Өчигдөр шөнө Улаанбаатарын цагаар 00:00 цагийн орчим Ватиканы Cappella Sistina сүмийн яндангаас цагаан утаа оргилон гарч ирлээ. Энэ бол дээд кардиналууд шинэ буюу 267 дахь Ромын Хамба ламыг сонголоо гэсэн тэмдэг байлаа. Өмнө нь энэ яндангаас Лхагва, Пүрэв гаригт хоёр удаа хар утаа гарч, санал хураалтаар шинэ Хамба тодроогүйг мэдээлж байлаа. Конклавт 133 кардинал оролцож байгаа бөгөөд 60 хувийн саналаар шинэ Хамба тодрох учиртай байлаа.

Католик шашинтнууд төдийгүй дэлхий дахины хүлээж байсан шинэ Ромын Пап ламын нэр цагийн дараа тодорхой болсон. Энэ бол АНУ-ын 69 настай кардинал Роберт Фрэнсис Превост байлаа. Тэрээр Лев XIV нэрийг хүлээн авсан. Лев XIV нь түүхэнд анхны АНУ-д төрсөн Ромын Хамба, 900 жилийн дараах анхны төрөлх хэл нь англи Хамба болж байгаа юм.
Роберт Фрэнсис Превост Чикагод 1955 оны есдүгээр сарын 14-нд төрсөн. 1977 онд Пенсильванд Виллановын их сургуульд математикийн ухааны бакалавр болжээ. Их сургуулиа төгсөөд шашны замыг сонгосон. Перугийн Чиклайод Сүмийн хамбаар ажиллаж байсан түүнийг Ромд ихээхэн анхаардаг болсон байлаа. 2023 онд тэр Ватиканд кардинал болсон.

Лев XIV шашны зүтгэлтнээрээ алдаршсан болохоос улс төрийн зүтгэлтэн, олон нийтийн идэвхтэн биш байлаа. Тийм болохоор түүний үзэл бодлын талаар мэдээлэл хомс. Ямар ч гэсэн шинэчлэлтийн талын санваартан. АНУ-ын Засгийн газрын цагаачдын эсрэг хатуу бодлогыг эсэргүүцдэг, ядуусыг энэрэх бодолтой.