UBLife Logo
Сурвалжлага
PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

PHOTO WEEK | Монгол орон гэрэл зурагт

Бид амьдралынхаа энгийн нэг өдрөөс эхлээд баяр жаргалтай үеэ, чухал нандин мөчүүдээ хэзээ хойно нь эргэн дурсахын тулд гэрэл зурагт мөнхлөн үлдээдэг. Зураг бол түүх өгүүлэх, өнгөрснийг эргэн сануулах онцгой чухал зүйл мөнөөс мөн. Монгол хүн анхны дүр төрх анх 1845 онд гэрэл зургийн хальснаа буусан гэж тэмдэглэсэн байдаг бол мэргэжлийн гэрэл зургийн салбар манай улсад 1935 онд үүссэн гэж үздэг байна. Тийнхүү тэртээх 90 жилийн өмнөөс эхлээд өнөөдрийг хүртэлх Монголчуудын үүх түүхийг гэрчлэх зургууд “Монгол орон гэрэл зурагт” үзэсгэлэнд дэлгэгдлээ. 

Энэхүү арга хэмжээ нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүхэн гэрэл зургуудаас гадна залуу уран бүтээлчдийн дуранд буусан орчин үеийн зураг, бүтээлүүд мультимедиа хэлбэрээр, мөн монгол зурагчдын байгалийн сайхныг буулгасан шилмэл зургууд олонд хүрч байгаа гэдгээрээ онцлог юм. 

Өнөөдөр үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болсон бөгөөд үзэсгэлэнгийн ерөнхий куратор, инженер Н.Гансүх нээлтийн үгэндээ “Энэ жилийн үзэсгэлэнд маш олон судалгааны шинжтэй зургууд бий. Бид өмнө нь үзэсгэлэндээ зөвхөн Монголд гэрэл зураг үүссэнээс хойшхи зургуудыг хүүрнэл байдлаар үзүүлдэг байсан бол энэ жил түүнээс ч өмнөх гэрэл зургийн бүтээлүүдийг судлан дэлгэж байгаагаараа онцлог” гэлээ. 

Үзэсгэлэнгийн ерөнхий куратор, инженер Н.Гансүх

Хүн бүр камертай, ухаалаг гар утастай болсон энэ цаг үед бид бүгд зураг дарах боломжтой болсон. Гэсэн хэдий ч технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан өмнөх зууны түүхийг тухайн үеийн зурагчид дурандаа буулгаж үлдээснийг өнөөдөр бид үзэж танилцаж байгаа нь нээлтийн үеэр Н.Гансүх инженерийн хэлсэн “Аливаа үзэгдэл, юмсыг хүмүүст мартагдуулахгүйгээр үлдээж чадах хүмүүс нь зурагчид юм шүү” гэх үгийн гол санаа нь мэт. 

Монгол хүн анх зургийн хальсанд буусан түүх нь маш сонирхолтой. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт үзэсгэлэнд дэлгэгдсэн онцлох гэрэл зургуудийн түүхийг танилцуулсан юм. 1845 онд Франц худалдаачин Жан-Пьер Алибер хэмээх нэгэн монголчуудын зургийг анх удаа гэрэл зурагт буулгасан байна. Зурагт одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумын хойд зүгт байрлах Ботогол гэх газрын уугуул иргэд болох Түнхэний буриадууд, манж ноёд болон европ хүмүүс тодорхой гарчээ. 

МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт

Зургийг багагүй тогтож ажихад, зурагт буй буриад хүмүүс иж бүрэн дэгжин өмсгөл, зүүсгэлтэй, эгнэн суусан байдал нь ч ихэд донжтой харагдана. Зургийн аппарат үүсээгүй байсан бол тэр үеийн хүмүүсийн түүхийг уншиж, төсөөлөхөөс хэтрэхгүй байсан даа гэж бодогдохын зэрэгцээ зуун жил хагасын өмнө ч монголчууд өнөөгийнхөөс дутахааргүй дэгжин, тохилог аж төрж байжээ гэж эргэцүүллээ. 

Дээр дурдсанчлан энэ жилийн гэрэл зургийн долоо хоногийн хүрээнд зөвхөн өнгөрсөн үеийн түүхийг өгүүлэх бус, шинэ залуу үеийн гэрэл зурагчдын бүтээлүүдийг үзэж сонирхох боломжийг ч бас нээж байгаа юм. Гэрэл зургийн долоо хоногийн нэгэн тод шигтгээ нь “Гэрлээр зурсан сэтгэлгээ” контемпарори уран бүтээлчдийн үзэсгэлэн байлаа. Үзэсгэлэнгийн ерөнхий куратор, Монголын урчуудын эвлэлийн гишүүн Б.Бат-Оргил “Манай үзэсгэлэнгийн хувьд Монголын гэрэл зургийн салбарын 90 жилийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хэр нь одоо олон нийтэд төдийлөн дурсагддаггүй зурагчдын бүтээлүүдийг онцлон танилцуулж байгаа. Гол зорилго маань, тэр зурагчдын бүтээлүүдийг олон нийтэд түгээж таниулах юм. Түүнчлэн, залуу гэрэл зурагчдын төлөөлөл “Сүүдэр”, “Street” клубын залуус мультмедиа бүтээлүүдээ толилуулж байгаа. Харин үзэсгэлэнгийнхээ хойморт 1911 онд Богд Хаант Монгол Улс болж буй үеийн зургийг дэлгэсэн” хэмээн онцлолоо.

“Гэрлээр зурсан сэтгэлгээ” үзэсгэлэнгийн ерөнхий куратор Б.Бат-Оргил

Уг үзэсгэлэн нь дөрөвдүгээр сарын 21-27-ны өдөр буюу энэ долоо хоногийг дуустал үнэ төлбөргүй дэлгэгдэж байна. Мөн лхагва гарагт “Залуу гэрэл зурагчин, уран бүтээлчид” сэдэвт өдөрлөгийн хүрээнд үе, үеийн гэрэл зурагчид хэлэлцүүлэг өрнүүлнэ. Долоо хоногийн турш өдөр бүр гэрэл зургийн салбарын мэргэжилтнүүдийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг болох тул уншигч та бүхнийг Монголын уран зургийн галерейд зочлон, үзэсгэлэнтэй танилцахыг урьж байна.

Гэрэл зургийг: Г.Мөнх-Од

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

Percussion Event: Concert and the Competition эвэнтийн хүрээнд Монгол улсын консерватороос зохион байгуулж буй Монгол улсын гавьяат багш, дэд профессор Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