Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон өнөөдөр 50 нас хүрлээ. Тэрээр 1975 оны наймдугаар сарын 7-нд ӨАБНУ-ын Бенони хотод төрсөн.
Түүний бага нас аз жаргалгүй өнгөрсөн. Байнга шарлаж, өвчин туссаар урд талын бүх шүд нь унаж, 10 настайдаа л бүтэн шүдтэй болжээ. Шарлиз 15 нас хүрэхэд ээж нь архичин аавыг нь буудан хороосон юм. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзэн, хорих ял өгсөнгүй. Терон 13 настайгаасаа сургуулийн дотуур байранд амьдарсан. 16 настайдаа харин моделийн гэрээ байгуулж, ээжээ дагуулан эхлээд Европ, дараа нь АНУ явсан юм. АНУ-д ирээд балетын сургуульд орлоо.
1994 онд ээж нь түүнд Лос-Анжелес орох нэг талын тасалбар авч өглөө. Терон эхлээд хямд буудалд амьдарч, хагас өлсгөлөн байдалтай байв. Банканд нэг удаа хэрүүл хийж байгаад Холливудын агент Жон Кросбигийн нүдэнд өртжээ. Жон түүнийг жүжигчний сургуульд оруулсан юм. 1995 онд тэр анхныхаа кинонд тоглож байв.
The Devil’s Advocate кинонд Аль Пачино, Киану Ривз нартай тоглож, анх үзэгчдийн танил болсон.

Mighty Joe Young кинонд Шарлиз Терон асар том Жо хэмээх сармагчныг халамжлан, хамгаалдаг залуу эмэгтэйн дүрд тоглосон.


2003 оны Monster кино түүнд Шилдэг эмэгтэй жүжигчний Оскар, Алтан бөмбөрцөг шагнал авчирсан.




2015 онд Mad Max: Fury Road кинонд тэр Фүриосагийн дүрд тоглосон. Зураг авалт маш хүнд хэцүү байсан тул Терон энэ дүрээсээ гарч чадахгүй маш удаан байсан гэнэ. Зураг авалт 2001 онд эхлэх ёстой байсан ч есдүгээр сарын 11-ний аллага, дараа нь Иракийн дайн саад болсон. Энэ хооронд гол баатарт тоглох ёстой байсан Мэл Гибсон хөгширч орхисон. Найруулагч Жорж Миллер 2011 онд л зураг авалтаа эхлүүлсэн юм. Ингэж явсаар кино 2015 онд гарч, тэр жилийнхээ шилдэг киногоор шалгарсан билээ.



