UBLife Logo
Ном

Монголд шуугиан тарьж буй АРВАН зурагт ном

Монголд шуугиан тарьж буй АРВАН зурагт ном

Өнөөдөр дэлхийн номын өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголд шуугиан тарьж буй АРВАН зурагт номыг танилцуулж байна. Та бүхэн хүүхдүүдийнхээ хамтаар эдгээр номыг уншиж төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөр аялаарай.


Тина Озиевицз, Александр Заиац “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?”

“Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь тэрхүү мэдрэмжээ илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг тухай” та сонсож байсан уу?

Хүүхэд тань мэдрэмжээ үгээр илэрхийлээд сурчихвал хэчнээн амар байх бол. Та оролдоод үзээрэй. Энэхүү ном таныг хөтлөх болно.


Маурис Сендак “Мангасуудын оронд”

Хүүхдийн номын зохиолч Маурис Сендакыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэр нэгэнтээ “Хүүхэд нас хэцүү шүү дээ... Хүүхдүүд яажшуухан том болж, амьдарч сурдаг, амьдрах зориг хатуужилтай болдгийг бодохуйд би үнэхээр гайхдаг юм” хэмээсэн байдаг. Мөн өөрт тулгарсан асуудлыг даваад гарч буй хүүхдүүдийг гүн хүндэтгэдгээ ч ярилцлагадаа дурдсан байдаг юм.

“Мангасуудын оронд” номын Максын төсөөллийн зах хязгааргүй орон зайд далай тэнгис, мангас, бүр сүрэг мангас багтдаг. Хүү тэр мангасуудын хаан болоод гэртээ эргэн ирдэг нь гайхалтай. Тэгэхээр Маурис Сендакын гүнээ хүндэтгэдэг жаалуудын нэг нь яахын аргагүй Макс билээ.


Б.Энхжаргал, М.Энх-Отгон “Дуусдаггүй худалч ном” 

Ид шидийг хэрвээ төсөөлж чадвал энгийн зүйлээс ч бий болж, тэр төсөөллийнхөө дотор нь орох боломжтойг энэ ном харуулжээ. Идсэн алимны үрээ газарт суулган ойг бүтээж тэрхүү ойдоо хөгжилдөн тоглох дэврүүн төсөөллөөр дүүрэн ном.

Яагаад ДУУСДАГГҮЙ хэмээн нэрлэсэн бэ гэж үү? зохиолч тухайн түүхийг өрнөл хүртэл нь бичээд тэрхүү түүхийг цаашаа яаж өрнүүлэхийг харин уншигч хүүхдүүд өөрийнхөөрөө төсөөлж, бичиж, зурах юм. Ийнхүү бичихдээ худлаа ярьж болохгүй шүү гэж дамжуулсан шүү.


Марианна Дюбүк “Уулын оргил өөд”

Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна...


Б.Төрмөнх “Бяцхан салхи”

Хүүхдүүдэд ч бас асуудал тулгардаг. Бид том хүн болтлоо олон зүйлийг даван туулдаг. Энэ бол өөрийгөө сул дорой гэж мэдэрч, хурдан том болохыг хүсэж буй нэгэн бяцхан салхины түүх.


М.Алтаннар, М.Энх-Отгон “Үсгийн эрэлд”

Далавчаа мартсан луу, эврээ алдсан ганц эвэрт нар эрлээ олох болов уу гэдэг нь дараагийн цувралуудаас тодорхой болох буй заа.

Номын зохиогч М.Алтаннар сүүлийн арав гаруй жил гадаадад байгаа монгол хүүхдүүдэд зориулж эх хэлнийхээ хичээлийг цахимаар зааж буй нэгэн. Тэрээр эх хэлээ хүүхдүүдэд сонирхолтой, хөгжилтэй эзэмшүүлэх аргыг үргэлж илэрхийлж Монголбаавар гуай, Цоожоо өвгөн гэх дүрүүдээр дамжуулан хүүхдүүдтэй хөгжилдөж хичээлээ заадаг байснаа зурагт ном бүтээхээр шийдсэн нь энэ ажээ. 


“1001 шөнийн үлгэр”

Насанд  хүрэгчид ид шид байдаг ч болоосой гэж хүсдэг. Харин хүүхдүүд ид шид байдагт шуудхан итгэдэг. Хүүхдийн төсөөллийн ертөнцийг хязгааргүй тэлэх номуудын нэг нь 1001 шөнийн үлгэр, Арабын шидэт үлгэрүүд билээ.


Л.Нямдорж “Эмээ бид хоёрын тухай бяцхааан ном”

Хүүхдийн нүдээр хорвоо ертөнцийн юм бүхэн сонин байдаг. Хүүхэд харсан сонссоноо өөрийн ертөнцөөр чөлөөтэй, бүтээлчээр илэрхийлж чаддаг. Хайрыг ч бас өөр өөрийнхөөрөө илэрхийлнэ. Ийм л зүйлийг хайр гэнэ хэмээн томъёолж хэлж болдоггүй ч бяцхан зүрхээрээ, хиргүй тунгалаг ухаанаараа ойлгож, үг хэл, үйл хөдлөлөөрөө илэрхийлсээр байдгийг эмээ, ач хүү хоёрын тухай энэхүү зурагт ном бидэнд өгүүлнэ.


А.Даваасүрэн, Э.Базаррагчаа “Ув улаан зүрх”

Бөхөн бол тун дэгжин залуу. Үргэлж үсээ самнаж, гутлаа тосолж явдаг. Бас бусдаас онцгой УВ УЛААН зүрхтэй. Гэхдээ таарсан бүхэндээ таагүй үг заавал хэлдэг гэнэ. Бүр шинэ жилийн баяраар хүртэл шүү. Эцэст нь тэр бусдыг гомдоох бүрд бундан улаан зүрхэнд нь хар толбо үүсэж, томрон томорсоор эцэстээ хөө шиг хар болчихдог. Тэгээд цааш нь юу болсныг номоо уншаад мэдэж аваарай.

Угаас хүний зүрх сэтгэл харагддаггүй боловч хиртдэг, өвддөг, гунигладаг, хайрладаг олон өнгөтэй эрхтэн билээ.


“Миний сэтгэл хөдлөлүүд” цуврал

ЖИЖИГХЭН хүмүүст төрдөг ТОМ мэдрэмжүүдийг танилцуулсан “Мэдрэмжийн цуврал” номоороо хэдийнээ танил болсон зохиолч Трэйс Моронигийн "Миний сэтгэл хөдлөлүүд цуврал"-ыг танилцуулж байна!

Хүүхэд тань сэтгэл хөдлөлөө таньж, илэрхийлж, түүнийгээ удирдан зохицуулж чадаж байна уу? Танд болон таны хүүхдэд энэхүү цуврал туслана гэдэгт найдаж байна.Мөн уй гашуу, стресс түгшүүрийн үед яах ёстой талаар зөвлөж, хүүхдийг аливаа бэрхшээлийг даван туулах итгэлтэй, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай болоход бэлтгэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.