UBLife Logo
Ярилцлага
‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

‘’Authentic Mongolia’’ номын зохиолч Ц.Дөлгөөн: Эх орноо би хайрын линзээр хардаг

Ц.Дөлгөөн эх орноо гадаад, дотоодын жуулчдад таниулах үйлсэд идэвхтэй оролцоод 16 жил болжээ. Тэрбээр Монгол орныхоо эгэл сайхныг элдэв өнгө будаггүйгээр илэрхийлсэн ‘’Жинхэнэ Монгол’’ номоо англи хэлээр бичсэн нь юм. Ц.Дөлгөөн монголчууд бидний төдийгөөс өдий хүртэл тээж хадгалж ирсэн уламжлалт сэтгэлгээ, нүүдэлчин ахуй, өргөн уудам нутгийн гоо үзэсгэлэнг энгийн хэр нь эгэлгүй сайхан үзэглэх явцдаа өөрт хуримтлуулсан туршлагаа бидэнтэй хуваалцлаа. 

-Номоо “Жинхэнэ Монгол” гэж нэрлэх болсон шалтгаан тань юу байв? Жинхэнэ буюу “authentic” гэсэн энэ үгээр юуг илэрхийлэхийг зорив?

-Номоо бичих сэдэлтэй маань шууд холбоотой. Монголын тухай ном маш олон ч тэр дунд монгол зохиолчтой ном бараг л байдаггүй. Google эсвэл Amazon-оос хайвал цөм гадаад зохиолчтой номууд байдаг. Хэн нэгний тухай ном байлаа гэж бодъё. Тухайн гол дүрийнхээ талаар багахан л мэдэх хүн зөвхөн өөрийнхөө мэдэхээр, өөрийнхөө үнэлэмжээр л бичнэ. Харин тэр хүний хамгийн дотны хүн номоо бичихдээ дүрийнхээ үнэт чанар, гадаад дотоод бүхий л төрхийг хамгийн сайн илэрхийлж чадна. Яг үүн шиг Монголын талаар монгол хүний өнцгөөс харуулсан ном дутагдалтай санагдсан. 

Эх орныхоо тухай ном бичихээрээ хүмүүс аль нэг талыг нь хэтэрхий дөвийлгөж бичих гээд байдаг. Харин ‘’authentic’’ гэдэг үг жинхэнэ гэдгээс гадна үнэн, бодит гэх утгыг давхар агуулдаг. Ямар ч чимэг зүүлт зүүж, будаг шунхаар гоёж гоодоогүй хэр нь маш үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг даа. Түүнтэй адил манай Монгол Улс ямар бишрэм сайхан нутагтай, сайхан ард түмэнтэй билээ дээ. Ёс уламжлал, нүүдлийн аж ахуй гээд эх орныхоо сайхан зүйлсийг би хайрлаж хардаг. Үнэн юм ховордож байгаа энэ цаг үед Монголынхоо талаар нэмж хачирлалгүй, яг л байгаагаар нь, бодит зүйлсийг нь бичихийг хичээсэн. Хиймэл оюун, интернэт хөгжсөн эрин зуунд мэдэхийг хүссэн зүйлээ хайхад хормын дотор л хэдэн мянган мэдээлэл гараад ирнэ шүү дээ. Технологийн ертөнцөд ном бичнэ гэдэг угтаа хуучирсан зүйл мэт боловч технологиор зүрх сэтгэлийг дамжуулж болохгүй. Тиймдээ ч зохиолч, сэтгүүлчид бичсэн мөр болгоноо сэтгэл зүрхээрээ зүйн урлаж, маш нандин хөдөлмөр эрхэлдэг. Ямар ч мундаг хиймэл оюун тэр мэдрэмж сэтгэлийг илэрхийлж чадахгүй. Бидний эх орноо хайрладаг сэтгэл юм шүү дээ. Үүнээс л ‘’Authentic’’ гэх үг ургаж гарч ирж байгаа юм.

-Монгол орны үнэн төрх энэ номонд хэрхэн буусан бэ? Гадны зохиолчдын номоос ямар ялгаатай түүх, төрх байдлыг унших боломжтой вэ? 

-Монголын талаар гадны болоод дотоодын эрдэмтэн судлаачдын номууд ихэвчлэн судалгаа, эрдэм шинжилгээний шинжтэй бичигдсэн байдаг. Газар зүйн өвөрмөц тогтоц, түүхийн талаар маш сайн номууд олон байдаг.

