Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар огцорч Г.Занданшатарын бүтэц бүрэлдэхүүн ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт орох гэж байна. Ингэхдээ өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулиудыг яаралтай горимоор хэлэлцэхийг 67.5 хувиар дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх аж.
Засгийн ажлыг хурдан явуулах нэрийдлээр мөн наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд үзэж байна.
Иймд 2014 онд үүсгэн байгуулагдсан залуучуудын олон талт төлөөлөл бүхий 18 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас УИХ-д шаардлага дараах шаардлагыг өчигдөр хүргүүлжээ.
