UBLife Logo
Спорт

Э.ЦОЛМОНБАЯР: Леброн, Месси, ООСКА ахын “бие дотор орж” үзэх сэн

Э.ЦОЛМОНБАЯР: Леброн, Месси, ООСКА ахын “бие дотор орж” үзэх сэн

Урлаг, соёл, улс төр, бизнесийн хүрээний олны танил хүмүүс оролцож, зөвхөн спортын тухай ярьдаг “ЗӨВХӨН СПОРТЫН ТУХАЙ” буланд энэ удаа жүжигчин, продюсер, "ТВ коктейль", "Яг түүн шиг"-ээр овоглогддог Энхбаатарын Цолмонбаяр уригдлаа.

-Багадаа ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж үзээгүй хүүхэд ховор байдаг. Тэр тусмаа эрэгтэй хүүхэд. Ямар спортоор хичээллэж байв гээд шууд асуучихья?

-Тиймээ, ер нь багаасаа спортод, ялангуяа чөлөөт бөхөд их дурладаг байсан. Тэгээд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар ах нарыг шүтдэг байлаа. Манай ээжийн дүү Ганболд гээд самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ-ий медальтай нагац ах маань бөхөд дуртай болоход их нөлөөлсөн дөө.

-Тамирчидтай нилээд найзалж нөхөрлөдөг харагддаг?

-Тиймээ, спортынхныг их ойлгож хүндэлж явдаг. Олон ч тамирчин найз бий. Олимпийн аварга боксын Бадар-Ууган, Сэрдамба, чөлөөтийн гавьяат Наранбаатар, Батзориг, жүдогийн Цагаанаа , сагсны Давхарбаяр, Ихбаяр, Тулга, Одбаяр, үндэсний бөхөөс Санжаадамба аварга, Пүрэвдагва арслан нартайгаа  олон жил найзалж нөхөрлөж байна. Тэгээд боксын Төгсөө, сагсныхан гээд дүү нар олон бий.

-ТВ-ээр үзэх дуртай уралдаан тэмцээн ?

-Үндэсний болон чөлөөт бөхөө их харна. Сагсанбөмбөгийг (НБА) бол шөнө нойроо хасаад ч үзчихнэ шүү. Сагсанбөмбөг бол эхнээсээ дуустал л харилцан оноо авдаг, сонирхолтой төрөл л дөө. Хөлбөмбөгт дуртай ч заримдаа 90 минут тоглоод ганц ч гоол хийдэггүй, волейболд контра гарахгүй бол үзэхэд сагс шиг тийм их сонирхолтой санагддаггүй юм, миний л хувьд шүү дээ.

-Гаднынхнаас хөгжөөн дэмждэг баг, шүтдэг тамирчин бий юу?

-Миний хувьд Леброн Жэймс, Стефен Көрри, Лионель Месси нарыг хүндэлдэг. Тэд бол дэлхийн супер одууд. Гэхдээ надад гаргасан амжилт нь гэхээсээ илүү хувь хүний туулсан замнал, амьдралын хэв маяг, зарчим, зорилго, бэрхшээл саадыг туулж, биеэ авч яваа байдал, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд болон нийгэмд үзүүлж буй нөлөө нь илүү таалагддаг даа. Леброн Жэймсийг би "бор дүү" гэж анх хэлж байсан юм. Одоо миний таньдаг дүү нар бүгд Леброныг " бор дүү" чинь гээд л ярьдаг нь сайхан санагддаг.

-"Яг түүн шиг" болох боломж олдвол ямар тамирчны дүрд орох бол?

-Ёстой сонин, гоё асуулт байна. Олон спортын дүрд нь биш бүүр дотор нь орж үзмээр бодогдож байна. Мэдээж Леброн, Месси, за тэгээд Ооска буюу Пүрэвбаатар, Өндөр аварга Өсөрбаяр, Цэрэнпунцаг гарьд нарын бие дотор түр ч болов орж үзмээр санагдаж байна.

-Спортын томоохон ямар ямар тэмцээн, тоглолтыг яг дэргэдээс нь үзэж байв?

-"Бээжин-2008" Олимпийн наадам болж байсан "Шувууны үүр" хэмээх алдарт цэнгэлдэхэд Аргентин-Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтыг үзэж байсан. Месси, Нэймарыг харж байлаа, " амьдаар нь". Тэр үзэгчид, фэнүүдийн дуу чимээ, Мессиг бөмбөгт хүрэх бүрт баясаж буйг үгээр илэрхийлэхэд хэцүү. Мөн АНУ-ийн Лос Анжелес хотноо сагсанбөмбөгийн "Лэйкерс" багийн тоглолт, "Бор дүү" Леброн Жэймсээ харж байсан. Месси , Леброныг харахад үнэхээр хүндэтгэл төрдөг юм билээ. Гэхдээ үзээд сэтгэл хамгийн их догдолсон, хамгийн их Монгол эх орноороо бахархсан тэмцээн бол Нью Йоркт "Barclays center" ордон "King Tug" Н.Төгсцогт дүүгээ мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийг хүртсэн тэр тулаан даа. Гайхамшигтай гэхээс өөр юу гэх билээ.

-Спортын сэдэвтэй, эсвэл тамирчны амьдралтай холбоотой дүрд тоглох, уран бүтээл хийхийг хүсдэг үү?

-Дүрд бол би тохирохгүй байхаа. Хэд хэдэн спортоор хичээллэх гээд багш нартаа гологдож явсан хүн шүү дээ. Харин спортын тухай уран бүтээл , кино хийх бодол байдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа! Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

-Монголын спортын түүхийг мөнхөлсөн, уншиж өссөн "Таван цагариг" сониныхоо баярын дугаарт уригдсандаа үнэхээр баярлаж, бас бэлгэшээж байна.

Та бүхэнд болон танай уншигчдад баярын мэнд хүргэе!

Ярилцсан Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.