UBLife Logo
Сурвалжлага
Фото сурвалжилга | Аз жаргалаар “ШҮНШИГ”-лэсэн айл бүрдээ талархлаа

Фото сурвалжилга | Аз жаргалаар “ШҮНШИГ”-лэсэн айл бүрдээ талархлаа

Өнгөрсөн бямба гаригийн оройн бүрий болохтой зэргэцэн “Шүншиг-3” хотхоны гадаах уудам саруул талбайд хүмүүс цугларч, жавар тачигнасан хүйтнийг хүүхэд багачуудын цангинасан инээд дулаацуулан байлаа. Хүүхдүүд гартаа барьсан бенгалийн галаа гялалзуулж, баярын очис хотхоны уур амьсгалыг ид шидийн мэт болгон айсуй баярын дохиог бүхний дотор асаав. Томчууд халуун чацаргана гартаа барин хөрш нэгэнтэйгээ ойр зуурыг ярин тайван хүүрнэлдэх нь соньхон харагдлаа. 

Томоохон албан газруудын гадна л харж дассан шинэ жилийн сүрлэг сүлд мод энэ удаа орон сууцны хотхоны голд сүндэрлэж, гэрэл чимгээ асаах мөчийг цөм хүлээж байсан нь шинэхэн агаад догдлом мэдрэмж байв. Өдөрлөгийн үеэр хотхоны зүгээс 800 гаруй айл өрхөд баярласан, талархлаа илэрхийлж амтат бялуу, ил захидал, оргилуун дарс хүргэсэн нь шинэ жилийн баярыг угтсан, сэтгэлд дулаан мэндчилгээ болсон юм. Ил захидалд буй талархлын үгс энэ хотхоныг зөвхөн барилга бус, итгэлцэл бүхий хамтын амьдралын орон зай болохыг илтгэнэ. Энэ бол “Шүншиг-3” хотхоныг санаачлан хэрэгжүүлсэн “MD Top” компанийн зүгээс оршин суугчдадаа барьсан халуун дотно бэлэг байлаа. 

“Гэрийн маань гадаа ийм том гацуур мод байхыг хараад зөндөө гайхсан. Өвлийн өвөөд шинэ жилийн орой хүслээ шивнэх ч гэсэн өнөөдөр би гацуур модонд хүслээ шивнэсэн. Юу хүссэнээ хэлбэл биелэхээ больчих байх. Өнөө орой ёстой гоё байна аа, хотхоны найзуудтайгаа тоглоод, чихэр ч их идээд л. Одоо гэртээ ороод бялуугаа ээжээр зүсүүлж байгаад иднэ дээ” гэж долоон настай Г.Ганбаяр хүү догдлол дүүрэн хэлэв. 

Г.Ганбаяр, долоон настай

“Шүншиг 3” хотхон нийт талбайнхаа 70 орчим хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, явган хүний зам, тоглоомын талбайд зориулсан гэдгээрээ онцлог. Сууц хоорондын зай тавиу, зэрэгцээ орших сургууль цэцэрлэгтэй, олон улсын стандартад нийцсэн жишиг төлөвлөлт нь оршин суугчдадаа ээлтэй, амьдрахад таатай орчныг цогцлоож чаджээ.

Хорин жилийн түүхтэй “MD Top” компанийн хувьд “Шүншиг 3” тэдний урьд нь хэрэгжүүлж байсан бусад төслүүдийн нэгэн адил сэтгэл шингээн, чанарыг эрхэмлэн бүтээсэн бүтээн байгуулалт юм. Барилгын чанар, төлөвлөлтөөс гадна оршин суугчидтайгаа харилцах халуун дотно харилцаа нь уг төслийг тэдний хувьд ямар үнэ цэнтэй болохыг илтгэлээ. 

“Шүншиг 3” хотхоны оршин суугч П.Баатархүү “Оршин суугчдаа хүндлээд, хотхон дотроо сүлд модны наадам шиг ийм гоё арга хэмжээ зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Хүнээ бодсон, жишиг стандарт болохуйц төлөвлөлттэй гэдэг нь тоглоомын талбай, явган хүний зам зэргийг харахад л мэдэгдэнэ. Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг орон гэртээ л өнгөрүүлдэг шүү дээ. Тэр цаг хугацаагаа эрүүл аюулгүй орчинд ая тухтай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн энэ хотхоны оршин суугч гэдэгтээ их сэтгэл хангалуун байдаг” гэв. 

П.Баатархүү, "Шүншиг 3" хотхоны оршин суугч

Шинэ жилийн баярыг угтсан энэ оройг хотхон дотроо байгуулсан мөсөн гулгуурын талбай улам онцгой болгосон юм. Тэшүүрээр гулгаж буй хүүхдүүдийн инээд хөөр харин ч нэг тасраагүй шүү. 

Э.Гийх-Од, Э.Гийх-Очир, есөн настай ихрүүд

“Бид хоёр “Хүннү молл”-ын мөсөн талбай дээр эгчээрээ заалгаж, анх гулгаж сурч байсан. Бид хоёр тэшүүрээр гулгах их дуртай ч байнга тийшээ явж гулгаж чаддагүй юм л даа. Харин одоо бол гэрээсээ тэшүүрээ авч гараад л өдөр болгон мөсөн гулгуурын талбайд гулгаж байгаа болохоор янзын гоё байна аа. Сүлд модны баяр үнэхээр гоё болж өнгөрч байна. Зөндөө жүүс уугаад л, найзуудтайгаа цуг гулгаад л, бялуутай ч боллоо. Хотхоны хүүхдүүдтэй танилцаад олон шинэ найзуудтай болсон. Найзууддаа бүгдэд нь хайртай шүү гэж хэлье” хэмээн есөн настай Э.Гийх-Од, Э. Гийх-Очир нар хэлэв. 

Сүлд модны гэрэл асах мөчийг цугларсан хүмүүс зэрэг тоолон хүлээж, гэрэл асахтай зэрэгцэн салют буудаж, энэ оройг мартагдашгүй болгов. Шинэ жилийг угтаж буй өдөрлөг гэхээс илүүтэй оршин суугчид хоорондын анхны холбоог бий болгож, айл хөршүүдийн хамтын амьдралын эхлэл болсон мэт сэтгэлд дотно орой болж өнгөрлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.