“Extreme Job” киноны Чхве даргын дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин Сон Ён Гю 4-нд нас баржээ. Тэрээр 55 настай байлаа.
Өчигдөр өглөө 8 цагийн орчим Кёнгидо мужийн Йонъин хотын нэгэн хотхонд машин дотроо амиа алдсан байхыг танил нь олж, цагдаа нарт дуудлага өгсөн байна. Цагдаагийн газраас ямар нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл олоогүй бөгөөд машин дотор гэрээсэл гэх зүйл олдоогүй ажээ. Одоогийн байдлаар цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байна.
Сон Ён Гю зургаадугаар сарын 19-нд согтуугаар машин барьсан хэргээр баригдаж, хэрэг нь прокурорт шилжээд байсан юм. Энэ явдал олон нийтийн сонорт хүрснээр нийгмээс маш их шүүмжлэл хүлээгээд байсан. Жүжигчин мөн “Дурласан Шекспир” жүжгийн дүрээсээ татгалзахаас өөр аргагүй болоод байв. Түүний тоглож байсан хэд хэдэн цуврал киноны найруулагч нар Сон Ён Гю-гийн дүрсийг тасалж, хасна гэдгээ зарласан нь ч сэтгэл санаанд нь хүндээр нөлөөлжээ.

Гэр бүлийнхнийх нь “Сүүлийн үед түүнд маш их асуудал тулгарсан. Киноны урилга их багассан. Сон архи ууж эхэлсэн. Дараа нь согтуугаар машин барьсан хэргээс хойш маш их доромжлолтой тулгарсан” гэжээ:
Эхнэрийнх нь ажиллуулдаг байсан кафе санхүүгийн хүндрэлд орж, алдагдалд орсон. Сон туслах дүрүүдэд л тоглодог болж, гэрээсээ хол оффистоо амьдардаг байсан гэнэ. Тэд 2020 онд хүүхдүүддээ сайн боловсрол олгохын тулд 11 жил амьдарсан байшингаасаа нүүж, бараг хонгил шиг хямд байранд орж байжээ.
Салах ёслол маргааш буюу 6-нд 8 цагаас Йонъин хотын Давос эмнэлэгт болно. Жүжигчнийг Хамбэксан цэцэрлэгт оршуулах юм. Ард нь эхнэр, хоёр охин нь үлдлээ.