UBLife Logo
Сурвалжлага

Фото сурвалжилга | Дулаан дуудлага

Фото сурвалжилга | Дулаан дуудлага

Арванхоёрдугаар сар эхлэхэд албан байгууллагууд сүлд модоо засаж, гэрлэн чимэглэлүүд хараа булаахтай зэрэгцэн мөдхөн шинэ жилийн баяр болох гэж буйг мэдрэн догдолдог билээ. Энэ бол улиран одож буй хуучин оноо дүгнэж, ирж буй шинэ оны хүслээ шивнэн, хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх жилийн хамгийн онцгой үе. Шинэ жилийн баярын уур амьсгал орж буй догдлол дүүрэн мөчүүдэд бидэнд яагаад ч юм сэтгэлийн гүн дэх хамгийн нандин үгсээ хэлэх хүсэл төрдөг. 

Юнител Групп жил бүр шинэ жилийн баярыг угтан сүрлэг, өнгөлөг сүлд модыг хотын зүрхэнд байрлах Централ Тауэрийн урд сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ даваа гарагт Юнител Группийн 400 ажилтан тус гацуурын гэрлийг нэг цаг мөчид хамтдаа асааж, дуу хууртай, дурсамж дүүрэн нэгэн оройг өнгөрүүллээ. Мэдээж сүлд модыг гэрлэн чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэ жил тэдний сүндэрлүүлсэн сүлд мод хажууд нь байрлах лаазан спикерт дулаахан үгсийг хэлэхэд дууг гэрлийн долгион болгодог байна. Яг л энгийн нэг өдрийг хэн нэгний хэлсэн халуун дулаан үгс гэрэлтүүлдэг шиг.

“Чин сэтгэлийн халуун дулаан үгсээр бялхдаг болохоор шинэ жилийн баярт маш их дуртай”

Юнител Группийн Маркетингийн менежер М.Ариунмөнх

Ээж маань хэдэн жилийн өмнө хүнд хагалгаанд орох үеэр нь би хамтдаа байж чадаагүй юм л даа. Ээж хагалгаанаасаа гараад “Миний охин, ээжийнх нь хагалгаа амжилттай болсон шүү” гэж утсаар хэлэхэд тайвшрал, баяр догдол зэрэгцээд үнэхээр сайхан байсан. Яг л ээжийнхээ дэргэд байгаа юм шиг тайван мэдрэгдсэн. Амьдралдаа олон сайхан мэдээ дуулж, олон ч сайхан дуудлага авч байсан ч тэр үед ээжээс авсан дуудлага миний амьдралын хамгийн дулаан дуудлага. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа байх боломжгүй үеүдэд тэднээс ирсэн ганц дуудлага хүртэл сэтгэл дулаацуулдаг. 

Шинэ жилийн баяр бол гэр бүл, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх хамгийн сайхан баяр мөн. Манай хамт олон ч шинэ жилийн баярт маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг болохоор ч тэр үү өнөөдөр бүх хамт олноороо сүлд модныхоо гэрлийг асааж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Зөвхөн Улаанбаатар дахь ажилтнууд бус хөдөө орон нутгийн салбарынхан маань ч хамтдаа нэгэн цагт энэ нандин мөчийг хуваалцаж байгаа учраас яг л хамтдаа байгаа юм шиг. Холливудын шинэ жилийн сэдэвт алдартай кинонууд дээр гардгийн адил гайхалтай орой өнгөрч байна. Энэ жил Юнител Групп нийт ажилтнууддаа 12-р сарын 26-наас эхлээд 1-р сарын 4-ний өдөр хүртэл цалинтай амрах бэлэг барьсан. Гэр бүлтэйгээ жилийн хамгийн сайхан үеийг өнгөрүүлэх боломжийг бэлэглэсэнд их баяртай байгаа. Бэлэг, догдлол, чин сэтгэлийн халуун дулаан үгсээр бялхдаг болохоор шинэ жилийн баярт маш их дуртай. 

Сүлд модны гэрэл асаахаар халуун уух зүйл барьсан, цаа буга, цасан охины толгойн гоёлоор гоёсон, бенгалийн галаа халаасалсан Юнител группийн ажилтнууд гарч ирж, Централ Тауэрийг тойрон хүрээлсэн юм. Мөн ойр орчимд алхаж байсан хүмүүс ч шинэ жилийн дуу, олны инээд хөөрийн чимээгээр цуглаж, яг л 1990-ээд оны Холливудын шинэ жилийн киноны сцена шиг сэтгэлд дотно байлаа. 

“Аав ээжтэйгээ анх удаа дүрст дуудлагаар холбогдож байсан мөчөө тодхон саналаа”

Юнител Группийн Инновацийн мэргэжилтэн А.Болортулга

Бага байхад маань манай аав, ээж гадаадад ажиллаж, амьдардаг байсан юм. Би жаахан байсан болохоор өөрийн гэсэн утасгүй, гэртээ суурин компьютертай ч гэр хорооллын бүсүүдэд айл бүр интернэтгүй болохоор аав ээжтэйгээ байнга холбогдож чаддаггүй байлаа. 2010-аад оны эхэн үеэр би анх андройд утастай болж, түүнтэй зэрэгцээд Монголд ч 3G сүлжээ нэвтэрсэн. Тэр жил анх удаа интернэттэй танилцаж, харин шинэ жилийн баяраар аав ээжтэйгээ дүрст дуудлага хийх үед үнэхээр их баярлаж байсан. Аав ээжээсээ хол байсан ч, дүрст дуудлагаар холбогдож, олон жилийн дараа тэднийхээ царайг харсан болохоор ч тэр үү хамгийн сэтгэл тэнүүн, халуун дулаан шинэ жилийн баяр болж өнгөрсөн. 

