UBLife Logo
Ярилцлага

С.Алтанцэцэг: Гэрийн дулаалга, халаалтын “ЧИП” багц маань амьдралын чанарыг сайжруулж байна

С.Алтанцэцэг: Гэрийн дулаалга, халаалтын “ЧИП” багц маань амьдралын чанарыг сайжруулж байна

Монголд урин дулаан цаг дуусч, өвс тэжээл, идэш хоол, түлш түлээгээ бэлддэг их ажлын үе үргэлжилж байна. Нэг үеэ бодвол монголчууд гэртээ дулаахан, ая тухтай төдийгүй орчны бохирдолгүй өвөлжих боломжтой болжээ. Монгол гэрийн дулаалга, агаар сэлгэлт, халаагуурын иж бүрдэл болох “Чип” багцын талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэгтэй ярилцлаа. 


-Монгол гэртээ дулаахан, агаарын бохирдолгүй амьдрах боломж бий болжээ. Та “ЧИП” багцынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Монгол гэрийн дулаалга, агаар сэлгэлт, халаагуурын “ЧИП” багц нь уламжлалт монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах, агаарын солилцоог сайжруулах, галлахын оронд цахилгаан халаагуур ашиглах зорилготой иж бүрэн багц юм. “CHIP” гэдэг нь “Cooking, Heating, and Insulation Products” гэсэн үгийн товчлол. Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар  гэр нь хаяа, хаалга, тоононы хэсгээрээ дулаан алддаг нь тогтоогдсон. Тиймээс гэрийг дулаалахгүйгээр ямар нэг халаагуур ашиглах нь үр ашиггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэхүү судалгааг ШУТИС, НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Пенсильвани их сургууль, “Ger Hub” ТББ хамтран хийж, гэрийн дулаалга, түүнийг хийх материалын талаар зөвлөмж боловсруулсан юм. Дулаалгын багц маань 7-9 элементээс бүрддэг бөгөөд үүнд синтетик хөвөн дулаалга, брезентэн дээвэр туурга, хаалганы дулаалга, дулаалгатай шалавч, өрх, хаалганы дулаалга, хатавч зэрэг багтдаг. Үр дүнд нь дулаан алддаг бүх хэсгийг нягт битүүмжилснээр гэрийн доторх дулаан тогтвортой хадгалагддаг. Битүүмжлэл сайтай гэрт агаар сэлгэлтийн системийг суурилуулснаар цэвэр агаар орж, бохир агаарыг гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл, агаар байнга сэлгэгдэнэ. Хаалганд суулгасан филтертэй нээлхийгээр агаар оруулахдаа утаа болон тоос, тоосонцрыг давхар шүүчихдэг. Ингэснээр гэр доторх хүчилтөрөгчийн түвшин тогтвортой болж, агаарын чанар сайжирдаг. Халаалтын систем нь гэрийн хэлбэрт тохирсон жижиг шүүгээнд өлгөж суурилуулсан гурван тийш халдаг халаагууртай бөгөөд цагийн тохируулга, температурыг хянах термостаттай. Гурван тусдаа халаагуурыг ээлжлэн асааж, унтраах боломжтой. Иймд гэр нь тогтмол хэмийн дулаантай, тав тухтай, үнс хоггүй, цэвэрхэн байдаг.

 -Төслийг хэдэн оноос хэрэгжүүлж эхэлсэн бэ. Үр дүнд хэр хүрч байгаа бол?

