UBLife Logo
Newsfeed

ХҮН ШИГ АМЬДАРСАН ХҮН БУЮУ БРЭНДОН ГРИМШОУГИЙН ГАЙХАМШИГТ ТҮҮХ

ХҮН ШИГ АМЬДАРСАН ХҮН БУЮУ БРЭНДОН ГРИМШОУГИЙН ГАЙХАМШИГТ ТҮҮХ

1962 онд Их Британийн иргэн Брэндон Гримшоу Сейшелийн арлууд дахь хүн амгүй, ургамал амьтан бараг үгүй, үржил шимгүй Moyenne хэмээх 9,9 га буюу 24 акр талбайтай жижигхэн арлыг 10 гаруй мянган доллараар худалдаж авчээ.Сэтгүүлч мэргэжилтэй, нэгэн сонины эрхлэгчээр ажиллаж байсан Брэндон орчин үеийн томоохон хот, офисын тухлаг сандал, дажгүй цалин, давгүй албан тушаалаа үүрд орхин, "газрын мухар"( хөлгүй далайн хаа нэгтээ гэвэл илүү зохимжтой байх тээ? Aрал дээрx ганцаардмал боловч нам гүн амьдрал, унаган зэрлэг байгаль дундах мөнхийн амьдралаар солихдоо 40 нас ч хүрээгүй байжээ.Сайн дураараа орчин үеийн Робинзон Крузо болсон Брэндон Даниэл Дефогийн алдарт зохиолын гол баатрын адилаар уйгагүй хөдөлмөрлөж эхэлжээ. Мөн удалгүй ойролцоох нэгэн арлын загасчны хүү Рене Лафортинг өргөн авч, хамтдаа олон жилийн турш эзэнгүй, орхигдож, мартагдсан жижигхэн арлаа амьд диваажин болгон хувиргахаар зорьжээ.39 жилийн хугацаанд тэд арал дээрээ 16000 мод тарьж, бараг 5 км зам харгуй гаргаж,100 гаруй аварга яст мэлхийг (Aldabra giant tortoise) нутагшуулсан нь эндемик (өөр хаана ч байдаггүй) энэ төрөл зүйлийг мөхлийн ирмэгээс аврахад ихээхэн ач тустай хэрэг болжээ.Мөн 2000 гаруй шинэ шувууны төрөл зүйл ширэнгэн ойтой болсон арал дээр айлчлан ирж, нэгэн цагт үржил шимгүй байсан арлыг Сейшелийн арлуудын зэрлэг ан амьтад, ой модоор баян диваажингийн нэг болгожээ.

2007 онд Рене нас барж, Брэндон арал дээрээ ганцаараа үлджээ. Тэр жил Саудын Арабын ханхүү түүнд арлын төлөө 50 сая доллар санал болгосон ч Брэндон хормын төдий ч эргэлзэлгүйгээр татгалзав."Би энэ арлыг хэн нэг баяны өмч, тэдний тоглоомын талбай болгохыг хүсэхгүй байна. Муайен арал бол хүссэн хүн бүр зочилж, зугаалж, байгалийн сайхныг биширч болох үндэсний цэцэрлэгт хүрээлэн байх ёстой" гэж тэрбээр хэлжээ.2008 онд түүний хүсэл мөрөөдөл биелж, Сейшелийн арлуудын төр засгаас Муайен арлыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн ( Moyenne national park) хэмээн албан ёсоор зарлав. Дэлхийн хамгийн жижигхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж бичигдэх болжээ, тус арал.Брэндон амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл арал дээрээ амьдарч байгаад 2012 онд 87 насандаа өөрийн гараар бүтээсэн диваажиндаа мөнхөд нойрсчээ.Хүн төрөлхтөн бид "Байгаль ээж" хэмээн ярьдаг ч Брэндон шиг "Ээжийнхээ ачийг" хариулж, бүхэл бүтэн арлыг ургамал амьтан, жигүүртнээр дүүрэн диваажин болгосон нь тийм ч олон биш байхаа.Баярлалаа, Эрхэм Брэндон!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.