UBLife Logo
Спорт

“СП Фалконс” багийнхан Азийн Челленж лигт Тайванийн “Тайчунг Футуро”-г хожлоо

“СП Фалконс” багийнхан Азийн Челленж лигт Тайванийн “Тайчунг Футуро”-г хожлоо

Азийн Челленж лигийн тэмцээний шинэ улирлын тэгшитгэлийн тоглолтууд 8-р сарын 12-ний өдөр явагдаж байна.

Энэ нь нэр хүнд, шагналын цараагаар Азидаа гуравдугаарт эрэмбэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм.

Челленж лигт хүч сорьж буй Монголын Дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга “СП Фалконс”, Тайванийн “Тайчунг Футуро” клубтэй оноолт таарч, тоглолоо.

Уг тоглолт Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдсан юм.

“СП Фалконс” багаас Узбекистан довтлогч Риза Айвазов 6 дахь минутад гоолын салхийг хагалсан ч, 60 дахь минутад Тайваньчууд тоглолтыг тэнцүүлэв.

Гэлээ ч Риза Айвазов үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө ахин гоолдож, шүүгчийн сунгасан цагт А.Содмөнх сөрөг довтолгоогоор мөн гоолдсоноор талбайн эзэд 3:1-ээр хожлоо.

“СП Фалконс” багийнхан энэ тоглолтод хожсоноор Азийн Челленж лигийн хэсгийн шатанд дэвшин орсон төдийгүй 100 мянган долларын шагналыг гардав.

“Тайчунг Футуро” багийнхан 2023-24 оны улиралд “AFC Cup” тэмцээний хэсгийн шатнаа Монголын “ФС Улаанбаатар” багтай учраа тааран тоглоход эхний тоглолтодоо 2:0-ээр хожиж, хариу тоглолтод 2:1-ээр хожигдож байсан.

Сонирхуулахад, Орхоны Мөнх-Оргил өнөөдөр “СП Фалконс”-ийн эсрэг шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтодоо оролцлоо.

Уг тэмцээнд өрсөлдөж буй Монголын Дээд лигийн дэд аварга “Хангарьд” 8-р сарын 12-ны өдөр 19:30 цагаас мөн Тайванийн "Тайнан Сити" клубтэй хүч сорихоор зэхэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.