Та бүхэн нисэх онгоцны буудал дээр, дамжин суух хүлээлгийн танхимд (терминал) дараагийн нислэгээ хүлээн дээд тал нь хэдэн цаг сууж байсан бэ?
Олон цагаар, тэр бүү хэл хоногоор хүлээх тохиолдол гардаг ч үүнд дуртай хүн бараг л байхгүй биз.

Тэгвэл терминал дотор 18 цаг биш, 18 хоног ч биш, бүүр 18 сар биш, бүхэл бүтэн 18 жил аж төрж, амьдран суусан хүний бодит түүхийг сонирхуулья.
Мехран Нассери хэмээх энэ эр 1977 онд Ираны Шах Мохаммад Резагийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон тул эх орноосоо хөөгдөн гарч Европын олон орноос улс төрийн орогнол хүссэн боловч бүх оролдлого нь амжилтгүй болжээ. Харин 1981 онд тэрээр Бельгид улс төрийн дүрвэгчийн статусыг авсан бөгөөд энэ нь түүнд Европын бусад олон орны аль нэгэнд оршин суух зөвшөөрөл авах боломжийг олгосон юм. Нассеригийн ээж нь Их Британид амьдардаг байсан тул 1986 онд тэрээр Их Британи руу нүүхээр шийджээ.

Мехран Нассери 1988 онд Бельги улсаас Францыг зорьж тэндээсээ Лондон руу нисэхээр төлөвлөж байж. Харамсалтай нь Нассери Парисын галт тэрэгний буудал дээр бүх л бичиг баримт бүхий цүнхээ хулгайд алдсан байна. Гэсэн ч Мехран Нассери онгоцонд сууж чадаж. Харин Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлын хилийн шалган дээрээс Нассериг Парисын Шарль де Голийн нэрэмжит нисэх онгоцны буудал руу буцааж.

Францын эрх баригчид түүнд дахин Франц руу нэвтрэх зөвшөөрөл олгох боломжгүй байв. Нэгэнт Францад ирсэн тул нисэх онгоцны буудлаас ч албадан гаргах боломжгүй болжээ.
Бельгид очиж цагаачлалын шинэ бичиг баримт авахын тулд Мехран өөрийн биеэр байх ёстой. Тэгвэл Бельгийн хуулийн дагуу улс төрийн орогнол өгсөн ч, Бельгийг орхин гарсан дүрвэгчдэд буцаж хилээр орох эрхийг нь цуцалдаг бөгөөд нэг үгээр Нассери хаашаа ч явах, бас гарах, орох боломжгүй болжээ. Ийнхүү түүний терминал буюу хүлээлгийн танхим дахь амьдрал эхэлсэн байна. Бүүр сүүлд, 1995 онд Бельгийн эрх баригчид Нассерид дахин зөвшөөрөл олгосон боловч Мехран Бельгид эргэн очвол нийгмийн ажилтны хяналтан дор амьдрах нөхцөлтэй байсан, тэгээд ч өөрөө Их Британид амьдрах бодолтой байсан тул зөвшөөрөөгүй байна.

Тэрээр эхлээд зорчигчид болон нисэх онгоцны буудлын ажилчдын өгсөн хоол хүнсний зүйлээр амьдардаг байсан бөгөөд хожим түүний тухай нэгэн сэтгүүлч нийтлэл бичиж, ярилцлага авснаар олонд танигджээ.
1998 онд түүний өмгөөлөгч алдагдсан бичиг баримтыг нь нөхөн авч чадсан ч энэ удаа Нассери онгоцны буудлаас гарахаас өөрөө татгалзжээ. Нисэх онгоцны буудалд удаан хугацаагаар амьдарсан нь түүний сэтгэл зүйд ихээхэн нөлөөлж, нисэх онгоцны буудлын гаднах ертөнцийг аюултай хэмээн үздэг болжээ.

Ийнхүү Нассери 1988 оны наймдугаар сараас 2006 оны долдугаар сар хүртэл Шарль де Голийн нисэх онгоцны явах 1 дүгээр терминалд 18 жилийг өнгөрүүлжээ.
Тэрбээр ном уншиж, өдрийн тэмдэглэл хөтөлж, эдийн засгийн чиглэлээр суралцаж, өдөр хоногийг өнгөрүүлдэг байжээ. Терминал дахь Нассеригийн амьдрал 2006 оны долдугаар сард сүрьеэ өвчний халдвар авснаар эмнэлэгт хэвтэх болж дууссан байна.
2007 оны нэгдүгээр сард тэрээр эмнэлгээс гарч, нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудал руу нүүжээ. 2004 онд алдарт кино найруулагч Стивен Спилбергийн "Dreamworks" продакшн Нассеригийн амьдралаас санаа авсан "The Terminal" нэртэй кино бүтээж, түүхийг нь ашигласныхаа төлөө Нассерид 270,000$ өгсөн гэсэн яриа байдаг. Гэхдээ Нассеригийн терминал дахь яг үнэн бодит амьдралаас ихээхэн өөр үйл явдал уг кинондгардаг ажээ.
2007 оноос хойш Нассеригийн сураг тасарсан бөгөөд 2022 оны намар Шарль де Голийн нисэх онгоцны буудалд Нассери гэнэт буцаж ирж, дахин амьдрах болжээ. Мехран Нассери 2022 оны 11 дүгээр сарын 12-нд Терминал 2F-д нас барсан байна.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
P.S. Майами хотын Олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхимд сийрүүлэв. @highlight