UBLife Logo
Ном

Түүхч Г.Алтансүх: “Монголын нууц товчоо”-г Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин зохиосон

Түүхч Г.Алтансүх: “Монголын нууц товчоо”-г Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин зохиосон

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор Ганбатын Алтансүхтэй ярилцлаа. Тэрбээр Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нийгмийн байгууллын асуудлыг 10 гаруй жил судалж, “XII зууны монголчуудын нийгмийн байгуулал” нэгэн сэдэвт бүтээлээ хэвлэлтээс аваад удаагүй байна. Түүнчлэн “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” (2024) гурвалсан бүтээлийг хэвлүүлснээс гадна Алтан ордны улсын түүхэнд холбогдох “Шибани наме” (2021) сурвалжийг цагадай хэлнээс орчуулсан билээ.

Бид XII зууны Монголын нийгмийн байгуулал, Эзэнт гүрний үеийн монгол хүний нэрийн судалгаа, “Монголын нууц товчоо”-ны зохиогч, цагадай хэлний сурвалж зэрэг сэдвээр түүний судалгааны ажлыг тойрон ярилцлаа.


“Монголын нууц товчоо”-нд зохиомол газар усны нэр, зохиомол хүний нэр нэг ч байхгүй

-“Монголын нууц товчоо”-ны зохиогчийн тухай асуудал өдгөө ч тодорхой бус байна. Тухайлбал, Ш.Гаадамба гуай уг сурвалжийг <<Аргасун хуурч зохиосон>> гэх санал дэвшүүлсэн. Та судлаачийн хувьд уг бүтээлийг хэн зохиосон гэж таамагладаг вэ?

-“Монголын нууц товчоо”-г хэн бичсэн талаар Шихихутуг, Тататунга, Хоргасун, Чингай, Мэнлиг болон ордны олон түүхч, хулгана жилийн гуравдугаар сарын хуралдайд оролцсон ноёдын бүтээл гээд олон санал гарсан байдаг. Гэвч өнөөг хүртэл судлаачид тогтсон нэг саналд хүрээгүй л байна.

Ер нь “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн тухай судалгааг арга зүйгээр нь хоёр хувааж болно. Зарим судлаачид XIII зууны монголчуудын дотор “Монголын нууц товчоо” мэт гайхамшигт зохиолыг бичиж чадах эрдмийн хүн хэн байв гэдгийг эрж хайдаг. Тэгтэл нөгөө хэсэг судлаачид “Монголын нууц товчоо”-ны агуулгаас нь ямар нэгэн сэжүүр олоод тэндээсээ зохиогчийг нь хөөж тодруулах судалгааг хийдэг.

Миний тухайд “Монголын нууц товчоо”-ны зохиогчийг уг сурвалж доторх хэд хэдэн сэжүүрээр хөөн нягталж судалсан. Нэгдүгээрт, “Монголын нууц товчоо”-н дахь түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлж буй “Татарын хороолсон Нарату шүтээнээ буусан нутгийг талахуйд нэгэн өчүүхэн хүүхэд гээснийг бидний цэргүүд нутгаас олжээ” гэсэн өгүүлбэрт хүүрнэгч нэгдүгээр биеийн төлөөний үг ашиглан түүхэн үйл явдлыг тайлбарладаг. Энд дурдагдаж буй “бидний” гэх үг нь зохиогчийг зааж байгаа юм. Ийм өгүүлэмж “Монголын нууц товчоо”-ны 18 зүйлд 22 удаа гардаг.

Хоёрдугаар сэжүүр бол тус зохиолд байгаа ураг төрлийн хэллэгүүд юм. Тэнд Өгэлүн эх, Мэнлиг эцэг, Есүхэй хан эцэг, Цагадай ах, Жүчи ах гэж бичжээ. Ураг төрлийн холбоо хамаарлыг заах энэ ойлголтуудыг зохиогч нэгдүгээр биед шууд хамаатуулан хэрэглэсэн нь бий.

Гуравдугаарт, эл түүхийг хүүрнэн өгүүлж байгаа хүний орон байрыг заах өгүүлэмжүүдийг хөөж нягталсан. Тухайлбал, “Нэгэн өдөр шарга агттан найман морьд гэрийн дэргэд байсныг дээрэмчин ирж харж байтал дээрэмдэж явав. Явган харсаар хоцров. Бэлгүдэй оготор, нявтал хонгорыг унаж тарвагачлахаар явсан бөлгөө. Үдэш нар шингэсний хойно Бэлгүдэй нявтал оготор хонгорт тарвага нугасалзтал ачиж явган хөтөлж ирэв” гэсэн мэдээнд буй “дээрэм ирж”, “дээрэмдэж явав”, “харсаар хоцров”, “хөтөлж ирэв” гэх мэт өгүүлэмжүүд нь зохиогчийн байршлыг зааж өгдөг. Өөрөөр хэлбэл, “Үдэш нар шингэсний хойно Бэлгүтэй оготор хонгорыг явган хөтөлж ирэв” гэх өгүүлэмж зохиогч өөрөө тэнд Бэлгүтэйн ирэхийг хараад байж байсныг илэрхийлдэг.  