Миний өвөө түүхч, ээж маань сэтгүүлч хүн. Харин би өөрөө арав гаруй жил аяллын хөтөч хийсэн, олон нийтийн харилцаа маркетингаар мэргэшсэн. Олон газраар аялж олон зүйл үзэж, эх орноо гаднаас нь ч, дотроос нь ч олон талаас нь харсны хувьд зөвхөн Монголоос л харж мэдэж болох зүйлсийг бичихийг хичээсэн. Уншихад хэтэрхий хүнд эсвэл хөнгөн биш, дахин давтагдашгүй, зөвхөн Монголд л оршдог, интернэт эсвэл хиймэл оюунаас олж мэдэх боломжгүй зүйлс номонд бий.

Миний бичсэн номоос монголчуудын дотор ороод үзчихсэн юм шиг мэдрэмж аваасай гэж бодож бичсэн. Уншигчдаа залхаахгүй, сэдэв бүрийн ерөнхий мэдээллийг товчхон ч гэлээ маш тодорхой дурдсан. Монгол хүн эх орноо хайрлаж, давс хужиргүй үнэнийг нь бичсэн ч зөв өнцгийг нь харуулахыг зорьсон гэдэг нь ялгарах онцлог байх болов уу. Бэрхшээл, болж бүтдэггүй зүйл байгаа ч түүний цаана ямар шалтгаан байна вэ гэдгийг учирлаж, Монгол Улсын үнэ цэнийг нь ойлгоосой гэж, үнэт зүйлсийг нь шигтгэж бичихийг их хичээсэн. 

-Аялал жуулчлалын салбарт ажиллаж, эх орноо гадны жуулчдад таниулж тайлбарлаж явсан туршлага тань номоо бичихэд ихээхэн нөлөөлсөн байх, тийм үү? 

-Гадны хүмүүс Монголыг ямар нүдээр харж, юуг нь таашаадаг, юу нь тэдний сэтгэлд хүрдэггүй зэргийг яг л хажуунаас нь харж, сонсож, мэдэрч явсан тул ер нь номоо бичих суурийг аяллын хөтөч хийсэн туршлага маань тавьсан гэж хэлж болно. Монголыг мэддэг хүн, мэддэггүй хүний харах өнцгийн ялгаа, монголчууд гадныханд яаж мэдрэгддэг гэдгийг харах, мэдрэх маш өөр. Аялал бол дурсамжийн цуглуулга гэж хүмүүс их ярьдаг ч миний хувьд аяллыг мэдрэмжийн цуглуулга гэж боддог. Нэг газар руу хэдэн ч удаа явсан бай аялал бүрээсээ авсан мэдрэмж нь тэс ондоо байдаг. Тухайн өдрийн цаг агаар, тэр өдөр харилцсан хүмүүсийн хандлага, миний сэтгэл санааны байдлаас эхлээд юу өмсөж явснаасаа хүртэл шалтгаалаад өөр, өөр мэдрэмж авдаг. Тиймдээ ч би тэр мэдрэмж бүрээ номондоо шингээхийг зорьсон. Жишээ нь, би тайга руу очиж үзсэн, очихдоо тайгыг мэдэрсэн учраас тайгын тухай бичихдээ очиж үзээгүй хүнээс өөр сэтгэгдлээр бичнэ шүү дээ. 

Би аяллын компанид ажилладаг юм. Захирал маань “Дөлгөөн өө, чи Хотон хурган нуур явж үзээгүй шүү дээ. Бага түргэн, Их түргэний хайрхан руу явчихаад ир. Тэр өндөр уулсын орой дээр очиж тэнд амьдардаг малчин айлуудыг яг дотроос нь харж, мэдэрч үзэх хэрэгтэй” гээд л сүүлийн хоёр жил ийм маягаар л өнгөрүүлсэн. Номоо бичихэд чинь хэрэгтэй, ийм зүйлийн тухай бичихийн тулд үүнийг мэдэрч үзэх хэрэгтэй гэснийх нь дагуу Монголынхоо маш олон газраар аялсан. Тиймээс Монголоо хүнд зөвөөр ойлгуулъя гэсэн сэтгэлийн минь анхны сэдэл нь аяллаас эхтэй гэж хэлж болно.