Шинэ жилийн баяр бол хүн бүрийн амьдралд шинэ хуудсыг нээдэг маш гайхалтай баяр шүү дээ. Энэ жил манай Юнител групп “Дулаан дуудлага” уриатайгаар сүлд модныхоо гэрлийг асааж байна. Хүмүүсийн халуун дулаан үгээр гэрэлтдэг гацуур гэж бодохын төдийд л хайр хүрэм. Арав гаруй жилийн өмнө аав ээжтэйгээ анх дүрст дуудлагаар холбогдоод мэдэрч байсан тэр гайхалтай мэдрэмжийг ажилладаг компанийнхаа хийж буй ажил, зассан сүлд модноос мэдэрсэн болохоор маш баяртай байна. 

Шинэ жилийн баяраар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг мөчүүд мэдээж номер нэг ч, хамт олон, найз нөхдөөрөө яг л энэ үеэр мартагдашгүй дурсамжуудыг бүтээдэг шүү дээ. Юнител групп ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг дэмжих, урам зориг өгөх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шинэ жилийн баяраар алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд аз жаргалтай, баяртай мөчүүдийг бүтээж өгөх зорилгоор бэлэг бэлдэн илгээх, баярын өдрүүдэд ажилчдадаа цалинтай чөлөө олгож, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлэх зэрэг олон зүйлсийг шинэ жилийн баярыг тохиолдуулан хийдэг.

Мэдээж шинэ жилийн баярын хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хүслээ шивнэх мөнөөс мөн. Хуучин оны алдаа оноогоо эргэцүүлж, аз жаргалтай мөчүүдээ дурсахын зэрэгцээ цөм сүлд модонд, он солигдох мөчид хүслээ шивнэдэг. Сүлд модны гэрэл асаахаар цугласан алдрай жаалууд, идэр залуус инээд догдлол дүүрэн, хүслээ шивнэсэн нь энэ оройн мартагдашгүй мөчүүдийн нэг байлаа. 

Яг л бага нас руугаа аялчхаад ирсэн мэт сэтгэлд дотно мэдрэгдэж байна

MIU сургуулийн оюутан Г.Цээмаа

Жаахан хүүхэд байхаасаа л арванхоёрдугаар сар гарав уу үгүй юу гацуур модоо засаад, шинэ он солигдох мөчийг хуруу даран хүлээдэг байлаа. Өнөөдөр энэ сүлд модны гэрэл асах мөчийг олон хүмүүсийн халуун дулаан уур амьсгал дунд мэдрэхэд яг л бага нас руугаа аялчхаад ирсэн юм шиг сэтгэлд дотно мэдрэгдэж байна. Бенгалийн гал асаагаад, олуулаа шинэ жилийн дуу дуулаад, юу юугүй шинэ жил болох гэж байгааг сая нэг саналаа шүү дээ. Сүлд модны гэрэл асах мөчид ирэх жилийн хүсэл, мөрөөдлөө шивнэлээ. Яг л багадаа шинэ он солигдох мөчид яаж хүслээ шивнэдэг байсан шигээ. Шинэ жилийн баярыг хамгийн сайхан болгодог зүйлсийн нэг бол яах аргагүй гэр бүлтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай цаг мөчүүд, бас сэтгэлийн үгээ бие биедээ хэлэх гэж боддог. Энэ шинэ жилээр хүн бүрийн сүлд модонд шивнэсэн хүсэл биелээсэй, хайртай хүмүүстэйгээ цуг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэрвээ тэднээсээ хол байгаа бол хайртай гэдгээ хэлээрэй, баярын өдрүүдийг нь гэрэлтүүлэх дулаан дуудлага хийгээрэй гэж хэлмээр байна. 

Зөвхөн баяр ёслолын үеэр бус энгийн өдрүүдэд ч сэтгэл хөдөлгөм бяцхан мөчүүд ч гагцхүү хайртай дотнын хүмүүстэйгээ байх үед үнэ цэнээ олдог. Тэр мөчүүдийг чин сэтгэлийн дулаан үгс улам гэрэлтүүлдэг. Юнител групп дуудлага бүрийг найдвартай сүлжээгээр холбож, нандин үгсийг хайртай хүмүүсийн тань сэтгэл зүрхэнд цаг алдалгүй дамжуулсаар байна. Та хайртай хүндээ хамгийн сүүлд хэзээ “хайртай шүү” гэж хэлсэн бэ? Хараахан хэлж амжаагүй бол яг одоо тэдний сэтгэлийг дулаацуулах “дулаан” дуудлага хийгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.