UBLife Logo
Нийгэм

Иргэний нийгмийн байгууллагуудын “сайн жишиг“ тогтоож буй хайр татам, онцлох 10 ажил

Иргэний нийгмийн байгууллагуудын “сайн жишиг“ тогтоож буй хайр татам, онцлох 10 ажил

Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагууд нь хүний эрх, жендэрийн тэгш байдал, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн хүртээмж, оролцоо, залуусын манлайлал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зэрэг нийгмийн тулгамдсан олон асуудлаар идэвхтэй ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг тэргүүлэн манлайлж байна. Ашгийн бус, хараат бус эдгээр байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, аяныг олон нийтэд түгээн таниулах, үр дүнг нь бодлого тодорхойлогчдод хүргэх нь маш чухал.

Доорх танилцуулгад багтсан санаачилгууд нь Монголын өнөө цагийн нийгмийн үнэт зүйлсийг бодитоор төлөөлж буй, шинэлэг, үр нөлөө бүхий жишээнүүдийн нэгээхэн хэсэг юм. Эдгээр хөтөлбөрүүд нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гадуурхагдсан болон эмзэг бүлгийн дуу хоолойг бодлого тодорхойлох түвшинд хүргэж, илүү тэгш, хүн төвтэй нийгмийг хамтдаа бүтээхэд чухал хувь нэмэр оруулж байна.

1. “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2024 онд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдэлжүүлэх стратеги”-ийн хүрээнд гишүүн, дэмжигч байгууллагууд болох "PRINCESS" center, Хөөрхөн Зүрх ТББ, Эмэгтэйчүүд Амьдрал Төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ хамтран “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж эхэлжээ. 24 цагийн турш, нэг ч зогсохгүй үргэлжилдэг “Ажил“ бол мэдээж ээж байх. Харин “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр нь ээжүүд харилцан туршлагаа хуваалцах, ярилцах, бие биенээсээ суралцах, нэгнийгээ дэмжих, хөгжих, заримдаа ээжүүд зүгээр амсхийх орон зайг бий болгохыг зорьж байгаа юм. Олон байгууллагууд хамтран ийм үр бүтээлтэй, хайр татам хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй нь үнэхээр сайхан жишиг болж чадсан юм.

2. WWW.UIH.MN

Тус сайт нь төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус талбар юм. Уг төслийг "Цогц Хөгжлийн Үндэсний Төв" хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус сайтаас УИХ-ын гишүүд болоод, ирцийн мэдээлэл, батлагдсан хуулиуд, хэлэлцэж буй хуулийн төслүүд, өргөн барьсан, боловсруулж буй хуулийн төслүүд, олон төрлийн судалгаа, фактчек, мэдээ нийтлэлүүд зэрэг олон төрлийн мэдээллийг авах боломжтой.

3. “Амлая“ аян

“Амлая” аян нь бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйд сургах, зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. “Амлая” аяныг Европын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Хөөрхөн Зүрх ТББ-аас хамтран 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мэргэжилтнүүдийн зөвлөгөө, уран бүтээлчдийн хамтарсан нөлөөллийн бүтээлүүд, мэдлэг мэдээлэл түгээсэн пост, сторинууд нь үнэхээр хайр татам бас хүргэж буй арга барилын хувьд ч өөр байсан нь хамгийн таатай, шинэлэг тал нь байсан юм.

Энэ жил бид Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Хүүхдийг цахим орчинд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхээ, хамгаалахаа АМЛАЯ аянаа эхлүүлжээ.

4. “Бие даан амьдрах хөтөлбөр”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь зөвхөн халамж, асрамжид төвлөрсөн биш, харин хүний эрхэд суурилсан, хувь хүний чадамжийг хүндэлсэн, нийгмийн дэмжлэгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх алхам болж байгаа юм. Тус хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох эрхийг тэлж, хөдөлмөр, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг үндсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бодлогын түвшинд илүү тодорхой, хүчтэй сонсогдуулах нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байна. Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв “Түгээмэл Хөгжил“ ТББ-аас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.

5. Тэгш эрх, бахархлын төлөөх дуу хоолой

ЛГБТ Төв нийгэмд тэгш эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, ЛГБТИК+ иргэдийн дуу хоолойг бодитойгоор хүргэх зорилго бүхий олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар иржээ. Жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИК+ иргэдийн эрх, оролцоог олон нийтэд таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн соёлын арга хэмжээ, уралдаан, үзэсгэлэн, уулзалт хэлэлцүүлгүүдийг багтаасан томоохон үйл ажиллагаа болдог.

Мөн тус төвөөс “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ олон улсын кино наадам-ыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2024 оноос олон улсын түвшинд өргөжсөн юм. Энэхүү наадам нь хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжааны талаарх ойлголтыг урлаг, уран сайхны аргаар илүү гүн гүнзгий хүргэж, Монгол болон дэлхийн ЛГБТИК+ кино бүтээгчдэд үзэл бодлоо илэрхийлэх, үзэгчдэд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх талбар болдог. Одоогоор 2025 оны кино наадамд оролцох бүтээлүүдийг бүртгэж байгаа бөгөөд шалгарсан бүтээлүүдийг 2025 оны 8-р сарын 22-ны өдөр олон нийтэд зарлахаар төлөвлөжээ.

6. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эмэгтэйчүүдийн улстөрд, тэр дундаа Улсын Их Хуралд төлөөлөх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын чухал ахицууд гарсаар байна. 2023 онд Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намуудын эмэгтэй нэр дэвшигчдийн доод хэмжээг 30 хувь байхаар заасан нь жендэрийн тэгш оролцоог дэмжих чухал алхам болсон юм. Энэхүү бодлогын өөрчлөлт нь зөвхөн хууль тогтоогчдын санаачилга бус, харин иргэний нийгмийн идэвхтэй оролцоо, олон жилийн тэмцлийн үр дүн байсан билээ. Эмэгтэйчүүдийн манлайлал сүлжээнээс сонгуульд нэр дэвших эмэгтэй гишүүдийн квотыг 40 хувь болгохыг шаардан, хэвлэлийн бага хурал зарлаж байв. 1992 онд Монгол Улсын Их Хуралд гурван эмэгтэй гишүүн байсан бол өнөөдөр энэ тоо 32 болов. 2021 онд “МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ” болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ хамтран эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлж, улс төр дэх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээг байгуулж байсан билээ.

7. Алхам 2.0

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Оюутны карьер хөгжлийн төвтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

2022 онд хэрэгжүүлсэн “Алхам 1.0” кампанит ажлын үеэр залууст ажилд ороход нь түгээмэл тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах буюу CV бэлтгэх, албан ёсны харилцаа өрнүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн зохих журмуудыг таниулахын зэрэгцээ анхны ажлын амт, хөдөлмөр бүхэн үнэ цэнтэй зэрэг мэргэжилтнүүдийн түүхийг хүргэж байв.

Харин энэ удаад бид эдгээр агуулгаас гадна Карьер хөгжлийн төвөөр дамжуулан эдгээр ур чадварыг хэрхэн олж авах төдийгүй ажил олгогчид, их, дээд сургуулиудыг хамарсан олон талт цуврал мэдээллийг танд хамгийн сонирхолтой байдлаар хүргэж байгаа юм.

8. Боловсролын төлөө чанга дуугарцгаая!

“Бүх нийт боловсролын төлөө!” (БНБТ) Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Монгол Улсад боловсролын хүртээмж, чанар, тэгш байдлыг хангах зорилготой олон төрлийн иргэний нийгмийн байгууллага, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, залуус, хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн хамтын нэгдэл юм. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийг 2010 онд 13 ТББ хамтран үүсгэн байгуулсан. “Боловсролын төлөө чанга дуугарцгаая!” гэх уриан дор эвсэл нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг олон нийтэд таниулах, бодлого тодорхойлогчдыг уриалж, тэгш, чанартай боловсролыг хүн бүрт хүртээмжтэй болгохыг зорьж ажиллаж иржээ.

9. Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” нь Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ аргачлал, дижитал шийдэл, хамтын сэтгүүл зүй, залуу үеийн оролцоог дэмжих зорилго бүхий ашгийн бус, хараат бус байгууллага юм.

Nest Center нь мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдээлэлтэй оролцоо, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлэл түгээх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж иржээ. Тус төв нь залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг нь шинэ түвшинд хүргэх, мөн нутгийн түвшний дуу хоолойг илүү өргөн хүрээнд хүргэхэд онцгой анхаарч ажилладаг.

Өнгөрөгч зургаадугаар сард Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв 5 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн “Плюма” төслөө олон нийтэд танилцуулсан юм. Плюма платформ нь нэг талаас бие даасан, хараат бус сэтгүүлчдэд бүтээлээ туурвих, нийтийн мэдэх эрхийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдээ нийтлэх чөлөөт платформ болох зорилготой. Нөгөө талаас хүн ам цөөтэй боловч мэдээллийн ялгаатай хэрэгцээтэй нийгмийн олон бүлгийн хэрэгцээг хангах, олон ургалч хэвлэл мэдээллийн орчныг дэмжих ач холбогдолтой платформ юм. Сэтгүүлчид аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, хараат бус, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох, мэргэжлийн онлайн сургалтуудад хамрагдах шинэ боломжийг санал болгож байгаа аж.

10. “YKP LEAD”

YouthLEAD бол Ази, Номхон далайн бүс нутгийн залуучуудын сүлжээ бөгөөд эрүүл мэнд, эрх, манлайлал, оролцоог дэмжих зорилготой. Энэ сүлжээ нь ХДХВ-ийн вирус тээгч залуус, ЛГБТИК+ залуус, хөгжлийн бэрхшээлтэй болон гадуурхагдсан бүлгийн залуусын эрх, оролцоог бодитоор хангахад чиглэсэн бодлогын дуу хоолой, нөлөөллийн талбар юм.

YouthLEAD нь Монголд салбартайгаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран төслүүд хэрэгжүүлж, залуусын манлайллыг дэмжих чухал үүрэг гүйцэтгэж байна. “YKP LEAD” ХДХВ-ын залуу манлайллын хөтөлбөр нь ХДХВ-ын залуу зорилтот бүлгүүдийг чадавхжуулах, ХДХВ/ДОХ болон эрүүл мэндийн салбар, хүний эрхэд суурилсан хандлага, бэлгийн цогц боловсрол гэх мэтчилэн мэдлэг, мэдээлллийг олгох зорилготой хөтөлбөр юм. Манлайллын чадавхууд, нөлөөллийн арга хэлбэрүүд, хүний эрх болон эрүүл мэндэд хамааралтай бодлого шийдвэрүүд, сэтгэл зүйн чадамж, бусадтай харилцах гэх мэт олон төрлийн ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдаж, ихээхэн сайн үр дагавруудыг авчирдаг тус хөтөлбөрийг энд онцлох нь зүйтэй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.