Зохиогчийг бидэнд зааж болохуйц энэ мэт нэлээд олон сэжмүүдэд үндэслэн “Монголын нууц товчоо”-ны эхний арван бүлгийн зохиогч нь Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин байх магадлалтай гэх дүгнэлтэд хүрсэн юм.

Чингис хаан 1219 онд Сартуул улс руу аян дайнд мордохынхоо өмнө Их хуралдай зарлаж, дайны асуудлыг хэлэлцэхэд Есүй хатны дурдсанаар Их хааныг хэн залгамжлах тухай асуудал хөндөгджээ. Тэгэхэд Жүчи, Цагадай нарын хооронд ширүүн маргаан болсон. Тэр маргаанаас үүдэн “Монголын нууц товчоо”-г бичих сэдэл, шийдвэр гарсан байх гэж боддог. Чингис хааныг Сартуул улс руу дайлаар мордсон долоон жилд Отчигин Их аурагийг сахиж үлдсэн юм. Өнгөрсөн үйл явдал, түүхийг сайн мэдэх Өгэлүн, Мэнлиг зэрэг ахмадуудаас гадна бичгийн чадвартан Хоргасун, Чингай нарын хүмүүс тэр жилүүдэд Отчигины хажууд байсан юм. Тэгэхээр Отчигин тэргүүтэй уг бичгийн хүмүүс 1219-1227 оны хооронд “Монголын нууц товчоо”-ны эхний арван бүлгийг бичиж дуусгах боломжтой байжээ. Гэхдээ ямартаа ч “Монголын нууц товчоо” бол төрийн албан түүх учраас тодорхой зохиогчтой байх ёстой бөгөөд зохиогч нь түүхэн үйл явдалд биеэр оролцсон хүн гэдэгт эрдэмтэд санал нийлдэг.  

-Академич Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба тэргүүтэй монгол хэлний эрдэмтэд <<”Монголын нууц товчоон” бол уран зохиолын дурсгал>> гэж тодорхойлсон байдаг. Энэ зохиол түүхийн сурвалж болохынхоо хувьд ямар онцлогтой бичигдсэн юм бол?

-“Монголын нууц товчоо”-г бичихэд уран зохиолын арга, хэлбэрийг хэрэглэсэн болохоос хэн нэгний санаанаасаа зохиосон уран зохиолын бүтээл биш шүү дээ. Харин ч Их Монгол улсын хааны ордонд бичиж төгсгөсөн төрийн албан түүх юм. Мэдээж уг зохиолд Чингис хаан, түүний үйл хэрэг, улс төрийн үйл ажиллагааг зөвтгөх, тухайн үеийн монголчуудын улс төрийн үзэл санааг сурталчлан таниулах үзэл санаа нэвт шингэсэн боловч түүхэн үйл явдлын хар, цагааныг эн тэнцүү бичиж чадсанаараа гайхамшигтай.

“Монголын нууц товчоо”-нд 400 гаруй хүний нэр дурддаг. Эдгээр нэрс хятад, перс, араб сурвалжуудад бүгдэд нь адилхан үйл явдлаар, ижил тэмдэглэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-ны өгүүлэмжүүд хятад, перс, араб сурвалжаар батлагддаг. Үүнээс гадна 230 орчим газар усны нэр гардгийн ихэнх нь одоо тэр нэрээрээ байна. Тэгэхээр энэ сурвалжид зохиомол газар усны нэр, зохиомол хүний нэр нэг ч байхгүй гэсэн үг. Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт буй “Сэрүүн хаалганы бичээс” хэмээх жүрчин хэлний дурсгалд Алтан улсын Вангин чинсан, Татаарыг Улз өөд шахаж ирэхэд наанаас нь Тэмүжин, Тоорил хан хоёр очиж хавсран дарсан түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн байдаг. Энэ баримт “Монголын нууц товчоо”-н дахь Улзын голын дайны тухай мэдээ баримт үнэн гэдгийг баталдаг. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-ны мэдээ, агуулга үнэн бодит болох нь археологийн баримтаар, хадны бичээсээр нотлогддог.

-<<Хорхунаг жибур хэмээх газар нь Хамаг Монгол улсын төрийн голомт нутаг байжээ>> гэж та ярьсан байна лээ. Түүнчлэн Тэмүжин, Жамуха нарын анд бололцсон энэ газрыг өдгөөгийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр сумын нутагт хамаарна гэж ярьсан нь сонирхолтой санагдсан?