-Төслөө анх 2019 онд Баянхонгор аймагт 200 айл өрхөд туршилтаар нэвтрүүлж, хэрэгжүүлсэн. Одоогоор Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай зэрэг 13 аймгийн нийт 5000 орчим өрх ашиглаж байна. Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 2020 оноос тасралтгүй хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жилээс цахилгааны төлбөр нэмэгдсэн тул халаагуураа төрөл бүрээр шийдэж, хэрэгжүүлж байна. Энгийн халаагуурыг өөр халаагууртай харьцуулж үзээд, зарим аймагт үнэтэй ч гэсэн цахилгаан хэмнэлтийг нь харгалзаж, өөр халаагуур ашиглах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Баянхонгорт гэхэд гурван тийшээ харсан халаагуурын оронд “агаар агаар дулааны насос” халаагууртай багцыг айлууд хэрэглэж эхлээд байна. Сонгинохайрхан дүүрэгт мөн адил дээрх халаагуурыг хэрэглэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийн халаалтын зуухыг Баянгол, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхээр шийдээд байна. НҮБ-ын Хүүхдийн Сан нь нийслэлтэй хамтран ажиллаж, гэрийн дулаалга, агаар сэлгэлтийн багцаа 1361 өрхөд нийлүүлээд байна. Түүнчлэн, иргэд, хүүхдүүдэд дулаалга, халаалтын багцаа угсрах, суурилуулах, технологийн ашиглалт арчилгаа, аюулгүй байдлыг хангах, эрчим хүч хэмнэх талаар сургалт, мэдээлэл өгч байна. Нийслэлд өнөөдөр манай “ЧИП” багцыг ойролцоогоор 2000 хүрэхгүй өрх хэрэглэж байна. Гэтэл Улаанбаатарт уламжлалт монгол гэртээ амьдарч байгаа өрхийн тоо 90,000 орчим байгаа. Ингээд тооцохоор төсөл маань 90 мянган өрхийн зөвхөн 2 хувьд л хүрчээ. Гадаад орчинд агаарын бохирдол буурах үр дүн гаргахын тулд илүү олон айлд дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Цөөн ч гэсэн айлын гэр доторх агаарын чанар сайжирч байгаа сайн талтай. Нүүрс түлэхгүй байгаа учраас угаар, утааны эрсдэлгүй, үнсний хаягдалгүй амьдарч байна. Өвлийн улиралд айл өрхийн хатуу хог хаягдлын 60-70, зарим тохиолдолд 80 хүртэлх хувийг үнс эзэлдэг гэсэн судалгаа бий. “ЧИП” төсөл нь нүүрс болон түлшний хэрэглээг бууруулах, гэр доторх агаарын чанарыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, амьсгалын замын өвчлөлийг бууруулах, цахилгаан болон түлшний зардлыг хэмнэх, хүмүүсийн амь нас эрсдэхээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн өдөр тутмын ачааллыг багасгах, хүмүүсийн технологид итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, хандлага, зан үйлийг өөрчлөх олон давуу талтай. Төсөл маань монгол гэрийн уламжлалт орчныг орчин үеийн технологитой хослуулан амьдралын чанарыг сайжруулж байгаа жишээ болж байна.

-Энэ багцаа ямар айл өрхүүдэд тараадаг юм бэ. Багцын үнэ хэд вэ?

