Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор зохион байгуулна.
Шоу тоглолтыг төв талбайд долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэхээр төлөвлөжээ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулах юм байна.