-Монголын Эзэнт гүрний үед холбогдох түүхэн газар нутгийг тодруулах судалгаа сүүлийн жилүүдэд чамлахааргүй хийгдсэн. Тэдгээр судалгааны үр дүнд “Монголын нууц товчоо”-нд гарч буй 230 орчим газар, усны нэрийн 70-80 хувь нь өөрчлөгдөөгүй урьдынхаараа байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна уг 230 орчим газар, нутгийн 70-80 хувийнх нь өнөөгийн байршлыг судлаачид нэгэнт олж тогтоожээ. Тухайлбал, одоогийн Тэнүүний гол “Монголын нууц товчоо”-н дахь “Тана горхин” мөн, сурвалж дахь “Бүрги эрги” нь өнөөгийн Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт байгаа “Бүрхийн гол” мөн, “Хорхунаг жибур” хэмээх нь одоогийн “Хурхын голын хөндий” мөн гэх мэтээр. “Монголын нууц товчоо”-н дахь мэдээ баримт Хамаг Монгол улсын газар нутгийн төв, голомт хэсэг нь Хорхунаг жибур байсныг заадаг. Ямар ч улс шинэ хаан өргөмжлөх ёслол, их хуралдайгаа нутгийн захад юм уу эсвэл хаа хамаагүй газар хийдэггүй шүү дээ. Жамуха 1180-аад оноос хүчийг олж, хамаг монголчуудын ихэнхийг захирах болсон. Тэр үеэс Жамуха Хорхунаг жибурт ирж суусан нь өөрийгөө Хамаг Монгол улсын эзэн болсныг бүх нийтэд харуулах зорилготой, төрийн голомт нутгийг эзлэн суусан хэрэг байв. Хорхунаг жибурын нэрийг Судрын чуулганд “Хуруху таш жубур” гэж бичээд “Хутула ханы нутаг” гэсэн байдаг. Хурах таш гэдэг нэрийн “таш” гэдэг нь “чулуу” гэсэн түрэг үг. Өөрөөр хэлбэл, “Хурдаг чулууны хөндий” хэмээн нэрлэж байсан газар. Энэ хөндийд байдаг Рашаан хадны дурсгал бол эртний монголчуудын тэр дундаа Гурван голын язгуур монголчуудын тамганы хэдэн зуун дүрсийг сийлж үлдээсэн хосгүй нандин дурсгал байгаа юм. Эртнээс Гурван голын монголчууд Хорхунаг жибурын хөндий буюу өнөөгийн Хурхын голын хөндийд цуглаж, хуралдай хийгээд, хуралдайд ирсэн язгууртнууд “Хурах чулуу”-нд тамгаа сийлдэг байжээ гэж ойлгож болно.

Нүүдэлчдийг харанхуй бүдүүлэг гэх ойлголт хятад төвт үзэл ба европ төвт үзлээс үүсэн гараад улс төрийн тодорхой зорилготойгоор хүчээ авсан

-Таны шинэхэн хэвлүүлсэн “XII зууны монголчуудын нийгмийн байгуулал” ном сонирхол татаж байна. Эртний нүүдэлчдийг зэрлэг бүдүүлэг, иргэншээгүй гэх үзэл, хандлага хаанаас эхлэлтэй вэ?

-Хятад төвт үзлийн үүднээс бол бүр эртнээсээ умардын нүүдэлчдийг бүдүүлэг, өмнөдийн суурин иргэд нь соёлжсон гэх үзэл байсан. Гэхдээ нүүдэлчид бүдүүлэг, суурин соёлт ард түмнүүд иргэншсэн гэх томьёолол түүх-нийгэм, философийн ном зохиолд дурдагдсан нь Ибн Халдунаас эхлэлтэй болов уу. Арабын философич, социологич Ибн Халдун 1373 онд хэвлүүлсэн “Мукаддиме” хэмээх зохиолдоо анх иймэрхүү санааг дурдсан. Тэрбээр уг бүтээлдээ асабэ хэмээх эцгийн талыг баримталсан цусан төрлийн холбоо бүхий нэгдмэл үзэл санаатай нэгдлийн тухай ойлголтыг анх гаргаж тавьсан. Түүнийхээр асабэ нар нүүдэллэн амьдрах бөгөөд эрчимгүй, амиа аргацаасан, анхан шатны хэрэгцээгээ хангах аж ахуйтай. Гэхдээ ямар нэгэн байдлаар хуримтлал үүсгэж суурин амьдралд шилжсэнээр сая тэр нүүдэлчид соёл иргэншилд дэвшин орж төрт улсыг байгуулдаг байна. Ийнхүү Ибн Халдун XIX зуунд боловсруулан гаргаж ирсэн нийгмийн хувьслын онол болон марксист түүх бичлэгийн онол, арга зүйн үндсэн агуулгатай ойролцоо санаануудыг хэлж байжээ.