-“ЧИП” багц маань 3 сая орчим төгрөгийн үнэтэй. Бид аймаг, дүүргийн удирдлагуудтай хамтран, тухайн айлуудын амьжиргаа, санхүүгийн байдал, мөн агаарын бохирдолд илүү өртөх магадлалтай айл өрхүүдийг сонгож 50-70 хувийн хөнгөлөлттэй олгодог. Өөрөөр хэлбэл, 1.5-2 сая төгрөгийг нь аймаг, орон нутгийн төсөвт суулгаж, үлдсэн төлбөрийг тухайн айл гаргаж байгаа гэсэн үг юм. Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх болон жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй өрхүүдэд энэ хөнгөлөлтийг үзүүлдэг. Жирэмсэн эх, бага насны хүүхэд нь гадаад болон дотор орчны агаарын бохирдолд илүүтэй өртөх, амьсгалын замын өвчин тусах эрсдэл өндөр байдаг. Агаарын бохирдол хүүхдийн хөгжил, уураг тархи, уушгины хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Нөгөө талаасаа галаа түлэх, гэрээ дулаан байлгах нь ихэнхдээ эмэгтэйчүүд, охидын хийдэг ажил байдаг. Эрчүүд ч гэсэн нүүрс түлээгээ тээвэрлэх, зөөх гэх мэт хүнд хүчир ажил хийдэг. Энэ ажиллагааг халах зорилготой. Мөн гал түлэх, гэрээ дулаан байлгах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны хувьд төвөгтэй, хүнд ажил байдаг. Иймээс манай багцыг хүлээн авсан айлууд их баяртай байдаг. Мөн өнөөгийн нөхцөлд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа учраас гэр цэцэрлэгт “ЧИП” багцаа нийлүүлдэг. Нийслэлээс гэр цэцэрлэгт зуух ашиглахгүй, нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасанд нь талархалтай ханддаг. Аймаг, сумдын гэр цэцэрлэгт ч “ЧИП” багцыг ашиглаж, зуухыг халах ажил үргэлжилж байна. Цэцэрлэгийн орчинд зуух тавьж, нүүрс түлэх нь байж боломгүй асуудал. Багцыг хэрэглэснээр угаартах, зуух руу хүүхэд унах, галд түлэгдэх аюулгүй болсон.

-Үлдэгдэл төлбөрөө өгөх боломжтой, боломжгүй айлууд бий байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ. Мөн энэ багцыг сонирхсон айл өрхүүд худалдаж авах боломжтой юу?

-Үлдэгдэл 1-1.5 сая төгрөгөө төлж чадахгүй айл байдаг. Энэ тохиолдолд “ЧИП” нэрээрээ бүх банкны ногоон зээлд хамрагдах боломжтой. Аж ахуйн нэгжүүд 1 хүртэлх хувийн орлогын албан татварыг нийгэмд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулбал тэр хэмжээгээрээ татвараас чөлөөлөгддөг болсон. Татвараас чөлөөлөгдөх бүтээгдэхүүний жагсаалтад “ЧИП” багц маань орсон. 2020 оноос хойш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Хас, ХААН, Төрийн банктай хамтран хөнгөлөлттэй ногоон зээлийг 6 хувийн хүүтэй олгож байна. Гэхдээ хүү багатай энэ зээлийн жагсаалтад олон төрлийн бүтээгдэхүүн байдаг болохоор “Чип” багцыг авахаар төлөвлөсөн айлуудад хангалттай биш байдаг. Гэхдээ банкуудад 14.4-16 орчим хувийн хүүтэй ногоон зээл байгаа.  Мөн банкны зээлийн шаардлага хангахгүй айлууд Банк бус санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй ногоон зээл авах боломжтой. Бид “Тогтвортой санхүүжилтийн холбоо”-той хамтран, ББСБ-ын дэргэд “Эргэлтийн сан” байгуулан, “ЧИП” багцыг авах боломжийг бүрдүүлсэн. ББСБ-ын энгийн зээлийн хүү жилийн 30-аас дээш хувь байдаг бол НҮБ-ын Хүүхдийн  Сан, “ТоС” холбоотой хамтардаг 6 ББСБ-аар дамжуулан “ЧИП” багцад  жилийн 18-19.2 хувийн хүүтэй, 24-36 сарын хугацаатай зээлийг олгож байна.  2020 оноос хойш 300 гаруй айл ББСБ-аас зээл авч багцыг худалдаж авсан байна. Банкны зээлийн хүү хамаагүй бага ч гэсэн авч байгаа зээлийн хэмжээ их биш болохоор сар бүрийн эргэн төлөлт, зээлийн хүү нь өрхийн санхүүд хүндрэл учруулдаггүй. Энэ жилээс зээлийн бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй болгох шинэлэг аргуудыг туршиж байна. Жишээлбэл, тогтмол орлогогүй, улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс байдаг. Ийм иргэд орлого багатай үедээ зээлээ төлөлгүй байх, эсвэл бага төлж байгаад орлоготой сарууддаа илүү төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж, “ЧИП” багцыг авч болох боломж бүрдсэн.

