UBLife Logo
Улс төр

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын анхаарал татах эшлэлүүд

Ub.life
Ub.life
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын анхаарал татах эшлэлүүд

Өнөөдрийн гол дүр МАН-аас Ерөнхий сайдад дэвшээд буй Г.Занданшатар. Түүнийг Ерөнхий сайдад томилохыг 84.2% хувийн саналаар дэмжсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Г.Занданшатар ямар Ерөнхий сайд байх тухайгаа, түүний тэргүүлэх Засгийн газар хэрхэн ажиллах талаарх анхны өгүүлбэрүүдээ гишүүдийн асуултад хариулж байхдаа мэдэгдлээ. Түүний өгүүлснээс чухал эшлэлүүдийг түвэрлэж байна.

Г.Занданшатар “амаргүй” гэдэг үгийг хэрэглэхгүйгээр ийн өгүүлэв

-Эдийн засаг хүндрэлтэй байна, элдэв тоо хэлж би иргэдийг шокруулмааргүй байна.

-Хүнд цаг үеийг давж туулах, эвлэж зохицуулах гэж нэр дэвшиж байгаа гэж ойлгож болно. Цаг үеийн байдал хүнд, улс төрийн байдал зөрчилдөөнтэй байгаа ийм үед намын, төрийн нөхөд итгэл хүлээлгэж Ерөнхий сайдад дэвшүүлж байхад ухрах эрх надад байхгүй. Тааламжтай үед урагш гарч, хүнд үед хойш ухрах боломжгүй юм.

Хятадын улс төр, эдийн засгийн архитекторч гэгддэг Дэн Сяопин агсаны үгийг Г.Занданшатар эш татав

-Муур хар, цагаан байх гол биш, хулгана барьдаг байх чухал гэж үг бий. Засгийн газар ямар нэртэй байх нь чухал биш, ард түмний амьдралд тулгараад байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдэхэд, даван туулахад чиглэж ажиллах л чухал.

УИХ-ын дарга байхдаа нөлөө бүхий спикер байснаа сануулав

-Парламентын ардчиллыг бэхжүүлэх ажлыг УИХ-ын дарга байхдаа хийсэн. 2019 болон 2023 онд баталсан ҮХНӨ-ийг амьдралд баталгаатай хэрэгжүүлж амилуулахын тулд нэр дэвшиж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 100.000 иргэдийн санал авсан асуудал УИХ-аар орж хэлэлцэгддэг болгосон. Иргэдийнхээ санаа бодлыг сонсох, хэрэгжүүлэх Зөвлөлдөх Ардчиллыг утгаар нь хууль болгож хэрэгжүүлсэн.

-УИХ-ын гишүүд аливаа асуудлаар Сонсгол хийх хуулийг манлайлан батлуулсан. Ингэснээр УИХ одоогоор Нүүрсний сонсгол, Эмийн сонсгол, Хөгжлийн банкны сонсголуудыг хийж, сонсголын баримтуудаа хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Татварын цогц шинэчлэлийн тухайд хэлсэн нь олны анхаарлыг гойд татаж байна

-Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нийт ард иргэдэд оноож байгаа татварын хувь хэмжээг бууруулж, тансаг хэрэглээний татвар болон хэт өндөр үнэтэй барааны жишээлбэл өндөр үнэтэй архи, тамхины татварыг нэмэгдүүлэх зарчмаар татварын дарамтыг бууруулах агуулгын өөрчлөлтийг ярьж ирсэн.

НӨАТ нь бусад татвартайгаа уялдаж ард иргэдийн төлдөг татварын дарамтыг бууруулж, төр бүсээ чангалан төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх шаардлагатай. Татвар зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал биш юм. Харин нийгмийн дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн бодлогын хөшүүрэг байдаг тул энэ чиглэлийн татварын цогц реформыг хийхийг зорьж ажиллах болно. НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох санал гаргаж, иргэдэд ээлтэй татвар байх санаачилгыг гаргаж байв. Цаашид ч иргэдэд ээлтэй татварын бодлогыг хэрэгжүүлнэ.

Занданшатарын өнөөдрийн афоризм ...

-Эвдрэхдээ бид хуваагдахын хүрд байсан. Эвлэхдээ бид үржүүлэхийн хүрд байх учиртай.

-Чөтгөр детальд нуугддаг учир детальд анхаарах ёстой.

-Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтарна. Эрх ашгийн эсрэг хэний ч өөдөөс сөрнө.

-Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байхын тулд урьдчилж амлалт өгөхгүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.