XIX зууны дунд үед нийгэм, түүхийн судалгаанд томоохон дэвшлүүд гарч, Л.Х.Морган, Х.С.Майне, К.Маркс, Ф.Энгельс нарын судалгааны дүнд хүн төрөлхтний балар эртний цаг үеийн нийгэм, түүхийг тайлбарлах суурь онолууд бүрэлдэж тогтсон юм. Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нийгмийн байгууллыг судлахад хамгийн өргөн ашигласан арга зүйн чиг баримжаа бол нийгмийн хувьслын онол болон марксист онол. Марксист онолын үндсэн зарчим нь “Оршихуйг тодорхойлогч нь ухамсар биш. Харин ухамсрыг тодорхойлогч нь оршихуй мөн” гэсэн материалист гүн ухааны зарчим дээр суурилдаг. Энэ үзлийг К.Маркс 1845 оны хавар бичиж төгсгөсөн “Германы үзэл суртал” зохиолдоо анх дурдсан байдаг. К.Маркстай нэгэн цаг үед Английн эрдэмтэн Х.С.Майне эртний Ромын түүхэн сурвалжууд дахь улс төрийн үзэл санааны үүсэл төлөвшлийг судалж байсан байгаа юм. Гэтэл яг энэ хоёртой зэрэгцэн Америк тивд Л.Х.Морган эртний нийгмийн дотоод зохион байгуулалтыг нээн судлах ажлаа хийж байжээ. Тэрбээр Америк тивийн уугуул иргэдийн нэг болох Ирокуазуудын дунд 30 орчим жил суурин судалгаа хийсний дүнд 1877 онд “Эртний нийгэм” хэмээх алдарт бүтээлээ бичсэн. Энэ бүтээлдээ төрт улс байгуулахын өмнөх нийгмийн тогтолцоог төрлийн холбоонд суурилсан бүтэцтэй гэдэг онолын загварыг танилцуулсан юм. Ийнхүү XIX зууны дунд үед эртний нийгэм судлалд их амжилтууд гарч, Зөвлөлтийнхний хөгжүүлсэн марксист онол болон Өрнөдийнхний хөгжүүлсэн нийгмийн хувьслын онолын суурь тавигдсан. Чухам энэ хоёр онолын хүрээнд нүүдэлчдийн үндсэн аж ахуй болох мал аж ахуй нь хөгждөггүй. Тийм учраас нийгэм нь мөн ураг төрлийн харилцаанд суурилсан “овог аймаг”-ийн байгуулалдаа гацчихсан гэх үзэл түүх бичлэгт гүнзгий суучихжээ. Гэхдээ энэ хоёр онолыг Их Британи, Хаант Орос гэх мэт тухайн үеийн том гүрнүүд өөрсдийн газар нутгийн тэлэлт, колоничлолын бодлогод үзэл суртлын зэвсэг болгон ашигласан юм билээ.

XVIII-XX зууны үеийн хүчирхэг улс орнууд өөр ард түмнийг эрхшээлдээ оруулж колоничлон, ард түмнийх нь эрхийг хасаж, дарангуйлал тогтоосон хүнлэг бус үйлдлийг зүй ёсны төдийгүй хүмүүнлэг үйлдэл байсан мэтээр харагдуулах, тайлбарлахад эдгээр онолыг үзэл суртлын хэрэгсэл болгон ашигласан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө нийгмийн хөгжлийн дээд шатанд байгаа хүчирхэг ард түмнүүд учраас нийгмийн хөгжлийн доод шатанд буй бусад ард түмнүүдийг колоничлох нь жам ёсны зүйл бөгөөд тэднийг соёл дэвшилд хөтлөн оруулж буй буянт үйлс мэтээр зөвтгөн тайлбарлахад өнгөрсөн түүх бичлэг чиглэж байсан. Ингэж л нүүдэлчдийг харанхуй бүдүүлэг гэх ойлголт хятад төвт үзэл ба европ төвт үзлээс үүсэн гараад улс төрийн тодорхой зорилготойгоор хүчээ авсан.

-XII зууны монголчуудын нийгмийн байгуулал таны судалгааны үр дүнд юу болов, овог аймгийн нийгэм байсан нь батлагдаж байна уу?

-Сая би хэлсэн шүү дээ. Оросууд марксист онолыг Дундад Ази дахь колоничлолын бодлогодоо ашигласан гэж. Хамгийн эхэнд дурдах ёстой бүтээл бол Оросын ШУА-ийн гишүүн Б.Я.Владимирцовын 1934 онд хэвлүүлсэн “Монголчуудын нийгмийн байгуулал: Монголын нүүдлийн феодализм” хэмээх бүтээл юм. Энэ зохиолын нэгдүгээр бүлэг “Монголчуудын эрт үеийн (XI-XIII зуун) нийгмийн байгуулал: феодализмын эхлэл” гэсэн гарчигтай. Зохиогч монголчуудын түүхийг XI зуунаас эхлүүлэн авч үзээд 1206 онд байгуулсан Их Монгол улсыг монгол угсаатны тулгар төр гэж тодорхойлсон нь шуудхан хэлэхэд түүх бичлэгийн алдаа юм.

Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан зэрэг монгол нутаг дахь эртний төрт улсуудыг монгол угсаатантай огт хамаагүй мэтээр авч үзсэн. Владимирцов XII зууны монголчуудын нийгмийн байгууллыг судлахдаа марксист онолд тулгуурласан байдаг. Энэ онолоор бол аливаа ард түмний анхны төрт улсаа байгуулахын өмнөх нийгэм нь төрлийн холбоонд суурилсан “овог, аймаг”-ийн бүтэцтэй байх ёстой юм л даа. Тэгэхээр энэ онолын нүдээр XII зууны монголчуудыг харвал Б.Я.Владимирцовт ямар ч эргэлзээгүй цусан төрлийн холбоонд суурилсан “овог, аймаг”-ийн нийгэм болж харагдана шүү дээ. Тиймээс зохиогч “Монголын нууц товчоо” зэрэг анхдагч сурвалжуудаас цусан төрлийн холбоо бүхий хүмүүсийн нийтлэгийг илэрхийлдэг ойлголтыг хайсан бөгөөд үр дүнд нь “овог” гэх төрлийн тогтолцооны ойлголтыг сонгон авч онолын “род” гэх ойлголттойгоо дүйлгэн хэрэглэсэн. Ингэснээр овог бол цусан төрлийн хүмүүсийн нэгдлээс бүрэлдсэн суурь нэгж бөгөөд овгууд нэгдээд аймаг, аймгууд нэгдээд аймгийн холбоо үүсдэг. Эцэст нь аймгийн холбоонуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан гэдэг онолын загвар үүссэн.

Ийнхүү Б.Я.Владимирцов монголчуудын түүхийг XI зуунаас эхлүүлсэн нь монголчуудыг залуу үндэстэн болгосон төдийгүй хүн төрөлхтний хэдэн мянган жилд туулж өнгөрүүлсэн балар эртний бүдүүлэг нийгмийг гурван зуун жилд товчоолон туулж, XIII зууны эхэнд анхны төрт улсаа байгуулан иргэншсэн нийгэмд дэвшин орсон гэх Марксист үзлийн суурийг ч тавьсан юм. Энэ үзэл ерөнхийдөө 1990 оныг хүртэл манай түүх бичлэгт албан ёсны тайлбар шинжтэй явж ирсэн. Харин бид ямар судалгаа хийсэн бэ? гэхээр түүхийн анхдагч сурвалжуудаас XII зууны монголчуудын төрлийн тогтолцоо ба төрийн удирдлагын тогтолцооны ойлголтуудыг ялган авч тус тусад нь нарийвчлан судалж, XII зууны монголчуудын овог, ураг, ясун гэх суурь ойлголтууд дээр тулгуурласан “төрлийн тогтолцоо” ба улс, иргэн, зүүн гар, баруун гар, хүрээ гэх мэт суурь ойлголтуудад тулгуурласан “төрийн удирдлагын тогтолцоо” зэрэгцэн оршиж байсныг нотоллоо. Үүгээрээ бид XII зуунд ураг төрлийн холбоонд суурилсан нийгмийн удирдлагын тогтолцоо байсан гэх хуучин үзлийг үгүйсгэж чадсан гэж бодож байна.

Ерөнхийдөө Б.Я.Владимирцов өөрийн баримталж буй онолын хүрээнд тааруулж овог хэмээх ойлголтыг хэрэглэхдээ тус ойлголтын нийгэм түүхийн утгыг нь хэт томруулсан, зарим ойлголтын утгыг овогт нэмж өгсөн гэж ойлгож болно.

-Таны номондоо дурдаж байгаа “Хоёр гарын тогтолцоо” XII зууны монгол нутаг дахь улсуудын дотоод зохион байгуулалтын үндсэн загвар болж байсан гэж ойлгож болох уу. Таны дэвшүүлсэн саналыг бусад түүхчид хэр хүлээн зөвшөөрч байгаа вэ?

-Тийм. Бид нэгэнт овог XII зууны монголчуудын нийгмийн байгууллын тухай өмнөх тогтсон үзлийг үгүйсгэж байгаа юм бол тэр үеийн нийгэм нь ямар бүтэцтэй байсан бэ? гэдэгт өөрсдийн саналыг дэвшүүлэх ёстой шүү дээ. Бидний үзэж буйгаар XII зууны монгол нутаг дахь Монгол, Хэрэйд, Найман зэрэг улс нь өөрийн газар нутагтай, газар нутгийн хил хязгаар, хамгаалах арга нь нэгэнт төгөлдөржин тогтсон, өөрийн тугтай, туг нь төрийн захирах, захирагдах ёсны бэлгэ тэмдэг болж төгөлдөржсөн, өөрийн харьяат хүн амтай, хүн ард нь эзэн язгууртны харьяалалтай, өөрийн сүлдэр буюу онго шүтээнтэй, “хан” цол хэргэм бүхий эзэн удирдагчтай бие даасан төрт улс байжээ.

