“АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно” гэж АНУ-ын Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.
Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй ажээ.
Визийн барьцааг ярилцлагаас өмнө урьдчилан төлөхгүй байхыг ЭСЯ-наас онцлон анхааруулж байна. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд буцаан олгохгүй. Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно гэжээ.

Харин үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.
Уулзалтын эхэнд Монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.
