Энэ сарын 21-нд таалал төгссөн Ромын Хамба лам Франциск тэнгэрт очсон хойноо ч сайн үйл бүтээсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд католик шашинтан төдийгүй дэлхий дахин Хамба ламтай салах ёслол гүйцэтгэсэн. Оршуулгын ёслолд Европын бүх хааны гэр бүлийнхэн, олон улсын төрийн тэргүүд оролцсон юм. Франциск хамба амьд ахуйдаа оршуулгын ёслолоо хэт сүр дуулиангүй, даруухан хийхийг захиж байлаа.

Энэ ёслолын дараа л Франциск хамба ламтны сүүлийн захиаснууд ил тод боллоо. Таалал төгсөхийнхөө өмнөх өдөр буюу Улаан өндөгний баяраар тэр сүсэгтэн олны өмнө гарч, баяр хүргэсэн. Дараа нь эмчдээ талархсанаа илэрхийлсэн байна. Үдэш нь өрөөндөө ганцаараа залбирал үйлдэж өнгөрөөжээ. Хамба лам газар дээрх амьдрал нь дуусаж байгааг сайн ойлгож байжээ. Тиймээс эртнээс бэлтгэсэн байлаа. Дансанд байсан бүх хөрөнгөө тэр насанд хүрээгүй хүмүүжигчдийн хорих газрын харьяа үйлдвэрт шилжүүлсэн байна. Энэ үйлдвэр ипотекийн зээлээ төлж дийлэхгүй, хаагдах аюулд ороод байгааг Хамба лам мэдсэн байлаа. Залуучуудад алдаагаа засаж, амьдралаа дахин шинээр эхлэх боломж олгохыг тэр хүсжээ.
Мөн оршуулгын ёслолоо олон зууны уламжлалаар хийхгүй байхыг захисан байна. Тэр гурван давхар авснаас татгалзаж, хамгийн энгийн модон авсанд оршуулахыг гэрээслэлдээ дурджээ. Франциск Хамба Ватиканаас өөр газар “нойрссон” анхны Ромын Хамба юм.