыг байгуулна

Ub.life
Ub.life
Абу Даби дэлхийн анхны цахим спортын арлыг байгуулна

Өнгөрсөн долоо хоногт True Gamers компани 280 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн анхны цахим спортын арлыг АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо байгуулахаа зарлалаа. АНЭУ цахим спортын салбарын хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж, бүс нутгийн болох олон улсын цахим спортын тамирчид цугларах цэг болгохоор бэлтгэж байна. 

Ойрхи Дорнод тус салбарт бүс нутгийн цахим спортын тамирчдын авьяас чадварыг дэлхий дахинаа таниулах гол зорилтыг тавьж байгаа ажээ. Forbes сайтын мэдээлснээр, тус бүс нутгийн хүн амын 60 гаруй хувь нь цахим тоглоом сонирхдог бөгөөд гар утасны тоглоомуудыг хамгийн их татан авсан улсуудын нэг болжээ. Энэ эрэлтийг даган True Gamers компани Абу Дабид 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм. Аль-Раха далайн эрэг дагуух Аль Бандар болон Аль Дана барилгуудын дагуу байрлах уг арлын бүтээн байгуулалт бэлэн болох үед нэг тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх төлөвтэй байгаа ажээ. 

Тус аралд тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлхийн болон бүс нутгийн тэмцээнүүдэд зориулсан өндөр технологийн шийдэл бүхий газрууд, GG Bootcamp зэрэг мэргэжлийн сургалтын байгууламжууд байрлаад зогсохгүй контент бүтээх студи, талбай багтах төлөвтэй байна. Тамирчид мөн эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагдаж, хоол зүйчдийн тусгайлан бэлтгэсэн эрүүл хоолоор хооллоно. Дээр дурдсан GG bootcamp-д хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт сайтай компьютер хэрэгслээр тоноглогдсон 200 гаруй тоглоомын өрөө, стрим хийх хэсэг болон алжаал тайлах үйлчилгээ бүхий амралтын хэсгүүд байхаар төлөвлөгдөж байгаа гэжээ. 

"True Gamers"-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Антон Василенко

"True Gamers"-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Антон Василенко “Манай компани бүс нутгийн болон дэлхийн цахим спортын ландшафт болон өсөлт, эрэлтэд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр E-Sport Island төслөө боловсруулсан. Энэ судалгаа, шинжилгээний дагуу төлөвлөсөн бизнесийн загвар цаашдаа цахим спортын салбарт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт бид их хүлээлт тавьж байгаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Hypebeast

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.