UBLife Logo
LIFESTYLE

Зөвхөн айлын ТОМ хүүхдүүдийн л ойлгох хэцүү бас гоё 15 зүйл

Зөвхөн айлын ТОМ хүүхдүүдийн л ойлгох хэцүү бас гоё 15 зүйл

Та хэрэв айлын том хүүхэд бол дараах мэдрэмжүүдийг шууд ойлгоно. Бас мэдээж, нэмж дурдах зүйлс байгаа бол бичиж үлдээхээ мартав аа.


1. Хүүхэд насаа ч бүрэн мэдрээгүй байхад “том хүн“ болчихно

Дүү нартаа анхаарал хандуулах, эцэг эхийг ажилтай үед харах, хоол хийх, гэр орны ажил хийх гээд, тоглож өнгөрүүлэх гэхээсээ илүү гэрийн ажилд дарагдаж, данс тооцоо хөтлөн, цагийн хуваарьт баригдах нь илүү.

2. Жинхэнэ “туршилтын туулай” болно

Хүүхдээ хэрхэн өсгөхөө мэдэхгүй, дөнгөж амьдралд хөл тавьсан хоёр хүн хүүхэд гэж ер нь ямар ертөнц байдгийг чам дээр л туршиж, олж нээнэ. Тэгэхээр алдаа оноо их, сургамж авах зүйл ч их. Багад чинь тохиолдсон, эцэг эхдээ бүр тэгсэн гэдэгт нь итгэмээргүй үйл явдлуудын тухай сонсож л байсан биз дээ? Бараг хамтдаа л өсөж том болсон гэхэд буруудахгүй шүү.

3. Үргэлж хамгийн үлгэр дуурайлалтай, хариуцлагатай байхыг шаардана

Дүү чинь нэг л буруу юм хийвэл тэр нь чиний буруу нөлөө болж дуусах нь их. Утас их оролдож байгаа нь, оройтож унтах, ер нь юу л болохгүй байна бүгд өөрийн чинь үзүүлж буй үлгэр дуурайлал болоод таарчихдаг. Тиймээс дандаа л зөв, сайн хүүхэд байх хэрэгтэй болно доо.

4. Өөрийн гэсэн юмнуудаа нуух шаардлагатай болно

Хувийн чинь зүйлээр яаж ийгээд л оролдчих гээд байдаг болохоор юмаа нуух аргад мэргэших шаардлагатай болно. Бас л хэцүү шүү. Яваандаа өөрийн зүйлдээ маш их ариг гамтай, хяналттай болж сурна.

5. Эхэндээ дүү нартаа атаархах мөчүүд цөөнгүй

Гэр бүлийнхээ ганцхан хүүхэд нь байж, хамаг анхаарал хайрыг хүртэх байсан мөч тийм ч удаан үргэлжлээгүй байх нь элбэг шүү дээ. Яваандаа дүүд чинь эцэг эх чинь яаж хандаж байгаад гомдох эсвэл дургүй хүрэх үе гарч ирж болно. Гэхдээ энэ харьцангуй бага.

6. Эцэг эх чинь бусад дүү нараас чинь илүү хатуу чанга шаардлага тавьдаг

Бусдыг нь загнахгүй байж өөрийг чинь л зангаад байх мөч… Бас л…

7. Ер нь бол маш их зарцлагддаг. Харин дүү нартайгаа үлдсэн үед… Байдал өөр шүү.

Дүү нараа жижиг сажиг зүйлд зарж, туслуулах, гэр орны ажил хийлгэх, юм авчруулах, дэлгүүр гүйлгэх ч бас л сайхан шүү.

8. Дүү нар чинь бүх зүйлд дагах гэнэ

Гарах гэнгүүт дагаад ирнэ, юм авхуулангуут бас авна гэнэ. Тэд найз нөхдийг чинь хулгайлах нь ч энүүхэнд гэж мэд. Үнэндээ хамт дагаж явсаар байгаад найз нарын чинь дүү мэт байх мөчүүд бий.