-Монголынхоо өргөн уудам газар нутгаар чамгүй их аялж үзсэн хүний хувьд “За би яг ийшээ л заавал очиж үзнэ дээ” гэж боддог, очиж үзэхийг хүсдэг газар тань юу вэ?

-Би Монгол Улсынхаа зүүн тийш явж үзээгүй. Аялал жуулчлалын маршрут тийш сайн хөгжөөгүй болохоор гэх юм уу. Гэхдээ би Буйр нуур хүртэл явахыг, Мэнэнгийн талаар морьтой давхиж үзэхийг их хүсдэг. Миний бодлоор бүх л газар руу явж үзэх хэрэгтэй. Тэр газар гоё, тэр газар муухай гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл, говь хэдий халуун ч өөрийн гэсэн үзэсгэлэнтэйн адил бүх л газар өөрийн гэсэн давтагдашгүй, үзэсгэлэнт чанартай. Газар нутгийн гоё сайхнаас гадна монголчууд маань ямар сайхан хүмүүс билээ. Цэлмэг хөх тэнгэр, цэлгэр уудам тал, нүүдэлчин ахуй гэж их онцолдог боловч тэр өв уламжлал, ахуйг хүмүүс бий болгож, бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын, Монголоо дэлхийд таниулах үйлсийн гол тулах цэг нь монгол хүмүүс өөрсдөө гэж би боддог. Номонд маань тусдаа “People” буюу хүмүүс гэсэн бүлэг бий. Тэнд монгол хүний үнэт зүйл, монголчууд маань ер нь ямар хүмүүс вэ гэдгийг тайлбарлаж бичихийг хичээсэн. 

-Монголд ирсэн гадаад хүнд монголчуудын талаар тодорхой нэг харах өнцөг, ойлголт үлдэх нь дамжиггүй. Тэгвэл та номондоо монгол хүний ямар чанарыг түлхүү тусгаж шингээхийг зорьсон бэ? 

-Испаниас ирсэн Рубен Эдвардо гэдэг зурагчин найз маань найзуудтайгаа цуг Монголын тайгыг үзэхээр ирсэн юм. Тэгээд “Монголчууд бүгдээрээ яг л нэг том гэр бүл шиг юм аа” гэж хэлсэн. Монголчуудын нүүдэлчин соёлын онцлог нь бие биедээ тусархуу, нэгдмэл, хүний өөрийн гэж алаг үзэлгүй анхаарал халамж тавьдаг чанар нь гэж би хувьдаа боддог. Цаг уурын байдал, амьдралын хэв маяг тухайн үндэстний онцлогийг гаргаж ирдэг. Харин монголчууд хахир хүйтэн өвлийг хамтын хүчээр л туулсаар ирсэн. Эхнэр нөхөр хоёр хоёулхнаа гэрээ барьж байхыг харвал айл саахалтаараа бүгд очоод л тусална.  Бид танихгүй хүн байсан ч тусалдаг, элгэмсүү зан чанартай хүмүүс. Барууны соёлд бол тийм ч их байдаггүй шүү дээ. Маш том газар нутагт, эрс тэс уур амьсгалд цөөхүүлээ амьдардаг нь нөлөөлдөг болов уу. Айлчин гийчин ирэхэд “Холын сонин авч ирлээ” гээд баяртай хүлээн авдаг тийм л найрсаг ард түмэн. Хүнд хэцүү үе болоход аргыг нь хурдан олдог, тэсвэр тэвчээртэй чанараа ч монголчуудаас онцлохгүй байхын аргагүй. 

-Эх орныхоо тухай бичсэн номоо мэдээж гадны хүмүүст хүргэхийг зорьж, Монгол Улс ямар онцлогтой орон бэ гэдгийг танин мэдүүлэхийг зорьж байгаа байх. Уншсан хүн номоос өөртөө ямар зүйлийг тусгаж ойлгоосой, энэ ном хүмүүст яаж нөлөөлөөсэй гэж хүсэж байна вэ? 