-Цахилгааны төлбөр нэмэгдсэн шүү дээ. Айлуудын цахилгааны төлбөр дунджаар хэд гардаг вэ?

-Цахилгааны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор төлбөр хэд гарах нь тухайн айлын зан үйл, хандлагатай шууд холбоотой. Шөнийн хөнгөлөлтөө эдлээд хуучин 150-200 мянган төгрөгийн төлбөр гардаг байсан бол одоо 250-350 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Харин замбараагүй хэрэглээтэй ч юм уу гэрээ өөрчлөн том талбайтай болгосон, үүдэндээ тамбар барьсан бол илүү их дулаан хэрэгтэй. Удаан хугацаанд халаагуураа ажиллуулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд цахилгааны төлбөр мэдээж өндөр гарна. Одоо хэрэглэж байгаа халаалтын багц нь 28-30 ам метр талбайтай гэрт л зориулагдсан юм шүү дээ. Гэхдээ сайн тал нь айл өрхүүд эрчим хүчээ хэрхэн хэмнэхэд суралцаж байна. Эзэнгүй үедээ халаагуураа унтраах, байгаа үедээ гэрийн температураа тааруулаад ихэсгэж, багасгах, гадаа дулаан бол нэг халаагуураа хэрэглэх, бүр зогсоох гэх мэтээр ухаалаг хандлагатай болж байгаа. Ихэнх айлууд буцаад нүүрс хэрэглэх сонирхол, хүсэлгүй байна. Харин ч хөрш айл, хамаатан, найз нөхдөдөө технологи хэрэглэх, гэрээ дулаалах, тэдэндээ туслаад авч өгөх хүсэлтэй байна. Цахилгааны төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулаад “ЧИП” багцын хэрэглэгчийн санал сэтгэгдлийг сонсох зорилгоор Төв, Өмнөговь, Дундговь аймгийн цөөхөн айлуудаар орж уулзсан. Тэдний дунд энэ өвөл нүүрсээ түлнээ гэж хэлж байгаа айл байгаагүй. Илүү хэмнэлттэй ямар халаагуур байгааг л сонирхож байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэгтэй

-Төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа олон аж ахуйн нэгжтэй юм байна. Тэдний амьжиргаа, орлогод ч эерэг нөлөөлж байгаа байх.

-“ЧИП” багцыг 22 аж ахуйн нэгж үйлдвэрлэж, 230 гаруй хүн ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн ажилтнуудад ШУТИС-аас сургалт явуулж, гэрчилгээ олгодог. Багцыг бүтнээр нь үйлдвэрлэдэг 6 аж ахуйн нэгж бий. Хүмүүс нь дулаалга, халаалт, агаар сэлгэлт гээд 3 багцаа бүгдийг нь үйлдвэрлэж чаддаг ур чадвартай ажилтнууд болсон байна. Үйлдвэрлэлээс гадна угсралт, гэрийг нь дулаалж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, аж ахуйн нэгж ч байдаг. Багцаа авсан айлууд 50-80 мянган төгрөгөөр гэрээ бариулах, цахилгааны холболтуудыг хийлгэдэг, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүнийг угсруулдаг чанартай үйлчилгээ авах боломжтой. Энэхүү үйлдвэрлэл, үйлчилгээ нь орон нутгийн эдийн засаг, аж ахуйн нэгжийн ашиг орлого, хүмүүсийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байгаа. “Өнө Монгол  Гэр”, “Мөнх тайж”, “Дөрвөлжин бэл” зэрэг нийслэл болон Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад “ЧИП” багцыг үйлдвэрлэж, нийлүүлж байгаа компаниуд ч бий. Тухайлбал, Батчимэг захиралтай “Өнө Монгол Гэр” компани 2020 оноос манай багцыг үйлдвэрлэж байна. Анх 20 орчим ажилтантай байсан бол одоо 5 ажилтан нэмж авсан. Үйлдвэрлэлийн 70-80 хувь нь оёдол учраас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдсэн. Сарын дундаж цалин анх 1.5-2 сая төгрөг байсан бол одоо 4.5 сая төгрөгт хүрчихсэн байх жишээний. Ид ачааллын үе буюу одоогийн байдлаар ажилтнууд нь илүү цагаар ажиллаад, 10 сая төгрөгийн цалин авч байгаа гэсэн. “Солонгос руу явж ажиллах хэрэг байхгүй ээ” гэж ажилтнууд нь ярьж байна. Эдийн засгийн ийм гоё үр нөлөөтэй төсөл юм. “Өнө Монгол Гэр” ХХК-ийн нийт борлуулалтын 80 хувь нь манай “ЧИП” төслийн нөлөө гэж захирал нь хэлж байсан. Өнөөдөр “Дэлхийн зөн” зэрэг бусад байгууллагууд “ЧИП” багцыг төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд авч, зорилтот хэрэглэгчдэдээ тарааж байна.