9. Дүү нарынхаа, ер нь хүн бүхний хамгаалагч болно

Итгэж болох нэгэн нь байна гэдэг сайхан мэдрэмж. Аав ээждээ зэмлүүлсэн дүүдээ хань болж тайтгаруулах, дуртай зүйлийг нь авч өгөөд хамт тоглох, нөмөр нөөлөг нь байж чадах тэр мэдрэмж цаанаа л гоё. Бусдыг хамгаалах, анхаарал хандуулах гэдэг чиний цусанд шингэсэн чанар.

10. Амьдралын ухаанд асар эрт суралцана

Наад зах нь гэрийн ажилд гаршиж, хоол унд хийхдээ сайн, гэрээ цэгцтэй авч явахдаа гаргууд болно. Цаашлаад бүр зохион байгуулах чадвар нэмэгдэж, мөнгө санхүүгийн талд ч хянамгай байдаг. Ихэнх тохиолдолд айлын том хүүхдүүд маш хурдан ажилд орж, ар гэртээ тусалж, мөн бие даадаг гэдэг.

11. Өсвөр насан дээр чинь чамайг хэн ч ойлгохгүй

Өсвөр насан дээрээ эморч байхад чинь аав ээж чинь ойлгохгүй, үл ойлголцол зөндөө гарна. Харин дараа нь дүү нарыг чинь энэ насанд ирэхэд тэд чухам ойлгож, хүлээцтэй хандах болно. Учир нь тэд чиний кэйсээс суралцан хөгжиж, хүүхдээ загнах нь буруу гэдгийг мэддэг, илүү дээр эцэг эх болжээ. Яалтай ч билээ дээ. Тавилан юм даа.

12. Ямар нэг юм болоход буруутгагдана. Хэнннн ч чиний талд ордоггүй

Дүүгээ яаж байгаа юм бэ? Дүүгээ ингэж болохгүй. Дүүгийнхээ эвийг ол. Том ах, эгч нь байж жаахан дүүтэйгээ барьцлаа гээд л том нь болж төрсний “зовлон” эхэлнэ дээ. Тэднийг яаж ч болохгүй, хэрэг бишдвэл тэд чамайг томчуудад ховлох нь бүр хэцүү.

13. Гэхдээ ямар ч үед чиний гэр бүл, дүүгээ гэх хайр хамгийн хүчтэй байдаг

Заримдаа уурлаж бухимдан, ам зөрдөг ч эцэстээ тэднийгээ гэх хайр хамгийн гүн байдаг. Бас хол байлаа ч санаа зовох нь элбэг. Тэдний аюулгүй, аз жаргалтай, эв найрамдалтай байдал чиний хувьд хамгийн чухал.

14. Эцэг эхийн итгэлт анд нөхөр болно

Нэг л өдөр дүүгээ загнангаа хамт цай оочлоод, ирээдүйнх нь тухай ярилцаад сууна. Эцэг эх чинь ч чамтай л итгэж зарим зүйлээ ярьдаг болно. Ар гэрт асуудал гарвал итгэж найдах хүн нь чи байдаг.

15. Айлын том хүүхдүүд эцэг эхийнхээ зааснаар явах нь их байдаг

Судалгаагаар мөн тэд ээж аавынхаа үгэнд хамгийн их орж, тэдний ертөнцийг үзэх үзлээр хүмүүждэг гэнэ. Харин дүү нар нь эцэг эхийн заасныг авч хэлцэх нь бага бөгөөд өөрсдийнхөөрөө л амьдралаа залах нь илүүтэй байдаг гэжээ. Тэр утгаараа айлын том хүүхдүүд илүү консерватив үзэлтэй байдаг гэсэн байх юм. Мэдээж аав ээж нар буруу юм заах нь бас ч гэж ховор л байх. Гэвч нэг л тархиа угаалгасан юм шиг сэтгэгдэл төрөөд явчихна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.