-Хамгийн том сегмент маань Монголыг сонирхож байгаа, Монголын тухай мэдмээр байгаа гадны жуулчид байна. Яагаад гэвэл жуулчид Монголд ирчихээд ямар ч ойлголтгүй байдаг болохоор наад захын зүйлстэй дөнгөж танилцаж байтал буцах өдөр нь болчихдог. Би тэр хүмүүсийн цагийг хэмнэмээр байдаг. Ямар нэг зүйл сонирхоод асуулаа, хөтөч нь ихдээ л 25-30 минут тайлбарлана, тэгсэн ч тэр зүйлийг уг үндсээр нь ойлгож чадна гэсэн баталгаа  байхгүй. За, хамгийн энгийн жишээ гэхэд нэрмэл архины талаар жуулчин сонирхож асуулаа гэж бодъё. Ихэнхдээ хөтөч нар ‘’Oh, this is mongolian traditional milk vodka’’ гээд л орхичих тохиолдол бий. Гэтэл түүний цаана яагаад шимийн архи гэж нэрлэсэн, нэрмэл гэдэг нь юугаараа ялгаатай юм гээд маш олон зүйл бий. Шим охь гэдэг нь жилийн дөрвөн улирлын турш хайрлаж өсгөж үржүүлж байгаа мал амьтныхаа сүү шимийг нь асар олон шат дамжлагад оруулж дусал дуслаар нь хураан авч болгодог үнэ цэнтэй зүйл. Тийм ч учраас бид өөрсдөө хамаа замбараагүй уулгүй, хүндтэй зочиндоо барьдаг гэх мэтчилэн тоочоод дуусахгүй учир утгатай зүйлс байдаг.

Ямар ч зүйлийг яаж тайлбарлаж өгөхөөс шалтгаалан жуулчдын хандлага, сэтгэгдэлд нөлөөлдөг. Монгол Улсыг жуулчид яаж хүлээж явах, ямар нүдээр харах гэдэг аяллын хөтөч нараас маш их хамааралтай. Харин энэ мэт зүйлсийг номоос маань уншаад, тодорхой хэмжээний ойлголттой болоод ирчихсэн жуулчин арай илүү өөр түвшний зүйлийг сонирхоно. Монголчуудын өдөр тутмын амьдралын талаар ойлголттой болчихсон хүн аяллынхаа турш харж үзсэн, туулсан бүхнээ бүрэн утгаар нь мэдэрч таашааж чадна. Ямар ч оронд ирж байгаа жуулчны хувьд хамгийн чухал зүйл бол аяллаасаа сайхан мэдрэмжүүдийг авч чадсан эсэх нь гэж би боддог. 

Монголд аялахаар ирнэ гэдэг чинь тийм ч амархан зүйл бас биш шүү дээ. Жуулчдын ихэнх нь дор хаяж хоёр гурван нислэг дамжиж, багагүй зардал мөнгө, цаг заваа зарцуулж ирж байгаа. Амжилттай аяллыг харин яаж хэмжих вэ гэвэл эргэн ирж буй тоогоор нь хэмжинэ. Бид нар нэг сая жуулчин авчирна гээд л байна. Гэтэл тэр хүмүүс ирлээ гэхэд “Өө Монгол гэдэг чинь хэцүүхэн газар байна” гэсэн сэтгэгдэлтэй буцвал ирснээсээ ч эс. Жилд Монголд 600 мянган жуулчин ирдэг гэж бодоход түүний цаана ирээгүй, магадгүй ирэхийг хүсдэг байсан ч больчихсон хэдэн ч хүн байгаа юм билээ. Тэдний дунд Монголын талаар буруу ойлголттой учраас ирэхийг ч хүсдэггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр би номоо гадны хүмүүст хүргэхийг хүсэхийн зэрэгцээ аяллын хөтөч хийдэг залуусыг ч бас заавал уншаасай гэсэн чин хүсэлтэй байгаа юм. Хөтөч нарыг эх оронд маань ирж буй хүмүүст зөв, жинхэнэ ойлголтыг өгч, сайхан сэтгэгдэл үлдээж, харин буруу ойлголттой хүмүүсийн ойлголтыг нь засаж залруулж өгөөсэй, дараа дахин Монголд ирэх сэдэл төрүүлээсэй гэж хүсдэг. 

-Та өмнө нь “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг ‘’The Story of a Little Nomad’’ хэмээн нэрлэж, англи хэлнээ орчуулж байсан шүү дээ. Энэ бүтээл тань ‘’Authentic Mongolia’’ номтой хэрхэн холбогдох вэ? Хоёр ном аль аль нь монголын тухай, монголчуудын ахуй амьдралын тухай өгүүлж байгаа ч хамгийн гол уялдаа нь юу вэ?

