Өнөө жилийн Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож, дөрөв давсан 32 бөхийн сорьцыг Германы итгэмжлэгдсэн лабориторид шинжлүүлжээ.
Гурван бөхийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Тэдгээрээс эхний удаад Хэнтий аймгийн арслан Наранболорын Баяржаргалаас допинг илэрснийг зарлалаа.
Түүний хувьд, Улсын наадамд өнгөрсөн жил гурав даваад, өнөө жил дөрөв даваад улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон бөх юм.
Энэ жилийн наадмаар Архангай аймгийн начин Л.Бат-Амгалангаар нэг, улсын харцага Х.Гантулгаар хоёр, улсын арслан Х.Мөнхбаатараар гурав, улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давсан билээ. Орон нутагт ажилладаг Н.Баяржаргал заалны барилдаануудад цөөн удаа зодоглодог.
Түүнчлэн улсын наадмын тавын даваанд шинэхэн гарди Н.Өсөхбаярт тахим буулгасан улсын гарди Б.Гончигдамбын сорьцийг ахин нягталж байгаа гэлээ. Тэрбээр өнөө жил Хөвсгөлийн залуу бөх А.Пүрэвдоржоор нэг, Увсын нэмэх начин Т.Эрхэмбаяраар хоёр, Дорноговийн арслан С.Занданхүүгээр гурав, Өвөрхангайн харьяат цэргийн арслан Б.Өлзийсайханаар дөрөв давсан юм.
Допинг хэрэглэсэн нь эцэслэн тогтоогдсон өөр нэгэн бөхийн хариуг өөрт нь танилцуулж чадаагүй тул нэрийг зарлах бололцоогүй байна.