Эдгээр улсууд нь нүүдэлчдийн төрийн байгуулалтын эртний уламжлалыг дагаж дотроо зүүн, баруун хоёр гарт хуваагдана. Гар тус бүр дотроо язгууртны хүрээнүүдэд хуваагддаг байсан. Энэхүү хоёр гарын уламжлалт тогтолцоо нь Хүннү гүрнээс эхлээд XVII зуун хүртэл монгол нутагт тогтвортой уламжилж ирсэн төрийн байгууллын суурь бүтэц юм. Ерөөсөө монгол нутаг дахь эртний нүүдэлчид төрийг гэр тэрэгтэй зүйрлэж, төрийн байгууллын уламжлалт тогтолцоогоо тэрэгний хоёр аралтай зүйрлэн хэлэлцдэг, ойлгодог байж. Үүнийг эртний монголчуудын төрийг засах уламжлалт гүн ухааны хураангуй илэрхийлэл гэж ойлгож болно. XII зууны монголчууд тус тусын язгууртны хүрээнд хуваагдан, тус тусын язгууртан эзэндээ харьяалагдан амьдарч байв. Хүрээний үндсэн хүн амын хооронд ямар нэгэн нийтийг хамарсан төрлийн холбоо байхгүй. Өөрөөр хэлбэл, хүрээ цусан төрлийн холбоонд суурилсан бүтэц биш юм. Хүрээ тус бүр хүрээний харьяат иргэн ба захирагч язгууртнаас бүрдэнэ. Тиймээс хүрээ нь язгууртан ноёд өөрийн харьяат иргэнийг засаглан захирахын тулд зохион байгуулсан удирдлагын тогтолцооны нэгж мөн. Тэр үеийн нэгэн язгууртны харьяат иргэд үржиж олон болбол “хүрээ”-нийхээ тоог нэмж байгуулдаг, хоргодсон нь олон бол “хүрээ”-нийхээ тоог хасаж шинээр зохион байгуулдаг байв.

-Тэгвэл XII зууны нийгмийг өнөөгийн бид хэрхэн төсөөлбөл зохилтой вэ?

-Бид XII зууны түүхийг ерөнхий агуулгаар нь арай өөр өнцгөөс харах хэрэгтэй. 1125 онд Хятан гүрэн мөхсөнөөр бүс нутагт тогтсон 200 жилийн түүхтэй хуучин дэг журам эвдэрч байгаа юм. Энэ үйл явдал монгол нутаг дахь нөлөө бүхий язгууртнуудад бие даасан, тусгаар улсуудыг байгуулах боломжийг олгожээ. Мөхөж буй Хятан гүрний ван Елюй Даши 1124 онд монгол нутагт зугтаан ирээд 1130-аад онд баруун тийш нүүж одсон нь Хятан гүрний монгол нутаг дахь засаглал төгсгөл болсныг албан ёсоор зарлан тунхагласан хэрэг байв. Энэ нь Хабул, Маркус тэргүүтэй нөлөө бүхий язгууртнуудад өөрийн бие даасан улсуудыг байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Тиймээс XII зууны монгол нутаг дахь нүүдэлчдийн түүхийг нэг эзэнт гүрэн задран унаснаас дараагийн эзэнт гүрэн байгуулагдаж шинэ дэг журам тогтох хүртэлх нийгэм, улс төрийн их хямралын зуун гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш марксист онол ба нийгмийн хувьслын онолоор нийгмийн хөгжлийн гурав, дөрөвдүгээр шатнаас дараагийн шатанд дэвшин орж буй шилжилтийн үе гэж тайлбарлах боломжгүй байна. “Монголын нууц товчоо”-нд тэр цагийн байдлыг “Одтой тэнгэр орчиж бүлгээ. Олон улс булха бүлгээ. Орондоо үл орон олзлолдон бүлгээ” гэж тодорхойлдог. Энэ бол XII зууны монгол нутагт өрнөсөн шинэ манлайллын төлөөх ширүүн тэмцлийг хэлсэн үг. Энэ тэмцэлд Хамаг Монголын Тэмүжин товойн гарч дараагийн шинэ дэг журмыг тогтоосон шүү дээ.

“Цагадай хэл” бол дундад Азид XV зууны эхнээс ХХ зууны эхэн хүртэл хэрэглэгдсэн албан ёсны утга зохиолын хэл юм

-Цагадай хэлнээс орчуулсан “Шибани наме” бүтээлийн тухайд Монголын түүхэнд юугаараа үнэ цэнтэй сурвалж юм бэ?

-Шибани наме гэдэг нь Шибан ханы түүх гэсэн үг. Чингис хааны ууган хөвүүн Жүчи ханы тавдугаар хөвүүн Шибаны угсаа залгамжлал XV зууны дунд үед хүчирхэгжин гарч ирж, Кипчакийн тал нутаг төдийгүй хуучин Цагадайн улсын бүрэлдэхүүнд байсан Мавреннахрын бүс нутагт өөрсдийн ноёрхлоо тогтоосноор түүхэнд Шибанидын улс гэж нэрлэгддэг улсыг байгуулсан юм. Ер нь Дундад Азид Өзбекстан, Казахстан, Киргизстан тэргүүтэй үндэстэн улсууд байгуулагдах түүхэн нөхцөлийг Жүчи ханы тавдугаар хөвүүн Шибан ханы удам угсааныхны XV-XVI зуунд явуулсан улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа шийдчихсэн гэж хэлж болно. Энэ улсын түүхийн талаар бичсэн анхдагч эх сурвалжууд нь цагадай хэлээр байдаг. Гэтэл манай судалгаанд төдий л ашигладаггүй байсан учир бид энэ сурвалжийг эх хэлнээс нь орчуулан, тайлбар, эрдэм шинжилгээний галиг хийж хэвлүүлсэн юм. Энэ сурвалжийн эрдэм шинжилгээний галиг урьд огт хийгдээгүй, бидний хийсэн галиг анхных гэдгээрээ уг сурвалжийн судалгаанд чухал ач холбогдолтой. Мөн Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн санд хадгалагдаж байсан сурвалжийн уг эхийг анх удаа хэвлэн нийтэлсэн. Алтан ордны улсын задрал, монголчуудын Дундад Ази дахь нөлөөг судлахад нэг чухал сурвалж болно гэж найдаж байгаа.

