UBLife Logo
Lifestyle

Бусад орны хичээлийн шинэ жил хэзээ эхэлдэг вэ?

Бусад орны хичээлийн шинэ жил хэзээ эхэлдэг вэ?

Жил бүр манай улсын хувьд уламжлал болгон есдүгээр сарын 1-ний өдрийг эрдмийн баяр болгон тэмдэглэдэг. Харин бусад улсуудын хувьд ямар байдаг бол? Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан ub.life нь үүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хуваалцъя. 

Ингээд дэлхийн зарим улс орнуудад хичээлийн шинэ жил хэзээ, ямар уламжлалаар эхэлдгийг сонирхоцгооё.

Европ, Хойд Америк: Ихэнх оронд хичээлийн жил есдүгээр сарын эхээр эхэлдэг. Жишээ нь, ОХУ-д албан ёсоор “Эрдмийн баяр” буюу “Knowledge Day” нэртэйгээр 9 сарын 1-ний өдөр манайхтай ижил тэмдэглэдэг уламжлалтай. Мөн сурагчид багшдаа цэцэг барин очдог нь “эрдэмд хүндэтгэл” үзүүлж буйн илрэл ажээ. Ингэснээр тухайн жилдээ сайн сурч, эрдэм мэдлэг ихийг хураахыг бэлгэддэг байна.

Izba Arts "Knowledge day" уран зураг

Зүүн Ази: Япон улсад хичээлийн жил дөрөвдүгээр сард эхэлдэг нь сакура цэцэглэх улиралтай давхацдаг. Япончууд сакура дэлгэрэх шиг, бүх зүйл шинээр эхлэх бэлгэдэл болгон тухайн өдрийг тэмдэглэдэг байна. Мөн Япончууд хаврын улирлыг хамгийн романтик улирал гэж үздэг. 

SHIMOYOSHIDA,JAPAN - April 15,2014: Photo by varandah

Харин Өмнөд Солонгосын хувьд гуравдугаар сарын 1-ний өдөр хичээл эхэлж, эцэг, эхчүүд нь сайн сурахыг ерөөн жижиг гарын бэлэг худалдан авч өгдөг байна.

Дэлхийн өмнөд хагсад: Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк зэрэг орнуудын хувьд улирлын онцлогоос шалтгаалан нэгдүгээр сарын сүүл эсвэл хоёрдугаар сарын эхээр хичээл эхэлдэг. 

Шинэ Зеландад зарим Маори гэр бүл хүүхдээ сургуульд ороход karakia (ерөөл залбирал) уншиж, сайн суралцаж, мэдлэг хуримтлуулахыг бэлгэддэг бол төгсөхөд нь haka (баярын магтаал) үйлдэх уламжлалтай.

Өмнөд Африкийн хувьд дүрэмт хувцсаа тухайн өдөр заавал өмссөн байхыг шаарддаг бөгөөд үүгээрээ сахилга батыг сургадаг хэмээн итгэдэг ажээ.

Өмнөд Америк: Бразил хичээлийн шинэ жил ихэвчлэн хоёрдугаар сарын эхээр, Карнавалын баярын дараа эхэлдэг. 

Чилид хичээлийн жил гуравдугаар сарын эхээр эхэлдэг. Зарим сургуулиуд эхний өдөр нь acto cívico буюу сургуулийн нийт сурагчдыг цуглуулсан ёслол хийж эх орноо магтан дуулах уламжлалтай.

Өмнөд Ази: Энэтхэг улсын хувьд хичээлийн шинэ жил нь нэгэн жигд биш, бүс нутаг бүрийн цаг уур, уламжлалаас шалтгаалж өөр өөр цагт (бусад улсуудын талаар мэдэхийг хүсвэл энд дараарай) эхэлдэг. Ихэнх мужид зургаадугаар сард, борооны улирлын өмнө эхэлдэг бол зарим газар гурав, дөрөвдүгээр сард ч хичээлдээ ордог. Уламжлалын хувьд эцэг эхчүүд хүүхдээ шинэ дүрэмт хувцас, шинэ ном дэвтэртэй сургуульд оруулж, “vighnaharta” буюу саад тотгорыг зайлуулагч Ганеша бурханд залбирч, сайн сурахыг хүсдэг ажээ.

Ковер зургийг: Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.