-Хоёр ном маань мөнөөх ‘’authenticity’’ буюу Монголын талаарх жинхэнэ, үнэн зүйлийг өгүүлж байгаа гэдгээрээ адил. Орчуулсан ном маань баримтат уран сайхны зохиол юм л даа. Бодит түүхээс сэдэвлэсэн зохиол учраас яг л жинхэнэ монгол гэр бүлийн ахуй амьдралыг харуулж байгаа. Тиймдээ ч би хоёр номоо яг л эх орноо, эх орныхоо уламжлалт ахуйг хайрлах сэтгэлээр урлаж бичсэн болохоор хоёр бүтээлийн маань хооронд тийм холбоос байгаа болов уу. ‘’The Story of a Little Nomad’’ ном Оюу гэх бяцхан охин жил тойрон эмээ өвөөтэйгөө цуг хөдөө амьдарч буй арван хоёр сарын үйл явдлыг 12 бүлэгт өгүүлдэг. Жилийн дөрвөн улирлын сар бүрт монголчуудын хийж заншсан уламжлалт үйл бүрийг долоон настай хүүхдийн гэгээн нүдээр харж буй талаар зохиол тул маш гэгээлэг. 

Мөн ‘’The Story of a Little Nomad’’ ном ч тэр ‘’Authentic Mongolia’’ ном ч тэр маш энгийн бичлэгтэй тул хэн ч уншихад төвөггүй. Хэтэрхий их мэргэжлийн үг хэллэгтэй хүнд номыг хүмүүс зорьж унших нь их ховор. Англи хэл бол дэлхийн хэл гэдэг ч ихэнх жуулчдын хувьд яг л монголчуудтай адил хоёрдогч хэл нь байдаг шүү дээ. Тиймээс номыг маань хэн ч уншсан ойлгомжтой, уншаад ямар нэг юм ойлгоосой, өөртөө мэдлэг авч үзээсэй гэсэн сэтгэлээр бичсэн. 

-Тэгвэл ‘’Authentic Mongolia’’ номыг уншигчдад сонирхолтой байдлаар хүргэх онцлог нь юу байв? Уншсан хүн ямар мэдрэмж аваасай гэж хүссэн бэ?

-‘’Authentic Mongolia’’ номыг сонирхолтой болгож буй нэг зүйл нь юмсыг тайлбарлаж буйгаас гадна би өөрт тохиолдсон түүхүүдээ элдэв хачиргүй бичсэн. Яг л найздаа тохиолдсон зүйлийг шимтэн сонсож байгаа мэт дотно мэдрэмжийг уншигчид маань аваасай гэж хүссэн. Мөн монголчуудын сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн үг, хэлцүүдийг их оруулсан.  

Мэдээж ном бүтээл бичсэн хүн чинь номоо олон хүнд хүрээсэй гэж хүсэлгүй яахав. Гэхдээ тэгж хүсэж буйн гол зорилго нь миний номоор дамжуулж Монголын тухай эерэг зөв ойлголт олон хүнд түгээсэй гэдэг бодол юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.78.70
♥️♥️♥️♥️♥️
ЗОЧИН\54.169.78.70
♥️♥️♥️♥️♥️
zochin\66.181.187.156
ashguidee
Д.Цэрэнбат: Эх орондоо ихийг хийж чадах гадаадад төрж, өссөн монголчуудын бүтэн үе гараад ирлээ

Д.Цэрэнбат: Эх орондоо ихийг хийж чадах гадаадад төрж, өссөн монголчуудын бүтэн үе гараад ирлээ

Энэ жилийн хувьд яах аргагүй нэг ийм “мартагдсан” гэх үү, Монголоо хайж байгаа гэх үү үе гараад иржээ. Анзааралгүй орхичихвол хэдэн жилийн дараа эдний хүн шугуйд уусаад алга болчихож мэдэх юм гээд энэ сэдвийг сонгосон хэрэг.

У.Бямбаням: Өөрийгөө олох гээд хайж явсан зам минь улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан

У.Бямбаням: Өөрийгөө олох гээд хайж явсан зам минь улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан

У.Бямбаням уран бүтээлчийн хувиар 2019 оноос “Найрагчийн мөрөөр” төслөө эхлүүлж цуврал нийтлэл, баримтат кино бүтээсний дараа “Дурсамжийн газрын зураг” зүймэл романаа гаргаад байгаа нь энэ.