-Цагадай хэл ер нь ямар хэл вэ. Үүнийг манай уншигч нарт товч тайлбарлаж өгнө үү?

-Дундад Азид монголчуудын засаглал тогтохоос өмнө хорезмын түрэг хэл, кипчакийн түрэг хэл гэсэн үндсэн хоёр салбар аялгуу байжээ. Харин монголчуудын байлдан дагууллын дүнд хорезм болон кипчак түрэг хэлээр яригчдын газар нутаг дээр Цагадайн улс байгуулагдаж тэдгээр салбар аман аялгуунууд ижилсэх нөхцөл бүрэлдсэн байна. Ийнхүү Цагадайн улсын бүрэлдэхүүнд багтсан олон түрэг аймгуудын хэрэглэж байсан түрэг хэлний салбар аялгуунууд ижилсэн нэгдсэнээр Дундад Азид утга зохиолын шинэ хэл үүсэн бий болсныг “цагадай хэл” гэж нэрлэдэг. Дундад Азид XV зууны эхнээс ХХ зууны эхэн хүртэл хэрэглэгдсэн албан ёсны утга зохиолын хэл юм. Өнөөгийн түрэг хэлний аман аялгуунуудаас өзбек хэл ба шинэ уйгар хэлтэй нэлээд ойролцоо. Шибан хан 1511 онд Мавераннахр, Хорезмыг эзлэн авч “Шибанидын улс”-ыг байгуулаад үр хойчдоо зориулан өөрийнхөө ялалтын түүхийг цагадай хэлээр бичиж үлдээх зарлиг гаргасан. Энэ зарлигийн хүрээнд бичигдсэн эхний түүхэн зохиолуудын нэг нь бидний орчуулсан зохиогч нь тодорхойгүй “Шибани наме” юм.

“Монголын нууц товчоо”-н дахь хүний нэрийн дийлэнх ихэнх нь язгуур монгол нэр болох нь батлагддаг

-Та саяхан “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” хэмээх гурвалсан бүтээлийг хэвлүүлсэн. Энэхүү судалгааны ажлынхаа үр дүнгээс хуваалцаач?

-Хүний нэр гэдэг бол тухайн үндэстнийхээ, тухайн цаг үеийн ахуй, соёл, ертөнцийг үзэх үзлийн шууд тусгал нь байдаг. Дундад зууны монгол хүний нэр бол тухайн үеийн монголчуудын ертөнцийг үзэх үзлийн л тусгал нь юм. Энэ талаар судлах болсон маань нэгдүгээрт эрдэм шинжилгээний хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй. Манай судлаачид дундад зууны монгол хүний нэрийн судалгаа руу төдийлөн гүнзгий ороогүй байв.

“Монголын нууц товчоо”-ны эх бичгийн судалгааг хийсэн гадаадын эрдэмтэд оноосон нэрийн судалгаа руу гүнзгий орж чаддаггүй юм. Тэд голдуу хятад хадмал орчуулгад нь тулгуурлаж судалгааны ажлаа гүйцэтгэдэг болохоор “Монголын нууц товчоо”-ны эхэд газар усны нэр, хүний нэр, овог аймгийн нэрүүдэд орчуулга байдаггүй зовлонтой нүүр тулдаг.

Хоёрдугаарт нийгмийн шаардлага байсан. 1990 оноос монголчуудын үндэсний үзэл сэргэж хүүхдэдээ эртний түүхэн нэр өгөх явдал түгээмэл болжээ. Тэгтэл дундад зууны монгол хүний нэрийн дуудлага, бичвэрийг буруу хэрэглэх, утга бэлгэдлийг нь мэдэхгүйн зовлон нийтлэг байна. Тэгхээр дундад зууны монгол хүний нэрийг судалж бичиглэл, дуудлагыг нь зөв журамлах, утга бэлгэдлийг нь судлан  тодруулах хэрэгцээ байсан гэсэн үг.

Бид эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэлийн эмхэтгэлийг нь хэвлэсэн. Мөн өнгөрсөн хугацаанд бичигдсэн “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа”-тай холбогдох чухаг өгүүллүүдийг шигшиж, эмхэтгэж гаргалаа. Гуравдугаарт, “Дундад зууны монгол хүний нэр”-ийг <<язгуур>> болон <<бүтээвэр>> гэсэн хоёр хэсэгт ялган судалж дундад зууны монгол хүний нэрийн утга, бэлгэдлийг тодруулахыг хичээсэн нэгэн сэдэвт зохиолыг бичсэн юм. Эдгээр ажлын үр дүнд дундад зууны монгол хүний нэрийн судалгааг нэг шат ахиулсан байх гэж найддаг. 