-Төсөл цаашид ч үргэлжилсээр байх уу?

 -Олон зуун жилийн турш монголчуудын амьдарч ирсэн уламжлалт сууц бол монгол гэр. Монгол гэргүйгээр малчин ахуй, соёл, уламжлал, аялал жуулчлалыг төсөөлшгүй. Ялангуяа, аймгийн төв, сумын төв, хөдөөгийн айлууд монгол гэртээ амьдарсаар байх болов уу. Хотын ойролцоох хотхон, зусландаа байшинтай айлууд хүртэл энгийн монгол гэр, хүннү гэр, цомцог гэр гэхчлэн гэрээ барьж суусаар байгаа нь уламжлалт ахуй оршсоор байхын илрэл гэж бодож байна. Хот суурин газраа гэрийг яаж хөгжүүлж, ая тухтай, дулаахан, агаарын солилцоотой, цэвэрхэн, аюулгүй сууц болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй юм билээ. Нийслэлд гэрт амьдарч буй 90 мянган орчим айл байна. Агаарын бохирдлын 50-аас илүү хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэдэг нь үнэн ч зөвхөн тэднийг буруутгаж болохгүй л дээ. Эдгээр айл өрх дэд бүтэцгүй газар амьдарч байна. Гэхдээ орон сууцанд амьдарч байгаа айлууд ч ДЦС-д үйлдвэрлэж байгаа цахилгаан, дулаанаар амьдарч байгаа. Үүнд бас л нүүрс ашиглаж байна. Тэгэхээр орон сууцны айл өрхүүд ч хариуцлагатай, цахилгаан дулаанаа ариг гамтай хэрэглэх нь зүйтэй. Нийслэлд 800 мянга орчим тээврийн хэрэгсэл бий. Машин унаж байгаа хүмүүс ч агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Тиймээс иргэн бүр агаарын бохирдлын эсрэг тэмцэж, утааг багасгахад хувь нэмрээ оруулах нь зөв гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн

Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн

Монгол орны хөрсөнд ургасан алтангагнуур, нарийн навчит цахилдаг, өндөр зоосон цэцэг, тэхийн шээг, саримс зэрэг уламжлалт орц найрлагад үндэслэн, технологийн сайжруулалт хийж бүтсэн гурван төрлийн VITOS | SHOT хэрэглээнд нэвтрээд олон хүний талархлыг хүлээж байна. Бид энэхүү бүтээгдэхүүний “автор”-уудын нэг, Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭШТА, биологийн ухааны доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.

Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Өнгөрсөн долоо хоногт Maison Margiela брэндийн хавар зуны шинэ цуглуулгаа танилцуулсан загварын шоунд монгол модель Б.Мишээл /Millie/ оролцов. Монгол модель дэлхийн загварт дүр төрхөөрөө гялалзлаа.