-Дундад зууны монгол хүний нэрс дийлэнхдээ хятад, перс, түрэгээс гаралтай гэж эндүүрэх хүн цөөнгүй бий. Энэ талаар лавшруулан судлахад “Монголын нууц товчоо”-н дахь язгуурын монгол нэр хэр жин дардаг вэ?

-“Монголын нууц товчоо”-н дахь 400 гаруй хүний нэрийн дотор гарцаагүй түрэг нэр 20, 30-аад байна. Лингүм, Сэнгүм, Линхуа, Таян гэх мэт хятад гаралтай нэр цөөн бий. Гэвч “Монголын нууц товчоо”-н дотор байгаа хүний нэрийн бараг 80, 90 хувь нь язгуур монгол нэр байгаа юм. Тухайлбал, Есүхэй, Есүй, Есүгэн, Есүдэр, Есүлүн гэхчлэн “Ес” тооны нэрээс бүтээсэн хүний нэр олонтоо тааралдана. Ес бол хамгийн их багтаамжтай тоо учир хамгийн их, хамгийн хүчирхэг, хамгийн сайн, хамгийн хамгийн гэсэн утга илэрхийлдэг. Энэ мэт Тэмүлэн, Тэмүдэр, Тэмүгэ, Тэмүжин гэхчлэн “Тэмү” язгуурын нэр мөн олон тааралдана. “Тэмү” хэмээх нь монгол хэлний “төмөр” гэсэн утгатай үг гэдгийг судлаачид нэгэнтээ тогтоосон. Мөн “Хуту” язгуурын маш олон нэр байна. “Хуту” гэдэг нь түрэг, монгол хэлний дундын язгуур атал “Монголын нууц товчоо”-нд -дай, -ла, -га, -жин, -гур, -и, -дар, -лиг гэх мэт олон бүтээврийг залгаж хүний нэрийг үүсгэж байна. Хэдийгээр язгуур нь монгол, түрэг хэлний дундыг үг боловч бүтээврүүд нь монгол хэлний мах бод учраас Хутуга, Хутула, Хутудай, Хутужин, Хутулуг, Хутуй гэх мэт нэр нь цэвэр монгол нэр болж байгаа юм. Ийм шалгуураар авч үзвэл “Монголын нууц товчоо”-н дахь хүний нэрийн дийлэнх ихэнх нь язгуур монгол нэр болох нь батлагддаг.

“Монголын нууц товчоо”-н дахь бүх хүний нэрийг түрэг хэлний үүднээс тайлбарласан судалгааг 1980-аад онд Унгарын эрдэмтэн Л.Беше хийж байсан бол саяхан уг сурвалж дахь бүх хүний нэрийг казах нэр гэж тайлбарласан ном Казахстанд хэвлэгдсэн байна. Иймэрхүү судалгаанд үндэслээд зарим түүхчид дундад зууны монголчуудын угсаа гарлыг түрэг рүү татах оролдлого хийдэг. Бидний судалгаа үүнд тодорхой хэмжээний няцаалт болсон болов уу.

-Түүхч болоход тань юу нөлөөлсөн бэ?

-Манай аав Дамбажанцангийн Ганбат гээд түүхч, түүхийн багш мэргэжилтэй хүн байдаг. МУИС-ийг 1983 онд суралцаж төгсөөд, нутагтаа очиж гуч гаруй жил багшлаад тэтгэвэртээ суусан. Би Баянхонгор аймагт арван жилээ төгсөөд аавынхаа мэргэжлээр шалгалт өгч, МУБИС-ийн Түүх, аялал жуулчлалын ангид элссэн. Оюутан байхаасаа “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн асуудал, уг сурвалж дахь зарим эргэлзээтэй асуудлыг сонирхож анхны судалгаа, анхны номоо бичиж байв. Ер нь “Монголын нууц товчоо”-нд дурлаж, уг сурвалжийг сонирхон судлах ажлаас л түүхч болох зам руу орсон болов уу.

-Судалгааны ажил тань тодорхой үр дүнд хүрэх үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Ямар ч судалгааны ажил сонирхохоос эхэлдэг. Сонирхсон асуултдаа хариулт хайх байдлаар лавшруулан судлахад өөрийнх нь бодсон, сонирхсон нь бусад эрдэмтдийн бичсэнээс өөр байж таараад түүнийг батлах хэлний болон археологийн, аман түүхийн ч юм уу бусад баримтууд олдоод, ер нь нотлогдохуйц үнэн рүү дөхөөд ирнэ гэдэг бол судлаачийн хувьд хамгийн сайхан мэдрэмж. Түүхчид энэ мэдрэмжээс л урам авч, судалгааны ажилдаа дурладаг байх.

Ярилцсанд баярлалаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сундуй О\18.139.219.152
Маш их сонирхолтой байлаа. Түүх зохиогчдын түрэмгийлэлийг няцаахад таны бүтээл үнэтэй хувь нэмэр болно